Токиогийн олимп яагаад цуцлагдахгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токиогийн олимп яагаад цуцлагдахгүй вэ?

Токиогийн олимп яагаад цуцлагдахгүй вэ?

Токио-2020 зуны олимп эхлэхэд хоёр сар гаруй хугацаа үлдсэн энэ үед япончуудын олимпийн эсрэг хөдөлгөөн эрчээ авч байна. Өнгөрсөн Даваа гаригт "Asahi Shimbum" сонин иргэдийнхээ дунд олимпийн талаар судалгаа явуулахад судалгаанд оролцсон иргэдийн 80 гаруй хувь нь олимпийг эсэргүүцжээ. Энэхүү судалгаанд оролцогчдын 43 хувь нь олимпийн наадмыг цуцлахыг дэмжсэн бол 40 хувь нь дахин хойшлуулах хүсэлтэй байна.

Өнгөрсөн сарын судалгаагаар оролцогчдын 35 хувь нь олимпийг цуцлах хүсэлтэй байсан бол 34 хувь нь хойшлуулахыг дэмжиж байжээ. Энэ удаагийн судалгаанд оролцсон иргэдийн ердөө 14 хувь нь Токиогийн олимп хуваарийнхаа дагуу зохион байгуулагдах нь зөв гэж үзсэн бол өнгөрсөн сарын судалгаанд оролцсон иргэдийн 28 хувь нь дэмжиж байв. Өөрөөр хэлбэл, олимпийн наадам дөхөх тусам эсэргүүцэх иргэдийн тоо өсч байна. Олимпийн наадам яагаад цуцлагдахгүй вэ?

ЯМАР ТОХИОЛДОЛД ОЛИМПИЙН НААДАМ ЦУЦЛАГДАХ ВЭ?

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон зохион байгуулагч Токио хот хоёрын хооронд байгуулсан гэрээ их энгийн, шулуухан. Энэхүү гэрээнд зааснаар олимпийн наадмыг цуцлахыг зохион байгуулагч хот бус ОУОХ шийднэ. Саяхан олон улсын спортын хуульч Александр Мигуэль BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Олимпийн наадам нь ОУОХ-ны онцгой өмч учир тэдэнд л гэрээг цуцлах эрх бий” хэмээжээ.

ОУОХ-ноос Токиогийн олимпийг цуцлах ганц л шалтгаан. Тодруулбал, цар тахал нь тамирчдын эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж, тэдний аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан тохиолдолд наадмыг цуцлах нөхцөл бүрдэнэ. Тэрнээс биш Япон улсад дайн байлдаан, нийгмийн эмх замбараагүй байдал үүсээгүй тул наадмыг цуцлах өөр шалтгаан үгүй.

Олимпийн Хартид зааснаар “ОУОХ нь тамирчдын эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлгүй аюулгүй наадмыг дэлхий дахинд сурталчлан таниулах ёстой” гэсэн байдаг аж. Гэхдээ одоогийн ОУОХ-ны нөхцөл байдал, гаргаж буй шийдвэр, мэдэгдлүүдийг харахад олимпийн наадмыг цуцлах төлөвлөгөөгүй байна.

Мельбурны их сургуулийн профессор Жек Андерсоны ярьснаар “Хэрэв Япон болон ОУОХ-ны байгуулсан гэрээнд зохион байгуулагч хот нь олимпийн наадмыг цуцлах эрхтэй гэж заасан бол энэхүү шийдвэрээс гарах бүхий л эрсдэл, хохирлыг Японы олимпийн хороо үүрэх ёстой. Магадгүй гэрээ байгуулах үеэрээ цар тахал, эсвэл ямар нэгэн аюул дагуулсан үйл явдал болно гэж урьдчилан таамаглаад цуцлах талаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байж болно л доо. Гэхдээ хэн цар тахал болно гэж бодох вэ дээ. Олимп бол дэлхий дээрх хамгийн том спортын арга хэмжээ. Япон улс болон ОУОХ олон тэрбумын телевизийн шууд дамжуулалтын гэрээ байгуулсан нь мэдээж. Хэрэв олимпийг цуцалвал ард нь асар том хүлээх хариуцлага үүснэ” гэжээ.

Мөн тэрбээр ОУОХ, Японы олимпийн хороо, дэлхийн томоохон телевизүүд ч даатгалтай гэдгийг санууллаа. Тэрбээр “Хэрэв олимпийн наадам цуцлагдвал спортын түүхэн дэх хамгийн том даатгалын гэрээний нөхөн олговор олгогдох байх. Энэ тал дээр маргаад байх зүйлгүй” гэв.

Эндээс хамгийн их хохирол амсах нь Японы дотоодын ресторан, зочид буудлууд гэх мэт үйлчилгээний байгууллагууд. Хилийн чинадаас олимпийн наадмыг үзэх гэж хэдэн сая хүн ирнэ хэмээн тооцоолж, засвар үйлчилгээ, шинэчлэлд маш их хөрөнгө зарсан ч Япон улс гаднаас үзэгчид хүлээн авахгүйгээ зарлачихсан нь харамсалтай.

ЯПОНЫ ЭРХ БАРИГЧИД ЭСЭРГҮҮЦЛИЙГ ҮЛ ТООЖ БАЙНА

"Токио-2020" олимп сүүлийн хоёр жилийн хугацаанд их зүйл үзэж туулж байна. Эхлээд нэг жилээр цуцлагдсан бол одоо галт бамбарын буухиа нь цар тахлын улмаас удаа дараа саатаж байна. Мөн хилийн чинадаас үзэгч авахгүй гэдгээ мэдэгдэж, олимпийн наадам үзэгчгүй явах болоод байна.

Тамирчид ч эхнээсээ байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Олимп гэдэг бол тамирчдын хувьд замналынх нь хамгийн оргил тэмцээн байх учиртай. Япон гаралтай, талбайн теннисний од Наоми Осака олимпийн наадgм болно гэдэгт эргэлзэж байна. Тэрбээр “Мэдээж хэрэг, би олимпийн наадам болоосой гэж хүсч байна. Гэхдээ одоогоор маш чухал асуудлууд яригдаж байна. Миний бодлоор олимпийн наадам зохион байгуулах нь хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй хэрэг. Тэгэхээр сайн хэлэлцэх хэрэгтэй л дээ. Би бол ердөө л нэг тамирчин. Эх оронд минь цар тахал нүүрлэж байна” хэмээжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөнгөн атлетикийн шигшээ баг Япон улсад очиж, олимпийн өмнөх бэлтгэлээ хийх байсан боловч Япон дахь нөхцөл байдлын учраас чадаагүй. Саяхан Японы парламентын нэгэн гишүүний хэлснээр, тус улсын Засгийн газар одоогийн нөхцөл байдалд тааруулсан хамгийн зөв шийдвэр гаргана гэжээ. Олимпийн наадмын тамирчдад зориулан эмнэлгүүдэд ор бэлдэх асуудлыг Японы парламент хэлэлцсэн ч дэмжигдээгүй байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар, удахгүй Япон улс олимпийн наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах талаар хэлэлцэх аж.

Өнгөрсөн долоо хоногт Японы эмч нарын зөвлөлөөс Засгийн газартаа хандан цар тахлын энэ хүнд хэцүү үед олимпийн наадам зохион байгуулах боломжгүйг мэдэгджээ. Ямартай ч сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Япон улсад олимпийн наадмыг цуцлах, хойшлуулах яриа газар авсан. Харин тус улсын эрх баригчид "Олимпийн наадам хуваарийн дагуу зохион байгуулагдана" гэж удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Зохион байгуулагчдын зүгээс олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд тусгай журам гаргаж, хилийн чинадаас ирэх тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүст өндөр шаардлага тавьж байгаа аж.

МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ЗҮЙЛ БИЙ

"Токио-2020" олимпийн наадмыг зохион байгуулах өртөг хэдийнэ 26 тэрбум ам.доллар давсаныг "Businessinsider" сайт онцолж байна. Тус сайтын судалгаагаар Токиогийн олимпийг нэг жилээр хойшлуулахад Япон улс нэмж 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан аж. Япон улс анх 2020 оны олимпийг 7.3 тэрбум ам.долларын өртөгтэй зохион байгуулна гэж байв. Гэвч хэдийнэ тооцоолсон зардлаас нь илүү их мөнгө урсчээ. Гэхдээ энэ нь асуудал биш. Дээр дурдсанчлан "Токио-2020" олимп даатгалд хамрагдсан.

Юу юунаас илүү Япон улс цар тахлын үед олимпийн наадам зохион байгуулахыг хүсч байгаа. Тус улсын эрх баригчид “Олимпийн наадам нь хүн төрөлхтөн цар тахлыг ялсны баяр байх болно” гэж мэдэгдсэн. Мөн ирэх 2022 онд Бээжинд өвлийн олимп явагдана. Тэгэхээр энд мэдээж бүс нутгийн далд өрсөлдөөн явагдаж байгаа юм.

Хамгийн сүүлд 1964 онд Япон улсад зуны олимп зохион байгуулагдаж байлаа. Тухайн үед тус олимп нь дэлхийн хоёрдугаар дайны дараах Япон улсын сэргээн босголт, өөрчлөлт шинэчлэлтийн чухал бэлгэ тэмдэг болж байв. Энэ талаар профессор Андерсон ярихдаа “Японы эдийн засаг нэг хэсэг зогсонги байдалд байсан. Цүнами, Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол гээд өнгөрсөн хугацаанд үлэмж хохирол амссан. Тиймээс энэ удаагийн олимп Япон улсын өөрчлөлт, шинэчлэлтийн бэлгэ тэмдэг байх болно. Тэр ч утгаараа Япон улс галт бамбарын буухиагаа Фүкүшимагаас эхлүүлсэн шүү дээ. Тус улсын түүхэн дэх үнэхээр чухал үйл явдал” гэж ярив.

ОУОХ ч "Токио-2020" олимпийг цуцлах, хойшлуулах талаар хуралдахгүйгээ мэдэгдсэн. Тэгэхээр ирэх долдугаар сарын 23-ны өдөр Токио хотод зуны XXXII олимпийн наадам нээлтээ хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж