"Татвар нэмэх байдлаар гэнэтийн шийдвэр гаргахгүй" | News.MN

"Татвар нэмэх байдлаар гэнэтийн шийдвэр гаргахгүй"

"Татвар нэмэх байдлаар гэнэтийн шийдвэр гаргахгүй"

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан

Posted by News.mn on Tuesday, May 18, 2021

НЭМЭЛТ: 12:45 ЦАГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Нийслэл Улаанбаатар хотоос жил бүр улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг хуримтлуулдаг. Иймээс үүнтэй нь дүйцэх мөнгийг хөрөнгө оруулалт болгон өгөхөөр болж байна. Арга хэлбэр нь төсөв болон бусад хэлбэрээр байж болно. Энэ бол маш том дэмжлэг. Метро болон бусад нийтийн тээврийн төрлүүдийг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг Нийслэлийн тамгын газарт шилжүүлж байна. Маш нягт ажиллах хэрэгтэй. Санхүүгийнхээ схемийг 30 хоногийн дотор танилцуулах ёстой. Их тойруугийн хурдны зам баригдана. Үүнтэй холбоотой санхүүгийн эрхийг нийслэлд өгч байна. Мөн олон жил газрын гүн дэх ертөнцөд санхүүжилт гаргаагүйгээс болж Улаанбаатар хот шөрмөс нь татсан хүн шиг болж төвийн бүсийн барилгын үнэ тэнгэрт хадсан. Иймд тавдугаар цахилгаан станцыг барих нь зөв. Төрийн зарим байгууллагууд хотоос үе шаттайгаар гарах хэрэгтэй. Наадмын дараа энэ асуудал шийдэгдэх байх. “Богдхан” төмөр зам буюу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт өнөөдрөөс өрнөж байна. Хөшигийн хөндийд 200-300 мянган хүн амьдрах боломжтой. Энэ хот нь  нэг ч гэр хороололгүй эко хот байх  ёстой. Үүнээс гадна хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэг их байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно. Хэрэв орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэг өндөртэй байна гэсэн үг.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:

-Нийслэлийн найман дүүргийн 38 хороо өөрийн сургууль, цэцэрлэггүй байна. Нийслэл төлөвлөж байгаагаар 2022-2025 онд  боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд хамгийн багадаа 64 цэцэрлэг, 62 сургууль барих зайлшгүй шаардлага үүсээд байна. Үндсэндээ 126 обьект барих шаардлагатайгаас одоогоор  нийслэлийн боловсролын газрын дансанд 67 газар л байна. Газрын асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ жил болон ирээдүйд барих хоёр сургууль, цэцэрлэгийн нэг нь газаргүй байна. 38 хороонд  сургууль, цэцэрлэгт хамрагдах  ёстой 10 хүүхдийн хоёр нь , таван хүүхдийн  нэг нь хамрагдаж чадахгүй байна. Энэ асуудлыг шийдэх шийдэл нь бий. 50-100 хүүхдийн цэцэрлэг барихад хоёрхон айлын хашааг 60-70 сая төгрөгөөр худалдаж аваад шийдэх боломжтой. Заавал дунд, ахлах ангийн 5-6 тэрбум төгрөгийн том сургууль барих шаардлагагүй. Харин ч 100-150 хүүхдийн багтаамжтай бага сургууль барих шаардлагатай байна. Томоохон  хороолол дунд сургууль, цэцэрлэг байхгүй олон тохиолдол байна. Нэг давхруудыг нь цэцэрлэг, бага сургуулийн хэлбэрээр зохион байгуулахад сургууль, цэцэрлэггүй байгаа хороодын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Энэ нь түгжрэлийг бууруулах хот төлөвлөлттэй холбоотой асуудал. 13681 өрх цахилгаанд холбогдоогүй гэж байна. Үүний цаана 45 мянган хүүхэд тог цахилгаангүйн улмаас телевизгүй хичээлээ хийж чадахгүй хичээлийн хоцрогдолд орчхоод байна. Хотын зах, төвийн боловсролын ялгаа хэт гарсан. Замын түгжрэлийн асуудлын хамгийн том шалтгаан нь сургууль, цэцэрлэг рүү хүүхдүүдээ зөөх. Замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл арга хэмжээнд жил бүр 420-оос дээшгүй тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн эх үүсвэрт суулгах үүргийг Б.Жавхлан сайдад өгсөн юм байна. 420 тэрбум төгрөгөөс боловсролын салбарт үүссэн энэ асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах хэрэгтэй.


ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Сайд нарын танилцуулгыг сонслоо. Засгийн газраас гаргасан шийдвэрийн зонхилох хэсэг нь Улаанбаатар хот руу чиглэж байгаа. Тиймээс түгжрэл болон бусад асуудал, ялангуяа дэд бүтэцтэй холбоотой асуудлыг Засгийн газрын оролцоогүйгээр шийдэх боломжгүй. Бид асуудлыг жам ёсны урсгалын дагуу шийднэ. Ямар нэгэн хэлбэрээр татвар нэмэх байдлаар гэнэтийн шийдвэр гаргахгүй гэдэг зарчмын шийдэлд хүрсэн.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР:

-2023 онд ашиглалтад орох шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар нийслэлчүүд 20 жилийн турш бохирын асуудал ярихгүй. Харин шинээр хийх цэвэр бохирын шугамын өргөтгөл засварт 33 тэрбум төгрөг шаардлагатай.Улаанбаатар хотод барилга барих, зам тавих, шугам сүлжээ байгуулахад газар чөлөөлөх 680 тэрбум төгрөгийн асуудал байна. Газар чөлөөлөлт хийж байж дэд бүтцийн төслүүд үргэлжилнэ. Тавдугаар сарын 10-ны байдлаар 3944 хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Зээлийн батлан даалтын сангаас орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийнх нь 15 хувийг нь төлөх талаар ярилцаж байна. Энэ нь иргэд зээл их төлөх ч урьдчилгаа бага төлөх талтай.Хамгийн их газар олголт нийслэлд байна. 71 тэрбум төгрөгийн газар нөхөн олговрын асуудал бий.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ:

-Эрчим хүчний станцуудын оргил ачаалал 2020 онд 1309 МВт хүрсэн бөгөөд үүний 60 хувь нв буюу 831 МВт нь нийслэл хотын ачаалал эзэлсэн.Жилд дунджаар 6-8 хувийн өсөлттэй байгаа. Энэ хэмжээгээр явбад 2025 онд 1100 МВ-т хүрэх төлөвтэй байна. Дамжуулах, түгээх сүлжээний 31 хувь нь буюу 815 дэд станц, 26 хувь буюу нийт 3488 км урттай цахилгаан дамжуулах шугам нь ашиглалтын хугацаа дууссан, хуучирч шинэчлэл хийх шаардлагатай болсон. Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашиглагддаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түэгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд нь тус, тус суурилагдсан хүчин чадлаас хэтэрсэн тул цаашид ачаалал нэмэх боломжгүй байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын долоон дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадаагүй. Үүнээс 2021 онд 1928 айл өрхийг улсын төсөв болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар цахилгаан эрчим хүчинд холбох ажил хийгдэж байна. Ирэх онд төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр банкнаас 10.1 тэрбум төгрөгийн зээл авч 3415 айл өрхийг энэ онд багтаан эрчмим хүчинд холбох асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр яамдаас санал авч байна. Үлдсэн 8338 айл өрхийг холбох 23.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022 оны улсын болон нийслэлийн төсөвт суулгаж шийдвэрлэх шаардлагатай байна. Дээрх цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхийн цахилгаан хангамжийн ажлын зураг, төсвийг хийж бэлэн болгосон.
НЭМЭЛТ: 12:00 ЦАГ

ЗАМ, ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР:

-“Богдхан” төмөр замын төсөл яригдаад арав гаруй жил болсон. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хотыг дагасан дагуул суурьшлын бүсүүдийг дэмжихэд тустай. Нийт 175 орчим км. Үүнээс 135 км замыг шинээр байгуулж, 39 км замыг сайжруулна. 7.5, 9.5 км урттай хоёр урт туннель, 6 км урт гүүртэй, хиймэл байгууламжтай байна. Ерөнхийдөө бусад төмөр замын хэсгүүдтэй харьцуулахад төмөр замын гол үзүүлэлт болох замын хэвгий тахирын радиус нь харьцангуй сайжирсан гэж үзэж байна.

Галт тэрэг дамжин өнгөрч байгаа төмөр замын гол дөрвөн хэсэг дээр төмөр зам, авто зам хоёр нэг түвшинд огтлолцож байна. Үүний хамгийн эхнийх нь хүмүүсийн хэлж заншсанаар Таван шарын уулзвар юм. Тэрхүү хэсгээр хоногт 61.350 машин, 57 галт тэрэг өнгөрдөг. Хоногийн 1440 минутаас 171 минутыг галт тэрэг өнгөрөхөд зориулж автомашины хөдөлгөөнийг хаадаг. Дараагийнх нь Энхтайвны гүүрний зүүн талын түр гарам. Хоногт 15.597 машин, 45 галт тэрэг өнгөрдөг. 1440 минутаас 135 минутыг галт тэрэг өнгөрөхөд зориулж хаадаг.

"Дүнжингарав" худалдааны төвийн хэсэгт хоногт 67780 машин, 45 галт тэрэг зөрж өнгөрөхөд хоногийн 135 минутыг, Амгалан орчмын гарам дээр хоногт 26370 машин, 45 галт тэрэг өнгөрөхөд 135 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж машины хөдөлгөөнийг тус, тус хааж байна. Дунджаар дээрх дөрвөн гарам дээр хоногийн 1440 минутаас 144 минут буюу арван хувийг галт тэрэг нэвтрэн өнгөрүүлэхэд зориулан хааж байна.

“Богдхан” төмөр зам ашиглалтад орсноор зорчигчийн гал тэрэг дулааны болон цахилгаан станцуудын зориулалттай нүүрсний тээврээс бусад бараа тээвэрлэх боломжтой болно. Ингэснээр дунджаар 144 минутыг 62 минут болгож багасгах боломжтой болно. Энэ нь машины замыг галт тэрэгний хөдөлгөөнөөс болж хаахад зарцуулж байгаа хугацааг 57 хувиар бууруулна гэсэн үг. Нүхэн гарц болон гүүрэн байгууламж буюу авто зам, төмөр зам хоёрыг хоёр өөр түвшинд огтлолцуулах үед 62 минутыг 0 болгох боломжтой. Өөрөөр хэлбэл, Таван шарын уулзвар, хүүхдийн парк, "Дүнжингарав" худалдааны төвийн гарцууд дээр гүүр болон нүхэн гарц хийвэл галт тэрэгний хөдөлгөөнөөс болж зам хаахгүй болно.

Хоёрдугаарт, хотын төвд баригдсан худалдааны том захууд, тээвэр логистикийн дэд бүтцүүдийг "Богдхан" төмөр замын трассын дагуу Хөшигийн хөндийг түшиглэж, үе шаттайгаар гаргах тооцоо бий. Ингэвэл нийслэл рүү чиглэсэн галт тэрэгний хөдөлгөөний тоо 15-20 хувиар буурна. Мөн үүнтэй уялдаад том оврын автомашинуудын тээвэр хийх хөдөлгөөн тэр хэмжээгээр буурах боломжтой. Ирэх долоо хоногт “Богдхан” төмөр замын техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангуулахад шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болсон.

"ИРГЭД ӨДӨРТ 2.5 ЦАГ, ЖИЛД 35 ӨДРИЙГ ТҮГЖРЭЛД ӨНГӨРӨӨЖ БАЙНА"

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021.05.19

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021.05.19

Posted by News.mn on Tuesday, May 18, 2021

Засгийн газрын өргөтгөсөн  хуралдаан  эхэллээ.  Хурлын эхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж дараах тоо баримтыг танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын хүн ам сүүлийн арван жилд 22.6 хувиар буюу 599 мянгаар нэмэгдэж 2020 онд 3 сая 253 мянгад хүрсэн. Нийслэл хотын хүн ам сүүлийн арван жилд 345 мянгаар нэмэгдэж 1 сая 499 мянгад хүрчээ. Энэ нь Монгол Улсад суугаа нийт хүн амын хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна гэсэн үг. Монголд үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-үүдийн 64.2 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг нийслэлд бүрдүүлж байна. Улаанбаатар хотын эдийн засгийн 58.4 хувийг үйлчилгээний, 41.3 хувийг аж ахуй, үйлдвэр барилгын салбар, 0.4 хувийг хөдөө аж ахуйн салбар тус, тус эзэлж байна. Ийнхүү хүн амын болон эдийн засгийн төвлөрлийг дагаж олон тулгамдсан асуудал үүссэн. Хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд нэгдсэн бодлого барьж үе шаттайгаар шийдвэрлэхийг Засгийн газар баримтлах нь зүйтэй” гэдгийг онцлов.

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР:

-2021 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн зургаан дүүргийн 400 мянган орчим иргэдийн дунд судалгаа явуулахад түгжрэл, машины зогсоол, нийтийн тээврийн хүрэлцээ зэргийг нэрлэсэн. Судалгаанд оролцсон хүмүүсийн 85 хувь нь түгжрэлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байна. 2010 онтой харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац  гурав дахин хэтэрсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөгийг шатахууны зардал болон нөөцийн үр ашиггүй хуваарилалт, цагийн зарцуулалт зэргээр  тооцож гаргахад  2020 онд алдагдлын хэмжээ 2.7 их наяд орчим буюу ойролцоогоор 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээжээ.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд 11.8 их наяд төгрөг буюу 4.1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээсэн гэсэн үг. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний арван хувьд буюу 24.3 их наяд төгрөг 8.5 тэрбум ам.долларт  хүрэхээр байна. Тиймээс  нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу метрог нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх, зам дэд бүтцийг сайжруулах, машины зогсоолыг нэмэгдүүлэх шаардлагатай. Яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнд явган зам, дугуйны замыг  нэмэх, сургууль цэцэрлэгүүдийг барих, ачаа тээвэр логистикийг боловсронгуй болгох нь зөв. Харин дунд, урт хугацаанд хотын төвийн төвлөрлийг бууруулах, томоохон зах худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх, машины даатгал хурамжыг бүсчилж тогтоох, дагуул хотыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу хөнгөн гал тэргийг 2021-2024 онд нэвтрүүлнэ. Энэ нь түгжрэлийг 17-22 хувиар бууруулна. Нэг чиглэлд 20-30 мянган хүнийг тээвэрлэх хүчин чадалтай. Зураг төслийн ажлыг эхлүүлэхээр бэлдэж байна. Газар дээр болон газар доогуур 6.9 км явна гэдгээрээ ихээхэн онцлог. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2021-2024 онд үе шаттайгаар хийнэ. Ингэхдээ байгальд ээлтэй 500-1000 автобус, 290 автобусны зогсоол, 5000 автомашины зогсоол шинээр байгуулна.

Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэлт огт хийгдээгүй. 2021 онд 531 автобус, 2022 онд 121 автобус, 2023 онд 151 автобус, 2024 онд 60 автобусны ашиглалтын хугацаа дуусч, үйлчилгээнээс гарахаар байна. Өнгөрсөн жил хөдөлгөөнд оролцож байхдаа 5-6 автобус шатсан. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслүүд хэт их хуучирсаныг харуулж байгаа юм. 2021-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 81 хувь нь үйлчилгээнээс хасагдана. Түгжрэлийг бууруулах чиглэлээр парк шинэчлэлтээс гадна олон улсын стандартад нийцсэн автобусны зогсоолыг шинэчлэх төлөвлөгөөтэй байна.

Нийслэлийн гол авто замын сүлжээг 2022-2024 онд нэмэгдүүлнэ. Шинээр баригдах тойрог зам болох Баянзүрхийн гүүрнээс Зайсан, Яармаг, Сонсголон, Баруунтуруун, Тахилт, Найрамдал, Баянхошуу, Дамбадаржаа, Улиастай, Баянзүрхийн гүүр гэсэн их тойруу хийхээр төлөвлөж байна. Энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулахад гол нөлөө үзүүлнэ. Өнөөдөр хотын төв рүү бүгд тэмүүлж байна. Энэ нь иргэдийн буруу биш.

Хотын төвөөс иргэд соёлтой үйлчилгээ авахыг хүсч байгаа учраас Их тойрууг түшиглээд, маш олон бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарууд бий болно. Үүн дээр нэмэгдээд холбоос зам болох туслах замуудыг шинээр тавих болон өргөтгөн шинэчилнэ. Тухайлбал, гол гудамжны замын өртгөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос зам 70.26 км, 6 нүхэн гарц, 6 уулзвар, 7 гүүрний шинэчлэл, явган зам 98 км, дугуйн зам 249 км хийнэ. Үүний үр дүнд авто замын сүлжээний даац 35 хувиар нэмэгдэж, түгжрэлийг 30-40 хувиар бууруулна.


ЗГ: НИЙСЛЭЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар Лхагва гариг бүрийн 08.00 цагт хуралддаг. Харин өнөөдөр /2021.05.19/-ийн Засгийн газрын хуралдаан өргөтгөсөн байдлаар 10.00 цагт хуралдах юм байна.

Өртгөтгөсөн хуралдаанд нийслэлийн удирдлага болон холбогдох яамдын төлөөлөгчид оролцож, нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, нийслэлд тулгамдаж буй авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлаар цогцоор нь шийдэхээр ийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-19 202.21.100.210

25-р телевизорын Алтай гэж нэг нөхөр байна ард түмний машин барих эрхэд байнга халдах оролдлого хийдэг. Тэр нөхөр ердөө мэддэг нь татвар нэмэх гэсэн харгис аргыг засаг төрд эфирээр тулгадагийг ард түмэн санаж байхад илүүдэхгүй . олигтой бизнес хийж үзээгүй Алтай ямар аргаар хотын үнэтэй зэрэглэлийн газрыг яаж авсан телевиз байгуулах хөрөнгөө яаж олсонг хожимдоогүй шалгах хэрэгтэй. УИХ дах телевизороос гаралтай гишүүд лоби хийж кабелийн телевизод татвар нэмсэн ард түмний нуруун дээр ирсэн шүү

Avatar

Зочин 2021-05-19 192.82.92.201

УБ-н хүн ам өсөх хирээр сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага жил бүр нэмэгдэж байна. Гэтэл УБ-т шинээр барьж байгаа сургууль цэцэрлэг хэд байгаа вэ? Орон нутагт төвлөрөл бага байхад л сумдад, аймгийн төвд сургууль цэцэрлэг нэмж бариад байх юм. Төсвийн хөрөнгө оруулалтаа хэн нэгэн гишүүний сонгогдсон тойргийн асуудлыг шийдэх биш, хүн амын тоо хэрэгцээ шаардлагад нь тулгуурлаж байж хийдэг болмоор байна. Өнөөдөр 30000 хүн амтай хороонд улсын нэг ч сургууль, цэцэрлэггүй л байж байна.

Avatar

Зочин 2021-05-19 192.82.92.201

Уг нь бол 30000 хүн амтай бол 2-3 сургууль, 10 гаран цэцэрлэг багадаа шаардлагатай баймаар юм. Гэтэл 30000 хүнтэй аймгийн төвд өнөөдөр 4-5 улсын сургууль 10 гаруй цэцэрлэг байна. Түгжрэлийг үүсгэж буй нэг том шалтгаан нь хотын аль нэг захаас нөгөө захруу, төврүү ажилдаа явж буй иргэд, хамран сурах тойргийн бус хүүхдүүд байна. Аль сургалт сайтай улсын сургууль гэсэнд нь ар өврийн хаалгаар хөөцөлдөж байгаад хүүхдээ оруулчихдаг.

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.87

Буруу талдаа хүрдтэй машины импорт хориглох, зам ашигласны татвар нэмэх, дугуйны зам барих талаар хэн ч юу ч дурьдсангүй шүү!

Avatar

Зочин 2021-05-19 202.179.24.202

ЭМЭЭЛТЭЭС БАГАХАНГАЙ ХҮРТЭЛ ТӨМӨР ЗАМАА ХУУЛААД ГАРГА Л ДАА

Avatar

хүннү 2021-05-19 202.55.188.42

1,6 сая хүнтэй, ий муу төлөвлөлттэй хотод 2,5 цаг түгжрэх асуудал байлгүй яадаг юм. Хотоо бүхэлд нь шигэчлэх ёстой,

Avatar

Зочин 2021-05-19 202.179.24.181

НЯМДОРЖИЙГ ЗАЙЛУУЛМААР БАЙНА. ТӨРИЙН ХУТГУУР МОГОЛЫН ТӨРД ГАЙГАА ТАРЬСААР СУУНА.

Avatar

Зочин 2021-05-19 139.5.217.144

Оюуэрдэнэ ПОП-оо Хүрэлсүх та 2-ын шүлэг шиг уншсан ТТ-н цахилгаан станц л бас л сонгуулийн ШОУ байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж