Монголын кино холливуудын хөрсөнд "шингэх" болоогүй!

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Монголын кино холливуудын хөрсөнд "шингэх" болоогүй!

Монголын кино холливуудын хөрсөнд "шингэх" болоогүй!

Нийгэмд хамгийн их шүүмжлэл дагуулдаг салбар бол кино. Урлагийн салбар мөнгө хөөж соён гэгээрүүлэх үндсэн үүргээсээ ухрах вий гэсэн болгоомжлол нийгэмд бий. Ялангуяа алтан үеийнхнээс хойш манай киночид үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгах уран бүтээл гаргаагүй. Жилд олон арван бүтээл борооны дараах мөөг шиг гарч, сүржин нээлтээ хийдэг ч үзэгчид цаг, мөнгөөрөө хохироод үлдэх нь түгээмэл. Монгол кинонуудад өнгө будаг, зүс царай, тансаг машин, үнэтэй костюм, үнэтэй орд харшаас их юм байхгүй. Гэмт хэрэг, хүчирхийлэл, нууц амраг  гэх мэт тулга тойрсон сэдвээс хэтрэхгүй байгаа нь нууц биш.

Цар тахлын үед ч уран бүтээлчид эл сэдвээсээ илүү гарсангүй. Бүр гаднын контент хуулбарлаж, түүнийгээ ил цагаан үзэгчдэдээ зарах нь ч гаарав.  Өнөөдрийг хүртэл уран бүтээл “үнэртсэн”  үзэгчдийн сэтгэлд хүрсэн кино гарын арван хуруунд тоолохоор цөөхөн байна.

Жилээс жилд Монголын кино урлаг шат ахих бус уналт руу орж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 онд холливуудын кино хийх мөрөөдлөө танилцууллаа. Түүний энэ амлалт киночдыг баярлуулж, олны дургүйцлыг хүргэлээ.

Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хямарч, аж ахуйн нэгжүүд нь сөхөрч, иргэд нь туйлдаж байхад Ерөнхий сайд нь 2024 онд холливуудын кино хийж “бүтэлгүйтвэл” алдаанаасаа суралцах тухай ярьж, ажил хэрэг болгохоор төлөвлөж сууна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын салбарын төлөөллүүдтэй уулзах үеэр “2024 он хүртэл хамгийн багадаа холливудын нэг кино хийе. Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая. Эхний ээлжид зөвхөн Чингис хааны тухай кино хийх гэсний хэрэггүй. Анхны кинон дээрээ туршлага хуримтлуулъя, алдаан дээрээ суралцъя. Үүний тулд кино павилон байгуулъя. Та бүхэн зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой. Бидний дараагийн зорилго нь 2024 он хүртэл Netflix дээр таваас доошгүй контент хийе. Дотоодын үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй ч гадаадын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан кинонуудаа оруулъя эсвэл гаднын компанитай хамтраад кино хийе. "Галзуу хурд" киноны нэг давхилтыг  гэр хороололд эсвэл Монголын говьд хийе. Бага багаар ахиц гаргах нь чухал” гэсэн юм.

Өнөөгийн нөхцөлд Монголын хөрсөнд холливуудын кино бүтээх цаг нь биш. Үүнийг долоон буудлын Должин эмээ ч мэднэ. Иргэдэд ажилтай орлоготой, өвдөхгүй байх нь чухал болохоос холливуудын кино бүтээх эсэх тийм ч сонин биш.

Уран бүтээлчид, киночдын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд  өнгөн дээрээ үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзаж, цаагуураа дэмжиж байгаа. Кино урлагийн салбарынхан өнөөдөр  “нэгдсэн тайлбар хийнэ” гэх үгээр байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байгаа юм. Ямартай ч монголчууд холливуудад киноныхоо нээлтийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.

Уран бүтээлчдийн төлөөлөл жүжигчин С.Өлзийхүү “Манай уран бүтээлчид хөрөнгө мөнгө нь байвал дэлхийн аль ч орны кино уран бүтээлчидтэй эн зэрэгцэхүйц чадварлаг. Өмнөд Солонгос, Хятад, Малайз зэрэг Азийн орнуудын жүжигчин, найруулагчдын ур чадвараас дутахгүй. Олон улсын кино урлагийн наадамд манай улсын кино, найруулагч, жүжигчдийн чадвар маш сайн. Хамгийн гол нь менежмент, хөрөнгө санхүү зэрэг улсын бодлого чухал. Бид дэлхийн кино урлагийн зах зээлээс хол биш. Хөрөнгө санхүү, техник, багаа бүрдүүлсэн байхад холливуудын кино хийж чадна. 2024 он биш гэхэд ойрын хугацаанд кино бүтээж амжилтад хүрэх зам руу орох байх. Бид хийе бүтээе гэж бодож зорьж байгаа хүмүүсийнхээ санаачилга, бодлогыг дэмжих нь зүйтэй. Яагаад мөрөөдөлтэй байж, мөрөөдөлдөө хүрч болохгүй гэж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бодлогыг дэмжиж байна” гэлээ.

Эдийн засагчдын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн холливудын кино хийх шийдвэрийг дэмжихгүй байгааг илэрхийлж буй. Түүний шийдвэрийг өнөөгийн цаг үед байгаа оноогүй шийдвэр хэмээн үзэж байна. Нөгөөтэйгүүр  бодлого төлөвлөлт бэлтгэлгүйгээр холливуудын кинонд хөрөнгө зарах нь үр дүнгүй болох талтайг сануулж байгаа юм.

                ХОЛЛИВУУДЫН КИНО БҮТЭЭЛЭЭ Ч ЭДИЙН ЗАСАГТ ТУХАЙН ЖИЛДЭЭ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГӨХГҮЙ

Эдийн засагч Ц.ДАВААДОРЖ: 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед эдийн засгаа сэргээх богино хугацааны төлөвлөгөө боловсруулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ залуу хүний хөөрлөөр сүүлийн үед гаргасан шийдвэрүүд нь байгаа онохгүй байна. Кино урлаг, соёлын салбар бол хөрөнгө оруулалтаа удаан нөхдөг. Түр хугацаанд шийдэх асуудал. Тиймээс цаг хугацааны хувьд яаралтай биш.  Монголд холливуудын кино бүтээлээ ч эргээд зардлаа нөхнө гэж харахгүй байна. Эдийн засагт тухайн жилдээ үр өгөөжөө өгч чадахгүй. Өнөөгийн нөхцөлд эдийн засгаа солонгоруулъя гэвэл боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын салбарт бодит дэмжлэг хэрэгтэй. Аялал жуулчлалын салбарыг зочид буудал, цайны газар төдийхнөөр ойлгох нь өрөөсгөл.

НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТГҮЙ БОЛ ХОЛЛИВУУДЫН КИНО БҮТЭЭСЭН Ч ҮР ДҮНГҮЙ БОЛНО

Эдийн засагч Ч.ХАШЧУЛУУН:

-Соёлын салбарыг энтертаймент байдлаар боддог ч сүүлийн жилүүдэд дэлхий дахинд маш том экспортын салбар болж байна. Үүнд холливууд хамгийн том жишээ нь. Энэтхэгийн болливуудын салбар бол холливуудаас дутахгүй салбар болж байгаа юм. Сүүлийн үед Зүүн Азийн бүсэд Солонгос улс тэргүүлж байгаа. Тус улсын хувьд кино, сериал, хөгжим маш олон салбараа экспортолж байна. Үүний орлого манай улсын экспортын орлогоос давах жишээтэй. Ганцхан Big Bang хамтлаг байхад нэг тоглолтын орлого хэдэн сая ам.доллараар хэмжигддэг. Энэ бол БНСУ-ын үндэсний соёлыг гадагш дэлгэрүүлэх, улмаар Солонгосын бүтээгдэхүүн машин, хоол, хүнсний бараа экспортлоход тус болдог. Өөрөөр хэлбэл, соёлын салбар бол дангаараа байдаггүй, бусад салбаруудтай уялдаатай байдаг. Энэ утгаараа манай улсын хувьд ч бас Ерөнхий сайдын хэлж байгаа нь маш зөв. Яагаад гэвэл, манай улс төв Азийн нүүдлийн давтагдашгүй соёлтой, мундаг түүхтэй. Үүнийгээ сайн сурталчилж  чадахгүй байгаа учраас арчаагүй байдлаар түүхээ гадагшаа алдаж байна. Хятадын Мулан киноны гол дүр Мулан бол бодит байдал дээр Монгол гаралтай эмэгтэй байсан. Энэ талаар Хятадын түүхийн номд хүртэл бичсэн байдаг. Гэтэл Мулан кино болохдоо Хятад болоод хувирдаг. Сүүлийн үед Чингис хааны тухай, монгол хаадын тухай бараг л гадаадынх байсан мэтээр хүмүүст сурталчилж, мөнгө олж байна. Үүнийг засахын тулд бид Ерөнхий сайдын хэлж байгаагаар соёлын салбараа сайн хөгжүүлэх нь зөв. Боломж агуу их байгаа. Холливуудын кино болж хувирах уу, өөр юм болж хувирах уу гэдгийг хэлэхэд хэцүү. “The Hu” хамтлаг бол маш тод жишээ. Дэлхийд болох юм байна гэдгийг харуулсан. Гэхдээ бэлтгэл хэрэгтэй, сайн төлөвлөлт байх хэрэгтэй, ганцхан  салбарыг хөгжүүлэхгүй, жуулчдыг татна. Монгол дээл, морин хуурыг гадагш зарж болно. Түүх соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ зэрэг санаа нь зөв гэж бодож байна. Ер нь Засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд тусламжийг маш их өгсөн гэж бодож байна. Манай улс шиг  цахилгаан дулаан, усны төлбөрийг улсаас даасан өөр улс дэлхийд байхгүй. Манай улс хөгжиж байгаа улс ч иргэн бүртээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, томоохон уул уурхайн компаниудын ногдол ашгийг хүртэл тараасан, хүүхдийн мөнгө олгосон, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан, жижиг дунд үйлдвэрлэлийг татвараас чөлөөлсөн зэрэг өчнөөн тусламж хүргэсэн. Энэ бол тусдаа асуудал.  Covid-19 халдварын үед бодлого хэрэгжүүлсэн, тодорхой үр дүнд хүрсэн байх. Ямар нэгэн байдлаар ажил хийсэн үү, хийсэн. Аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн тусламжаар Ази номхон далайн бүсийн орнуудад дээгүүр байр эзэлдэг юм билээ. Урт хугацааны хөгжлийн бодлого бол өдөр тутмын байдлаас жаахан өөр. Урт хугацаанд болох ёстой зүйл. Covid-19 халдварын дараа эдийн засаг сэргэж байна. Манай хөрш 18 хувийн өсөлттэй, манай улс 15 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засгийн сэргэлтийн үе эхэлж байна. Энэ үед зөвхөн Covid-19 халдвар ярихгүй, хоёр гурван жилийн дараах  байдлуудаа ярих нь зөв. Үүнд аялал жуулчлал болон соёлын салбар ч бас нэмүү өртгийн их том салбар болж хувирах том боломж байна. Соёлын салбар бол харьцангуй үр өгөөж сайтай гэж үздэг. Яагаад гэхээр, Тоёота, Хьюнда шиг үйлдвэр байгуулъя гэвэл 10, 20 жилийн ажил болно. Үйлдвэрлэл байгуулна, боловсон хүчнээ бэлдэнэ, экспортод гаргана гэдэг асар их зардалтай, үр өгөөж нь тийм ч өндөр биш. Соёлын салбар бол үр өгөөжтэй, бүтээгдэхүүн нь хурдан гардаг. Ганцхан бэлэн байх ёстой нь манай боловсон хүчин сайн байх. Контент бүтээгч зохиолч, жүжигчид, техникийн хувьд төдийлөн өндөр хөрөнгө оруулалт шаардахгүй. Холливуудын кино бол их хэмжээний компьютер график ашигладаг учраас зардал өндөртэй болдог. Гэхдээ Холливуудын киног заавал жишээ болгох хэрэггүй гэж бодож байна. Хөрш Өмнөд Солонгост хамгийн өндөр зардалтай нь 7, 8 сая ам.долларт багтаж байна. Энэ бол Монголд томоохон их дэлгүүр байгуулах хэмжээний зардал. Харин дэлхийн хэмжээнд кино хийх чадвар байх ёстой. Үүн дээр анхаарвал манайхан киног сайн хөгжүүлж чадна. Бидний хувьд чадахгүй зүйл байхгүй. Жишээ нь Оскарын шагнал авсан Паразит киног харахад бидний чадахгүй зүйл юу ч  байхгүй. Хүмүүсээ сайн бэлдэж, техник стандартын сайн зохиол гаргавал болохгүй зүйл огт байхгүй. Харин ч соёлын салбарт 10, 20 жил гэхгүйгээр харьцангуй богино хугацаанд бусад орны түвшинд хүрэх боломж бий. Гэхдээ нэг зүйл дутаад байгаа нь, Засгийн газар соёлын салбараа дэмжиж болно. Хувийн компаниуд, телевизийн сувгууд олигтой ажиллахгүй бол Засгийн газрын хэмжээнд хүсээд байгаа зүйл гарахгүй байх гэж айгаад байна. Манай телевизийн сувгууд импортын бүтээгдэхүүнээр дүүрсэн байгаа. Солонгос, Орос, Хятадын бүтээгдэхүүн давамгайлж байна. Солонгос яагаад Оскарын түвшинд хүрч чадсан гэхээр шилдэг сувгууд нь хоорондоо дотоодын бүтээгдэхүүнээр өрсөлддөг. Солонгосын зах зээлд зориулсан бүх насныханд хэрэгтэй, дотоодын бүтээгдэхүүнээ сайн үйлдвэрлэдэг. Үүнд Засгаас нь мөнгө өгч дэмждэг. Жишээ нь, Солонгосын драмд бүгд Солонгос хоолоо амтархан иддэг. Энэ бол цаанаа бодлоготой. Хэрэв дотоодын бүтээгдэхүүнээр өрсөлдөхгүй бол хэн контент гаргах юм. Соёлын сайд нь өөрөө кино авалтай нь биш. Тэгэхээр дотоодын бүтээгдэхүүнээ сайн сурталчлахгүй бол ахиц дэвшил гарахгүй. Ер нь холливуудын кино гэдэг нь Америкийн кино студи кино авна гэсэн үг. Манайд Хятадтай адил дэд бүтэц байх хэрэгтэй. Гадаадын олон мянган жуулчин, сэтгүүлчдийг хүлээн авах дэд бүтэц нь байвал манайд кино хийж болно. Дэлхийн кино компаниуд маш сайн байршил хайдаг болсон. Манай улс ч бас үзэсгэлэнт байгальтай. Жишээ нь, Ring Hobbit, Ring зэрэг киног Шинэ Зеландад хийснээр аялал жуулчлалаар дэлхийд алдартай болсон юм билээ. Ийм байдлаар манай улс өөрсдийгөө сурталчлах юм бол аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж бодож бай


Засгийн газар соёлын салбарыг нэгдсэн бодлогоор дэмжиж байгаа нь сайн хэрэг ч кино урлагт  төр оролцож, Ерөнхий сайд нь холливуудын кино хийхэд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам зэрэг төрийн бүх бүтцээ дайчилна хэмээж байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ.  Түүний эл хөрсөн дээрээ буугаагүй амлалт мянгуужингийн  үлгэр болох вий. Нөгөөтэйгүүр эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төслийн хүрээнд үр ашиггүй мөнгө үрсэн алхам болох вий гэх хардлага ч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж