Хятад улс үндэсний сансрын станц “Тяньхэ”-ийн гол модулийг тойрог замд туршиж дууссан талаар тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдэгджээ. Бүх тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа бөгөөд “Тяньхэ” модуль “Тяньжоу-2” хөлгийг хүлээн авахад бэлэн болсон гэв. Сансарт ачаа хүргэх зориулалттай “Тяньжоу-2” хөлгийг өнгөрсөн ням гарагт "Чанжэн-7" зөөгч пуужингийн хамт Хайнань арлын Вэньчан сансрын буудалд хүргэжээ. Уг хөлгийг энэ долоо хоногт хөөргөх юм.
Хятад улс нь дөрөвдүгээр сарын 29-нд сансрын станцынхаа үндсэн модулийг "Чанжэн-5" зөөгч пуужингаар тойрог замд гаргасан билээ. “Тяньжоу-2” хөлөг залгагдсанаар сансрын станцыг угсрах гол үе шат эхэлнэ.
“Тяньхэ” тойрог замын станц нь гурван модультай байх бөгөөд 2021-2022 онуудад 11 удаагийн хөөргөлтөөр бүх хэсгийг зөөж, угсарч дуусгахаар төлөвлөжээ. Харин энэ удаа 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй, 22 тонн жинтэй үндсэн модулийг тээвэрлэж байгаа юм. Энэ нь одоогоор тус улсад бүтээсэн хамгийн том сансрын аппарат юм.
Тус улс нь тойрог замын станцаа тойрог замд 340-450 км-ын өндөрт барихаар төлөвлөж байгаа ба энэ станц нь T хэлбэртэй байх аж. Станцын нийт жин 66 тонн байх бол лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх гэнэ.
Мөн сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой юм байна. Одоо ажиллаж буй 15 жилийн настай Олон улсын сансрын станцын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй гэсэн үг юм.
Эх сурвалж: Xinhua
Холбоотой мэдээ