2021 оны эхний улирлын байдлаар (2010 оны зэрэгцүүлэх үнээр) дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 15.7 хувиар өсчээ. Түүний 7 пункт нь уул уурхай, олборлолтын салбар, 1.6 пункт нь аж үйлдвэр, барилгын салбар, 1.8 пункт нь үйлчилгээний салбар, 5.7 пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт тус тус ногдож байна.
Уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл экспортоос тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг. Улсын хил хаасантай холбоотойгоор зарим бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурчээ. Тухайлбал, олборлосон алтны экспорт 71.6 хувь, төмрийн хүдэр, баяжмалын экспорт 72.8 хувь, цайрын хүдэр, баяжмалын экспорт 16.0 хувиар тус тус буурсан байна. Харин нүүрсний экспорт 2.2 дахин, газрын тосны экспорт 4.4 дахин нэмэгдсэн байна.
Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт, экспорт
Эдийн засагт голлох салбаруудын нэг болох уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, 2021 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 34.1 хувиар өсч, ДНБ-ий 15.7 хувийн өсөлтийн 7 пункт нь уг салбарт ногдож байна.
Тус салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны эхний улиралд 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (53.7 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолт 556.1 (77.2 хувь) тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 153.9 (3.2 дахин) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 425.5 (34.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Холбоотой мэдээ