Энэ оны эхний улиралд дэлхийн гол эдийн засгууд хурдтай өсч, V хэлбэртэй сэргэлт үргэлжилж байна. Тухайлбал АНУ-ын эдийн засаг 6.4 хувиар, Хятадын эдийн засаг 18.3 хувиар өсөөд байна. Дэлхийн хамгийн том эдийн засгууд ийнхүү хурдтай сэргэж байгаа нь олон улс орнуудад эергээр нөлөөлөх хүлээлтийг үүсгэж байна.
Хятадын хувьд, түүхэн 18.3 хувийн өсөлтийг тайлбарлах дараах хүчин зүйлс бий:
- 2020 онд цар тахал эхэлсний улмаас авсан хөл хорионы арга хэмжээний нөлөөгөөр 6.8 хувь агшсан суурь үеийн нөлөө
- Цар тахлыг богино хугацаанд хяналтад оруулж, тархалтыг хумьсан бодлого
- Эдийн засгийг сэргээхэд чиглэсэн үлэмж хэмжээний санхүүгийн дэмжлэг
Монголд ч төстэй зүй тогтол өрнөж байгааг нэгдүгээр улирлын тоо харуулж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны эхний улиралд 15.7 хувь өссөн байна. Үүнд өнгөрсөн оны мөн үед эдийн засаг covid-19-ийн нөлөөгөөр 10.7 хувиар агшсан суурь нөлөө болон 2021 оны эхний гурван сард идэвхжсэн уул уурхайн салбарын үйлдвэрлэл голлон нөлөөлжээ. Тухайлбал 15.7 хувь өсөлтийн 7 нэгж хувь буюу бараг тэн хагасыг уул уурхайн салбарын өсөлт бүрдүүлжээ.
Монголын эдийн засаг 2011 онд 17 хувь өссөнөөс хойш ийм өндөр тоо хараагүй билээ. Уул уурхайд тулгуурласан эдийн засагтай Монгол Улс экспортоо тасралтгүй үргэлжлүүлж чадвал иргэдийн хөл хоригдсон ч “орлоготой” гэдэг нь тодорхой байна.
БҮТЭН САР ГЭРТЭЭ СУУСАН Ч ЭДИЙН ЗАСАГ ӨСӨӨД БАЙХ УУ?
Дөрөвдүгээр сарын 9-өөс хойш бүтэн сар үргэлжилсэн хатуу хөл хорионы нөлөө 2-р улиралд буюу наймдугаар сарын дундуур зарлагдах статистикаас харагдах боломжтой. Иргэдийн хөл хорионоос гадна өнгөрсөн сард уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тааруу байсан нь сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс болж магадгүй юм. Гэхдээ вакцинжуулалт эрчимтэй явагдсаны үр дүнд цар тахлын тархалт оргил үедээ 1000 хол давж байсантайгаа харьцуулахад 3-4 дахин буураад байна. Энэ 7 хоногийн Бямба гарагаас зарим үйлчилгээний байгууллагуудыг үе шаттай нээж, хөл хориог аажмаар сулруулах хүлээлттэй байгаа учраас хоёрдугаар улиралд эдийн засаг өсөх потенциал ч хэвээр хадгалагдаж буй.
Монголын талаар олон улсын байгууллагуудаас гаргасан прогнозуудыг харвал энэ онд эдийн засаг 5 хувь өснө гэж ОУВС үзсэн бол Азийн хөгжлийн банк 4.8 хувиар өсөх таамгийг гаргажээ. Дэлхийн банк 3-р сард гаргасан тайландаа “Монгол Улсын хувьд глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон ААН-үүд цар тахалтай дасан зохицон, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна” гэж тодотгож байсан юм.
Холбоотой мэдээ