ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар өчигдөр (2021.05.19) Исландын нийслэл Рейкьявик хотноо Арктикийн зөвлөлийн сайд нарын хурлын үеэр анх удаа биечлэн уулзлаа. Уулзалтын саналыг Энтони Блинкен тавьсан бөгөөд тэдний уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн байна.
Сергей Лавров "Хамгийн чухал зүйл бол бид дипломат боломжоо ашиглахыг хичээх явдал юм. Таныг яг ийм хандлага харуулж байгаад талархаж байна" хэмээгээд, хоёр улсын харилцааг цэгцлэх шийдэл олохыг уриалжээ.
Мөн олон улсын байдал, асуудлуудыг шийдвэрлэх тал дээр Москва, Вашингтон ноцтой санал зөрж байгааг онцлоод, Орос улс бүх асуудлыг шударга, баримттай, харилцан хүндэтгэсэн зарчмаар хэлэлцэхэд бэлэн байгааг мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай Хойд Солонгосын нөхцөл байдал, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны талаар ярилцах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Харин Энтони Блинкен хэдийгээр санал зөрөлдөөнтэй байгаа ч АНУ, ОХУ олон чиглэлээр ажиллах боломжтой бөгөөд хоёр улсын удирдагчид хамтран ажиллавал дэлхий ертөнц аюулгүй болно гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр цааш нь “Хэрэв АНУ болон түүний холбоотнуудын эсрэг ОХУ түрэмгий үйл ажиллагаа явуулбал Вашингтон асуудлыг хурцатгах, зөрчил мөргөлдөөн хайх зорилгогүйгээр хариу арга хэмжээ авна” гэж анхааруулжээ. Үүнээс гадна Орос, Украины хил дээрх нөхцөл байдалд Вашингтон түгшиж байгаа талаар мэдэгдсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ