Дэлхийн хамгийн залуу крипто тэрбумтан

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дэлхийн хамгийн залуу крипто тэрбумтан

Дэлхийн хамгийн залуу крипто тэрбумтан

ОХУ-ын 27 настай программист Виталий Бутерин крипто валютын хамгийн залуу тэрбумтан болсон тухай мэдээ сүүлийн үед цахим орчинд олон хүний анхаарлыг татах болжээ. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр түүний эзэмшилд 333500 ифер бий нь 1,029 тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнэтэй аж.

Бутерин крипто валютын Ethereum компаниа 2013 онд 19 настайдаа байгуулж, өөрийн гэсэн шинэ валютыг 2015 онд гүйлгээнд нэвтрүүлж байв. Өдгөө түүний бүтээсэн ифер хэмээх цахим валют нэг бүр нь 3500 ам.долларын үнэ хүрчээ.

Бутерин 2014 онд мэдээллийн технологи, үйлдлийн системийн төрөлд дэлхийн технологийн шагнал авч, 2016 онд "Fortune" сэтгүүлээс гаргадаг амжилттай яваа 40-өөс доош насны 40 хүний жагсаалтад, 2018 онд "Forbes" сэтгүүлийн амжилттай яваа 30-аас доош насны 30 хүний жагсаалтад тус тус бичигджээ. Бид энэ долоо хоногийн "ХҮМҮҮС" буландаа цахим валютын ертөнцөд шуугиан тарьж буй хамгийн залуу тэрбумтан, "батга" хочит Виталий Дмитриевич Бутеринийг онцолж байна.

БАГА НАС

Бутерин 1994 оны нэгдүгээр сарын 31-нд компьютерийн мэргэжилтэн Наталиа Амелин, Дмитри Бутерин нарын хүү болон Коломна хотод мэндэлжээ. Хүү зургаан нас хүртлээ төрсөн гэр, эх орондоо өсч торнисон ч 2000 онд илүү таатай нөхцөлтэй ажил горилсон эцэг, эхийн хамт Канад улсад цагаачилсан байна.

Канадын бага сургуульд элсээд, гуравдугаар ангид сурч байх үеэс нь Бутериний математик, компьютер, эдийн засгийн гайхалтай мэдрэмж, авьяас тодорч эхэлжээ. Тиймээс эцэг, эх нь түүнийг Торонто дахь гүнзгийрүүлсэн сургалттай хувийн Абералд ахлах сургуульд сургасан байна. Бутерин Bitcoin цахим валютын тухай 17 настайдаа ааваараа анх заалгасан аж.

ЦАХИМ ВАЛЮТТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Ахлах сургуулиа төгсөөд Бутерин Ватерлоогийн их сургуульд элсэн суралцжээ. Чухам тэнд л Бутерин эдийн засгийн талаар мэргэжлийн түвшний мэдлэгтэй болж, өмнө нь цахим валютын төсөл удирдаж явсан крипто судлаач Йан Голдбергээс Bitcoin-ы тухай их зүйл сурч авсан аж. Бутерин сурлагын өндөр амжилт гаргасаар, 2012 оны олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож, хүрэл медалийн эзэн болжээ.

ЦАХИМ ВАЛЮТЫГ БУСДАД ТАНИЛЦУУЛСАН НЬ

Бутерин 2011 онд Bitcoin форум дээр нэг хүнтэй танилцан, "Bitcoin Weekly" хэмээх булан хөтөлж, цахим валюттай холбоотой нийтлэл бичдэг болжээ. Тухайн үед тус форумд нийтлэл бичиж өгсөн хүн бүрт тухайн үеийн ханшаар 3.5 ам.доллар буюу таван Bitcoin өгдөг байсан аж. Тус сайт үйл ажиллагаагаа зогсоосон ч удалгүй Михай Алисие гэгч түүнд хамтран ажиллах санал тавьжээ. Тийнхүү Бутерин "Bitcoin" сэтгүүлийн үүсгэн байгуулагч бөгөөд нийтлэгч болжээ.

Тэдний "Bitcoin" сэтгүүл 2012 онд хэвлэгдэж эхэлмэгцээ цахим валютын талаарх хамгийн чухал хэвлэлүүдийн анхдагч гэдгээрээ өндөр нэр хүндтэй болсон байна. Сэтгүүл эрхэлж байхдаа Бутерин АНУ-ын валютын "Ripple" компанид ажиллах хүсэлтээ илэрхийлэн зөвшөөрүүлсэн хэдий ч тус компани Бутериний визний асуудлыг шийдэж чадаагүйгээс болж бүтэлгүйтжээ.

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛСЭН НЬ

Цахим валютад сонирхолтой болсон Бутерин 2013 онд гадаад орнуудаар аялж, цахим валют хөгжүүлэгчидтэй уулзан, багагүй туршлага судалжээ. Эцэст нь тэрбээр өөрийн "Ethereum" компанийг байгуулах төслөө өвөртлөн тэр ондоо Торонтод эргэн ирсэн аж. Харин дараа жил нь тэрбээр "Thiel Fellowship" сангаас 100 мянган ам.долларын тэтгэлгээр шагнуулж, улмаар сургуулиасаа гарч, компани байгуулах ажилдаа бүх цаг заваа зарцуулах болжээ.

Түүнээс хойш Бутеринээс чимээ сураг үл сонсогдон, гурван ч жил өнгөрч, тэр байтугай элдэв зүйлийн талаар мэдээлдэг "4Chan" сайт түүнийг нас барсан байж магадгүй хэмээн нийтэлж байсан аж. Гэтэл дараа жил нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд тэрбээр Базел их сургуулийн бизнес, эдийн засгийн факультетын хүндэт доктор болон эргэн иржээ.

КОМПАНИА НЭЭВ

Бутериний компанийг мэргэжилтнүүд “Төвлөрсөн бус цахим валют олборлолтын сүлжээ ба программ хангамжийн хөгжүүлэлтийн платформыг нэгтгэснээрээ онцгой” хэмээн тодорхойлдог аж.

Бутерин 2013 оны сүүлээр өөрийн гэсэн компаниа зөвхөн цаасан дээр байгуулаад байжээ. Тухайн үедээ тэрбээр цахим валют хөгжүүлэхэд шинэ дохионы тогтолцоо буюу хэл хэрэгтэй хэмээн үзсэн байна. Гэвч тэрбээр хэнтэй ч тохиролцож чадаагүй тул өөрөө илүү ерөнхий дохио бүхий шинэ платформ хөгжүүлэхээр шийджээ.

Энэ тухай тэрбээр хожим “Алдартай судлаач, математикч, эдийн засагч нартай харилцаж, тэднээс тусламж авч болдог бүх салбарын оролцоотой энэ салбарт олон арван мянган хүмүүст нөлөөлж, долоо хоног бүр шинжлэх ухаантай уралдан ажилладаг болсондоо би үргэлж баяртай байдаг”  хэмээн хэлжээ.

ПУТИНИЙ САЙШААЛЫГ ХҮРТЭВ

Бутерин өөрийн компанийн Орос орон дахь эдийн засаг, улс төрийн хамаарлыг бодолцон үзэж, 2017 оны зургадугаар сарын 2-нд Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Энэ үеэр Путин ОХУ-ын боломжит түншүүдтэй холбоо тогтооход нь үргэлж дэмжихээ амласан юм.

САЙХАН СЭТГЭЛТ БУТЕРИН

Бутерин 2017 онд хиймэл оюун ухаан судлах хүрээлэнд 763970 ам.доллар, 2018 онд хүн төрөлхтний амьдралыг уртасгахын төлөөх биотехнологийн судалгаа хийж буй SENS судалгааны санд 2.4 сая ам.доллар, энэ онд Энэтхэгийн цар тахлын эсрэг үйлсэд 1.14 тэрбум ам.доллартай тэнцэхүйц цахим валют хандивлажээ.

Эх сурвалж: DECRYPT.CO, FORBES, CNN, BUSINESS TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж