Хууль төрөхийн өмнө: НДШ-ийг 2 хувиар нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Хууль төрөхийн өмнө: НДШ-ийг 2 хувиар нэмэхгүй

Хууль төрөхийн өмнө: НДШ-ийг 2 хувиар нэмэхгүй

Монгол Улс нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 оноос хамрагдаж, энэ хүрээнд нийгмийн даатгалыг үе шаттайгаар нэмэгдүүлэх тохиролцоо хийгдэж, УИХ хууль баталсан. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар нэмэхээр хуульчилсан. “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг  ажил олгогч болон даатгуулагч тус бүр

2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч, даатгуулагч тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан юм.

Гэтэл covid-19-ийн цар тахал гарч, олон аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого эрс буурснаар нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг үүрэх аж ахуй нэгж ховордож, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, ажлын байраа хадгалах ч хүндрэлтэй болсон.  Эдийн засгийн хүндрэл болон бусад хүчин зүйлээс шалтгаалж,  2019 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 19 мянган аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн 176  тэрбум төгрөгийн өртэй, ажиллагсдын дундаж цалин 1.162.200 төгрөгөөс 34.7 хувийг татвар шимтгэлд зарцуулж байна гэсэн судалгаа бий. Цар тахлын нөхцөлд байгаа сүүлийн нэг жил гаруй хугацаанд энэ байдал улам дордож, онцгой нөхцөл байдлыг үндэслэн УИХ-ын нэр бүхий гишүүд нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээгээр бууруулах хуулийн төсөл өргөн барьсныг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж, батална.

Нийгмийн даатгалын  тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд оруулсан өөрчлөлтөөр ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт 12.5 хувь гэснийг 11.5 болгон өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсч, аж ахуйн нэгжид очих дарамт багасна гэж хуульд санаачлагчид үзсэн.

Тодруулбал, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд даатгуулагч болон ажил олгогч тус бүр 9.5 хувийн шимтгэл төлдөг болгохоор хуульчилсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь үлдээх тухай хуулийн төсөлд тусгасан юм.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөвлөсөн ёсоор хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг 2021 оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжүүлбэл 94.6 тэрбум төгрөг, оны эхнээс тооцвол 190 орчим тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт үүсэх юм. Харин уг өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлбэл Нийгмийн даатгалын санд шимтгэлээс орох орлого 195.2 тэрбум төгрөгөөр буурч, мөн дүнгээр улсын төсвийн ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тиймээс энэхүү зардлыг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын үеийн хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болох юм.

Хууль батлагдсанаар нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган шимтгэл төлөгч ажиллагсад уг хөнгөлөлтийг эдлэх бөгөөд хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөхөөр тусгажээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж