Испанийн Сеута хотод сүүлийн хоёр хоногийн дотор Мороккогоос ирсэн 8000 орчим дүрвэгч нэвтэрчээ. Үүний 1500 орчим нь хүүхэд байсан ба дүрвэгчид хуурай газрын хилийн шугамыг тойрч, далайгаар сэлж, зарим гүехэн устай газраар алхаж ирсэн байна. Ийнхүү олон мянган дүрвэгч хил нэвтэрсэн тул Сеутад дэг журам тогтоохын тулд цэрэг илгээж, дүрвэгчдийн талыг нь албадан нутаг буцаажээ.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчез өчигдөр (2021.05.18) өөрийн биеэр Сеутад очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан байна. Харин Морокко улсын Засгийн газар Испанийн талын авсан арга хэмжээг эсэргүүцэж, Мадрид дахь Элчин сайдаа зөвлөлдөхөөр дууджээ. Европын консулын Ерөнхийлөгч Шарль Мишел “Испанийн хил бол Европын Холбооны хил юм” гэдгийг онцлоод, тус улсын авсан арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Сеута хот нь Африк тивээс Европ руу дүрвэж буй хүмүүсийн хувьд чухал гарц болдог. XVII зуунаас хойш Испанийн захиргаанд өөртөө засах эрхтэй оршиж байгаа энэ нутгийг хөрш Морокко улс өөрийн газар нутаг гэж маргадаг билээ. Түүнчлэн 1975 оныг хүртэл Испанийн захиргаанд байсан Баруун Сахарыг сүүлд Морокко улс өөртөө нэгтгэж байв. Харин нутгийн Сахрави угсаатнууд Мороккогоос салан тусгаарлахаар зэвсэгт тэмцэл явуулсаар байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ