2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-нд буюу Даваа гаригт эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нарын гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр тодроод буй.
Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу сонгуулийн саналын хуудсаа хэвлэж эхэлсэн бөгөөд санал авах өдрөөс гурав хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх зохицуулалттай юм байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулхада “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Энхбат гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон бөгөөд тэдний зураг бүхий саналын хуудсыг хэвлэж эхэлсэн. Саналын хуудсыг хуулийн дагуу хэвлэж дуусаад, санал авахаас гурав хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Саналын хуудас нь нэр дэвшигчийг дэвшүүлсэн нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн зураг байх бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг баримталж жагсаана. Өөрөөр хэлбэл, саналын хуудас дээрх нэр дэвшигчдийн тэмдэглэгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат гэсэн дараалалтай байна гэсэн үг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль: 54 дүгээр зүйл.Саналын хуудас:
- 54.1.Саналын хуудас сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна
- 54.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой
- 54.1.2.сонгогч саналаа тэмдэглэх тухай заавар агуулсан.
- 54.2.Саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих ба нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичнэ.
- 54.3.Саналын хуудас нэр дэвшигчийн зурагтай байна.
- 54.4.Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд бичихдээ нэр дэвшүүлсэн намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, намууд хамтарч нэр дэвшүүлсэн бол Улсын дээд шүүхэд эхэлж бүртгүүлсэн намын дарааллыг баримтална.
- 54.5.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.
- 55 дугаар зүйл.Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хамгаалах, хадгалах
- 55.1.Сонгуулийн ерөнхий хороо улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн баталж, үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй, тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр баталж, хэвлүүлнэ.
- 55.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
- 55.3.Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага, төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд тагнуулын байгууллага хяналт тавьж ажиллана.
- 55.4.Саналын хуудас нь санал авах өдөр хүртэл, санал авч эхэлснээс хойш санал тоолж дуусах хүртэл, санал авах ажиллагаа дууссанаас хойш холбогдох журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад байна.
- 55.5.Санал хураалт дууссаны дараа саналын хуудсанд агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэх бөгөөд битүүмжлэлийг задлахгүйгээр сонгуулийн бусад баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн архивт хадгална.
- 55.6.Архивт хадгалсан саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан нээж болно.
- 55.7.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталж, мөрдүүлнэ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ