Алс холын АНУ-аас монгол өв соёлоо дэлхий нийтэд таниулах, тэр дундаа хүүхэд, залууст монгол соёл, урлагаа сурталчилж яваа эгч, дүү гурвын үндэсний урлагийн “Уухай” хамтлагийн ахлагч хуучир, морин хуур хөгжимчин Б.Ану-Үжинтэй ярилцлаа.
-Үндэсний урлаг гэдэг арвин сан хөмрөг, баялаг түүхтэй. Хүүхдүүдээс бүрдсэн язгуур урлагийн хамтлаг гэхээр сонин санагдаж байна. Хамтлаг хэрхэн үүссэнээс яриагаа эхэлье?
-Юуны өмнө бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. "Уухай" хамтлаг 2020 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод үүсгэн байгуулагдсан. Бид 2016-2019 он хүртэл Монгол Улсын гавьяат багш Б.Энхтуяатай Монголын хүүхдийн ордны "Ардын хөгжмийн аялгуу" хамтлагийн сурагчид байсан. 2019 оны есдүгээр сард АНУ-д ирснийхээ дараа сурсан зүйлээ үргэлжлүүлэн давтаж илүү сайжрах, мөн багш нар, гэр бүлийнхэн, найзуудтайгаа уран бүтээлээ хуваалцах зорилготой “Уухай” хамтлагийн Youtube болон Facebook пэйж хуудас нээсэн. Тэрхүү хуудастаа өөрсдийнхөө бэлтгэл хийж, хөгжим давтаж байгаа үеийнхээ багахан хэмжээний видеог оруулж эхэлсэн.
-Дэлхийн олон оронд монгол соёлоо түгээж буй хамтлагуудаас “Уухай” хамтлаг юугаараа ялгарч байгаа вэ? Хамтлагийнхаа гишүүдээ танилцуулахгүй юу?
-Манай хамтлаг эгч, дүү гурвын хамтлаг. Намайг Б.Ану-Үжин гэдэг. Одоо 12 настай дунд сургуулийн долдугаар ангид сурдаг. Харин хоёр ихэр дүү Б.Тэмүүлэн, Б.Тэмүүжин нар маань 10 настай, бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид. Манай хамтлагийн онцлог гэвэл мэдээж бид дундрашгүй, арвин баялагтай монгол өв соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх, дэлхийн олон орны үеийн найзууддаа нүүдэлчин өв соёлоо танилцуулахыг хүсдэг.
-Олон орны фестивалиудад амжилттай оролцсон гэж дуулсан. Ямар ямар уралдаанд оролцож, ямар амжилт гаргав?
-Бид 2020 онд олон фестивальд оролцохоор төлөвлөсөн байсан. Тухайлбал, Олимптой адил дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг “Дэлхийн хүүхдийн фестиваль”-д Монголоо төлөөлж оролцох төлөвлөгөөтэй байсан. Цар тахлын улмаас хойшлогдоод, энэ жил зохион байгуулагдахаар болсон. Мөн өнгөрсөн сард Сиатл хотод онлайнаар зохион байгуулагдсан “Олон улсын хүүхдийн нөхөрлөлийн фестиваль”-д видеогоо явуулж амжилттай оролцсон.
-Covid-19-ийн энэ үед хичээл сургууль, урлагийн ажлаа хэрхэн зохицуулж байна вэ. Та гурав цагийн төлөвлөгөө хэрхэн гаргадаг вэ?
-Манай хотод Covid-19-ийн улмаас өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн хичээл цахим хэлбэрт шилжсэн. Намраас хойш мөн онлайнаар хичээллээд, энэ оны гуравдугаар сараас сургуульдаа очиж хичээллэж эхэлсэн. Сургуулиа их санасан байсан шүү. Ялангуяа манай хоёр дүү сургууль дээрээ очиж тоглодог болохоор бөөн баяр болсон.
Бид өглөө хичээлдээ явж ирээд, даалгавраа хийж амжуулаад, 16.00 цагт бүгдээрээ гарч нэг цаг орчим дугуй тогтмол унадаг. Өвлийн улиралд манай хот бороотой бүрхэг байдаг учраас гадаа гарч дасгал хөдөлгөөн хийх их чухал. Салхилж орж ирээд, 17.00 цагаас хойш хөгжмөө давтдаг.
Бид Монголд байгаа багш нараасаа онлайнаар хөгжмийн хичээл, сургалт авдаг болохоор Монгол Улсад өглөө болох үе буюу бидний цагаар 18.00-19.00 цагт хөгжмийн хичээлдээ цахимаар суралцдаг. Мөн бид хамгийн оройтлоо гэхэд 22.00 цаг гэхэд заавал унтсан байх ёстой гэсэн дүрэмтэй. Ингэснээр төлөвлөгөөний дагуу хичээл, сургалтдаа сууж, чөлөөт цагаа ч үр бүтээлтэй өнгөрүүлдэг.
-Хамтлагийн уран бүтээлийг олон нийтэд хүргэхэд багийн оролцоо чухал шүү дээ. Та бүхний арын албыг ямар хүмүүс хариуцаж ажилладаг вэ?
-Хамгийн түрүүнд багш нараа танилцуулах нь зүйтэй байх. Бидний анхны багш маань "Монголын хүүхдийн ордны" хэмээн нэрлэгдсэн “Ардын хөгжмийн аялгуу” хамтлагийн Б.Энхтуяа багш. Багш маань хамтлагийнхаа бүх үндэсний хөгжмөө заадаг. Би хуучир хөгжим, хоёр дүү маань морин хуур, ёочин хөгжим заалгасан. Хүүхдийн ордонд гурван жил сурахдаа багшаасаа, хамтлагийн ах, эгч нараасаа зөндөө зүйл сурсан. Мөн миний хувьд “Аялгуу хамтлаг”-ийн ах, эгч нартайгаа хамт Япон болон ОХУ-д тоглолтоор явж, фестивальд оролцож байсан. Дараагийн хүн бол бидний язгуур урлагийн багш, “Түмэн эх чуулга”-ын О.Зориг багш маань. Биднийг язгуур урлагийн “Өв Тээгч” болоорой гэж үргэлж дэмжиж, өөрийнхөө чаддаг бүхнээ зааж сургадаг. Зоригоо багш маань бидэнд цуур, товшуур, аман хуур, хулсан хуур, мөн хөгжим зохиохыг зааж өгдөг. Бид хамтдаа монгол ардын дуунд найруулга хийх, мөн өөрсдийнхөө зохиосон дуун дээр ажиллах гээд өдрийг их завгүй өнгөрүүлдэг. Саяхнаас хөөмий заалгаж эхэлсэн. Хөөмийн багш маань Л.Лхамрагчаа гээд Монголын нэртэй хөөмийчдийн нэг. Мөн Тэмүүлэн дүү маань Б.Мягмарсүрэн багшаар лимбэ заалгаж байна. Удахгүй битүү амьсгаа сураад, тоглолтдоо оруулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Нэгэнт гадаадад байдаг үндэсний хамтлаг болохоор өөрсдөө олон зүйл чаддаг байх хэрэгтэй. Бидний хөгжмийн видеог ээж маань хийж, аав маань биднийг бүх талаар дэмжиж, урам өгдөг маш сайн ар тал. Гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Язгуур урлагт дурлаж хамтлаг байгуулах болсон шалтгаан юунд байв?
-Бид АНУ-ын Миннесота мужид төрсөн. Биднийг зургаа болон дөрвөн настай байхад аав, ээж маань монгол хэл, өв соёл бүх зүйлийг сургахаар Монгол Улсад очиж таван жил амьдарсан. Бид Монголынхоо бүх зүйлд дуртай. Одоо хамгийн их санадаг зүйлс маань айраг, аарц, борц, аргалын үнэр гээд олон зүйл бий. Монголд байхдаа бид аль болох хөдөө байх дуртай байсан.
Үндэсний язгуур урлаг бол эртнээс уламжилж ирсэн өв учраас бүгд л ямар нэгэн байдлаар хүнийг сайн сайхан байлгахад зориулагдсан байдаг. Жишээ нь, хөөмий хүнийг зөв амьсгалуулж сургана. Хөөмий сурахын тулд 32 цагаан лонх тоолох хэрэгтэй, түргэн хэллэг хэлэх хэрэгтэй гээд бидний өв соёлд дэлхийн бүх хүмүүсийн хайгаад байдаг зүйлс шингэсэн байдаг. Түүнээс гадна бид монгол аав, ээжтэй монгол хүүхдүүд учраас өөрсдөө бас соёл, уламжлал, амьдралын хэв маяг, ахуй байдлаа мэддэг байх хэрэгтэй.
Монгол хэлээрээ яруу тод ярьдаг, үндэсний урлаг соёлоо мэддэг монгол хүн байх нь чухал. Тэгэхгүй бол АНУ-д байгаа бусад ази хүмүүсээс ялгарахгүй болчихно шүү дээ. Хамтлагийнхаа хөгжмийн зэмсэг, хувцас хэрэглэлээ Монголоос бэлддэг. Бид анх Монголоос онгоцонд суухдаа нэг хүний хоёр хөгжимтэй сууж байсан.
-Шинэ цомог гаргах төлөвлөгөө бий юу?
-Бид багш нартайгаа ярилцаад, өөрсдийн болон монгол ардын зохиолууд найруулж тоглодог. Цомог гаргах бодолтой байгаа. Мөн өөрсдийнхөө хэмжээнд бяцхан баримтат кинонууд хийхээр төлөвлөж байна.
-Та бүхний хувьд юунаас хамгийн их урам зориг, эрч хүч авдаг вэ. Цаашдын зорилгоо хэрхэн тодорхoйлж байна вэ?
-Биднийг монгол үндэсний хөгжмөө тоглоход хүмүүс маш их баярлаж хүлээж авдаг. Монгол хөг аялгуу, хөгжим, хөгжмийн зэмсэг дэлхийн ямар ч хүний зүрх сэтгэлд хүрэх тийм их хүч чадалтай гэдэгт итгэдэг. Өөрсдөө хөгжмөө зүрх сэтгэлээсээ тоглож байж сонсож байгаа хүний зүрх сэтгэлд хүрнэ гэж багш нар маань байнга захидаг. Бидэнд хийхээр төлөвлөсөн ажлууд их бий. Дэлхийн олон орны хүүхдүүдтэй хамтарч хөгжмийн видео хийх, дэлхийд дуурсагдах нэртэй хамтлаг болохыг зорьж байна. Бид тоглолтоос олсон орлогоосоо монгол хүүхдүүдэд зориулан сайн үйлийн аян зохион байгуулдаг. Үүнийгээ ч үргэлжлүүлэн хийх том зорилготой.
Холбоотой мэдээ