Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн Лхагва гариг (2021.05.19)-т Монголын татварын албанд холбогдох, "Оюутолгой" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн байна.
Монголын татварын албанаас "Оюутолгой" ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны нэгдүгээр сард 25 төрлийн зөрчилд 377,1 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан.
"Оюу толгой" ХХК нийт 25 зөрчлөөс долоог нь эс зөвшөөрч, гомдол гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн гомдлыг хянан хэлэлцээд, актыг хуульд нийцсэн гэж дүгнэж, Монголын татварын албаны талд шийдвэр гаргажээ. Тодруулбал, Оюутолгой ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, зарим төрлийн зөрчлийг хүлээн зөвшөөрч, тухайн зөрчилд холбогдох торгууль, алдангийг “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөлд хамруулах тухай” хуулийн үйлчлэлд хамааруулах хүсэлт гаргасан байна.
"Оюутолгой" ХХК-д 2020 онд хийгдсэн хяналт шалгалтаар ногдуулсан 649,4 тэрбум төгрөг болон дээрхи актад холбогдох 377,1 тэрбум төгрөг, нийт 1 их наяд төгрөгийг 2020 оны нэгдүгээр улиралд төлж барагдуулсныг Засгийн газар Covid-19-ийн үед иргэдийн орлогыг дэмжих зорилгоор бүх иргэдэд тараасан билээ. Ийнхүү 2018 оны татварын актад хамаарах анхан шатны шүүх хурлын шийдвэр татварын албаны талд гарснаар 377, 1 тэрбум төгрөг төсвийн орлого хэвээр үлдэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ