Сурвалжлага: Монголд махны үнэ тэнгэрт хадаж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Монголд махны үнэ тэнгэрт хадаж байна

Сурвалжлага: Монголд махны үнэ тэнгэрт хадаж байна

Түм түжигнэж, бум бужигнадаг "Хүчит шонхор" захад махны нийлүүлэлт, үнэ тогтвортой байгаа эсэхийг сурвалжлахаар өчигдөр (2021.05.19) үдийн 15.00 цагийн үед тус захыг зорилоо. Үйлчлүүлэгч цөөтэй, лангууны дэргэдүүр өнгөрөх бүрт “Мах дуусах гэж байгаа учраас хямдруулаад өгнө шүү” хэмээн уриалгахан дуудах худалдагч олон таарав.

Энд хонины цул мах нэг килограмм (кг) нь 11500, хонины ястай мах 11000, үхрийн ястай мах 13000, үхрийн цул мах 14000, адууны ястай мах 13000 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Тухайн өдрийн өглөө ченжүүд махаа хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалж худалдаалах үнэд өөрчлөлт ордог аж. Гэвч махны үнэ өссөнөөр орлогогүй  иргэдийг бухимдуулж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал хэвээр үргэлжилсээр. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй. Худалдагчид махны үнэ буухгүй байгааг махны нийлүүлэлт бага байгаатай холбон тайлбарлаж байсан юм.

Ерөнхийдөө хоёр сарын өмнө 10450 төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өнөөдрийн байдлаар  11500 төгрөгт хүрээд байна. Бүр задалж үзвэл, долоо хоног бүр махны үнэ  төрлөөсөө хамаарч 100-125 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм.

Хотын төвийн зах, худалдааны төвүүд "Хүчит шонхор" захад зарагдаж байгаа махны үнэ дээр 500-2000 төгрөг нэмж зардаг байна.

ЗАРИМ ИРГЭД МАХАА ГРАММЛУУЛЖ АВЧ БАЙНА

Үхрийн махны худалдагчийн хэлснээр “Малчид махаа үнэтэй зардаг болчихож. Ченжүүд махны үнээ буулгахад дагаад махны үнэ ч бас буурна. Гэтэл тийм зүйл алга. Хөл хорионы улмаас махны нийлүүлэлт багасч, ихэнх лангуунууд зоорины мах зарж байна. Тиймдээ ч нойтон мах илүү үнэтэй зарагдана. Үхрийн шинэ мах 11500-12000 төгрөгөөр зарагдаж байгаа бол зоорины мах 10000 төгрөгөөр зарагдаж байна.

Цар тахал дэгдэхээс өмнө ченжүүдээс 8500-9000 төгрөгөөр авдаг байсан. Харин одоо үхрийн нойтон махны бөөний үнэ 12000 төгрөгөөс буурахгүй байна. Өнөөдөр 140 кг махтай байснаас 70-80 кг-ыг нь зарсан. Ерөнхийдөө иргэдийн худалдан авах чадвар маш муудсан. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж буухаар нэг оволзоод, маргаашаас нь хүнгүй хоосон болох жишээний. Өмнө нь цаг сайхан байхад өдөрт 10 кг мах авдаг хүн байлаа. Одоо 1-2 кг-аар нь л авч байна. Зарим тохиолдолд хэцүү амьдралтай хүмүүс махаа граммлуулж   авч байна” гэлээ.

ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН НЭЭГДСЭНЭЭР МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ИХЭСЧ, ҮНЭ НЬ БУУРНА

Хонины махны худалдагчийн хэлснээр “Хонины цул мах нэг кг нь 11500, ястай нь 10000, хонины ястай шинэ мах 12500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Өнөөдөр 300 кг мах борлуулах гээд үзээд л сууна. Одоогийн байдлаар 10 кг мах л зарлаа. Иргэд хөл хорионы улмаас олон сар гэртээ суусан учраас худалдан авалт муу байх шиг байна. Хүмүүс хамгийн багадаа 1 кг ба түүнээс дээш 5 кг мах авч байна. Харин байнгын хамтран ажилладаг хоолны газрын хүмүүс өчигдөр ирж мах авсан. Ерөнхийдөө 15-аас дээш кг мах авдаг. Хэрэв ашиг харж зарвал нэг кг мах тутам 1000 төгрөг нэмж зарахаар байгаа юм. Гэвч худалдан авагчаа алдахгүйн тулд ченжүүдээс авсан үнээр нь шахуу зарж байна.

Хүмүүсийн худалдан авах чадвар жилээс, жилд муудаж байна. Би 20 жилийн өмнө 1 кг махыг 1800 төгрөгөөр зардаг байлаа. Тэр үед иргэд махыг их хэмжээгээр авдаг, шуудайд хийгээд үүрээд явдаг байсан. Одоо 1 кг махаа жижиг торонд хийгээд л явж байна.

Хөл хорионы үед байнгын худалдан авагчдаас маань “Хоногийн хоолны махгүй байна, зээлээр өгч болох уу” гээд ирж байсан удаатай. Би зээлээр өгч л байсан. Түүнээс таньж мэдэхгүй хүнд өгөхгүй шүү дээ. Ерөнхийдөө хөл хорио суларч, орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдсэнээр махны нийлүүлэлт ихэсч, үнэ нь буурна” гэж онцлов.

ҮХРИЙН ЯСТАЙ МАХНЫ ҮНЭ БУУРЧ, АДУУНЫ ЯСТАЙ МАХНЫ ҮНЭ ӨСӨВ 

Нийслэлийн статистикийн газар зургаан дүүрэгт байрлах 17 хүнсний зах, худалдааны төвд өчигдөр хийсэн судалгаанд дурдсанаар “Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 56 төгрөгөөр буурсан. Хонины цул нэг кг мах дунджаар 12250 төгрөг байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 56 төгрөгөөр буурсан бол үхрийн цул махны үнэ 22 төгрөгөөр өссөн. Адууны ястай махны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 750 төгрөгөөр өссөн. Ерөнхийдөө зах худалдааны төвүүдэд дунджаар хонины цул мах 12133, үхрийн ястай мах 13533, үхрийн цул мах 15589, адууны ястай мах 13533 төгрөгөөр зарагдаж байна” гэжээ.

Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог учраас махны үнийг бууруулахын тулд нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Хэдийгээр сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос эхлэн нөөцийн махыг хүнсний 405 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн ч махны үнэ буурахад нөлөөлсөнгүй.

Үүнээс гадна Төвбанкнаас гаргасан инфляцын тайланд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх, өөрчлөлт орох таван эрсдэл байгааг дурджээ. Үүнд: 

  • Нэгдүгээрт. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан, мах хүнсний ногооны үнэ огцом хэлбэлзэх, төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ төсөөллөөс давж нэмэгдэх магадлалтай.
  • Хоёрдугаарт. Цар тахлын дотоод дахь тархалт эрчимжиж, улмаар дахин хорио цээрийн дэглэм тогтоох, хугацааг сунгах тохиолдолд эдийн засгийн идэвхжлийг сулруулж, инфляцыг бууруулах нөлөөтэй.
  • Гуравдугаарт. Хөл хорио чангарах тохиолдолд хүнсний зарим бүтээгдэхүүний нөөцийн хомсдол үүсч, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт бий болж болзошгүй.
  • Дөрөвдүгээрт. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ манай улсыг чиглэх хөрөнгийн урсгалд сөргөөр нөлөөлж, улмаар төгрөгийн ханшид ирэх дарамт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
  • Тавдугаарт. Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төслүүдээс шалтгаалж инфляцын төсөөлөл өөрчлөгдөх магадлалтай. Дээрх таван эрсдэлээс ихэнхтэй нь бид нүүр тулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж