Өрх тусгаарлаж буй залуу хосуудад өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал нь орон сууц. Байр нь бэлэн байлаа ч зээл нь олдохгүй, эсвэл 30 хувийн урьдчилгаа төлбөр хангалтгүй зэрэг банкны шалгуурт бүдэрсэн мянга мянган залуу хос, айл өрх гэр хороололд “хадагдаж”, түрээсийн байр дамжин амьдарч байна. Ипотекийн зээлд банкны шалгуур хангасан цөөн хэсэг нь л хамрагддаг гэхэд хилсдэхгүй.
Улсын хэмжээнд 900 мянган өрхийн ердөө 11 хувь нь ипотекийн зээл авчээ. Жилийн найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болсон өрхийн дийлэнх нь хоёр сая төгрөгөөс дээш орлоготой, сард дунджаар 681 мянган төгрөгийн төлөлт хийдэг байна. Харин улсын дундаж буюу 1.3 сая төгрөгийн орлоготой өрхөд ипотекийн зээл хүртээлгүй байгааг судалгаа харуулж буй.
Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг ажилтай, орлоготой, орох байрныхаа урьдчилгаа 30 хувийг бүрдүүлчихсэн, нэг ёсны банкны шалгуур хангасан иргэд авдаг гэсэн үг. Зээл авсан иргэдийн 60 гаруй хувь нь орон сууцаа сайжруулах зорилготой байхад ердөө 38 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилждэг гэх судалгаа бий. Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа шалтгаанаа иргэд 30 хувийн урьдчилгаа банкны шалгууртай холбон тайлбарладаг.
Хэдийгээр үе үеийн Засгийн газар бага, дунд орлоготой иргэдээ хямд үнэтэй орон сууцтай болгохыг зорьж ажилладаг ч иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь нууц биш. Тухайлбал, Яармагийн дэнжид 1 мкб нь зах зээлийн үнээс хямд 1,250 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц барьсан ч бэлэн мөнгөөр худалдаж аваад орох нь цөөн. Ихэвчлэн түрээслэх, мөн л ипотекийн зээлд хамрагдах боломжийг иргэд эрэлхийлдэг.
"Түрээсийн орон сууц" хөтөлбөр залуу хос, бага дунд орлоготой иргэдэд олдох нь өдрийн од л гэсэн үг. Энэ мэт олон том зорилт төслийн хэрэгжилт удаашралтай, хүлээлт үүсгэдэг. Өнөөгийн нөхцөлд иргэд орон сууцтай болох ганц боломж нь ипотекийн зээл учраас Засгийн газар Монголбанктай хамтран шинэ оны өмнө 6 хувийн хүүтэй болгож бууруулсан нь том дэвшил болсон. Ийнхүү банкны шалгуурыг зөөллөснөөр дундаж орлоготой (1.2-1.3 сая) иргэд орон сууц худалдан авах боломж бүрдсэн билээ.
Судалгаагаар иргэдийн амьдралын чанар 18.3 хувиар дээшилж, өнөөдрийг хүртэл (2021.05.17) нийт 3944 хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их үзүүлэлт. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулахын тулд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах талаар судалж эхэлжээ.
Энэ талаар Барилга8 хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн зээлийн 30 хувь дээр нэг гаргалгаа гаргахаар судалж байна. Хуульд нь өөрчлөлтөд оруулаад, Зээлийн батлан даалтын сан 30 хувийн урьдчилгааны 15 хувийг нь гаргахаар ярилцаж байна.
Тооцоолж үзвэл, 100 сая төгрөгийн байр авахад иргэд 30 сая төгрөгийн урьдчилгаа төлдөг. Хэрвээ сангаас 15 хувийн баталгаа гаргаж өгвөл иргэд 15 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд зээлд хамрагдах боломжтой болно гэсэн үг.
Иргэдэд зээлд хамрагдах боломж нь нэмэгдэж байгаа ч зээл төлөлт нь нэмэгдэхээр харагдаж байна" хэмээн өчигдөр (2021.05.19) Засгийн газрын өргөтсөн хуралдааны үеэр онцолсон. Монголбанкнаас энэ талаар одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Хэрэв иргэдийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас хөнгөлвөл төрөөс залуу гэр бүлд үзүүлж буй томоохон дэмжлэг болно.
Зах зээл дээр өнөөдрийн байдлаар 30 мянган орон сууц эзнээ хүлээж байгаа ч иргэдийн хувьд урьдчилгаа төлбөр "толгойн өвчин" болоод буй. Нийслэлд 411 мянган өрхийн 43 мянга нь өөрийн гэсэн орон сууцгүй байгаа бол 209 мянга нь гэр хороололд амьдарч байна. Мөн 200 мянган айл өрх орон сууцанд амьдарч байгаа юм.
Хэрэв Зээлийн батлан даалтын сангаас иргэдийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг хөнгөлөх асуудал ажил хэрэг болвол 200 мянга гаруй яндангаас салж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн шиг Улаанбаатар "Азийн цагаан дагина" болох үндсээ тавих биз ээ.
Холбоотой мэдээ