"Импортын машины гэмтэлтэй эсэхийг Ebarimt-аар шалгана"

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

"Импортын машины гэмтэлтэй эсэхийг Ebarimt-аар шалгана"

"Импортын машины гэмтэлтэй эсэхийг Ebarimt-аар шалгана"

Шатахуун бага зарцуулдаг “Тоёота” приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх нь унадаг. Улаанбаатарын замаар "урсч" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой.  Гэвч импортоор оруулж ирж байгаа хуучин автомашинууд тухайн улсдаа гэмтсэн, мөргөлдсөн  эсэх дээр хийх хяналт шалгалт дутмаг хэвээр.

Тиймдээ ч Монгол Улс, Япон улсаас хамгийн олон хуучин машин импортлогч улс болохыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 2020 оны аравдугаар сард танилцуулсан судалгаанд дурдсан байдаг.

Тодруулбал, судалгаанд Монгол Улсыг автомашины насжилтад хязгаар тавьдаггүй,  агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах маш сул бодлоготой гэж тодорхойлжээ.

"Монгол улс нь 2017, 2018 онуудад Япон улсаас хамгийн олон гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашин импортолсон улс болсон бөгөөд  монголын замын хөдөлгөөнд оролцож буй “Тоёота” приус загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин машин.  Түүнчлэн Монголд цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашины импорт 2012-2016 онд гурав дахин өссөн бол дизель хөдөлгүүртэй автомашины тоо мөн хувиар буурсан. Үүний гол шалтгаан нь Монгол Улс импортын хуучин, цахилгаан хөдөлгүүрт автомашинаас ямар нэг нэмэлт татвар авдаггүй явдал" хэмээн бичсэн байна.

Улс орнууд 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, эсвэл өндөр татвар ногдуулах зэргээр хүн ам, байгаль экологийн аюулгүй байдлыг хангадаг бол Монголд энэ чиглэлийн бодлого алга. Гадаад орнуудад актлагдсан автомашин нь Монголд импортоор орж ирээд хүн амынх нь хөл дүүжлэх унаа болж, хогийн цэгийг нь ч давхар цэвэрлэж өгч байгаа гэхэд буруудахгүй. Тэгвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс хойш хилээр  нэвтэрсэн  автомашины  гаалийн талбай дээрх бодит зураг, арлын дугаар, марк, модель, өнгө, жолооны хүрдний байршил, хурдны хайрцаг, үйлдвэрлэсэн он, импортолсон  он, явсан гүйлт, бүртгэсэн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой болжээ.

Тодруулбал, Гаалийн Ерөнхий газар,  Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв /ГТСМТТ/  хамтран Ebarimt системийг ашиглан дээрх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 17 ЦИФР БҮХИЙ АРЛЫН ДУГААРЫГ ОРУУЛАХАД  МЭДЭЭЛЭЛ НЬ  ХАРАГДАНА

Энэ талаар ГТСМТТ-ийн төвийн систем нэвтрүүлэлтийн албаны менежер Г.Ундралаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар Ebarimt системд 2006495 хүн бүртгэл хийлгэсэн байгаагаас 1810318 хэрэглэгчийн бүртгэл баталгаажсан төлөвтэй байна. Бид өнгөрсөн хугацаанд  Ebarimt системийг тасралтгүй сайжруулж, хөгжүүлэлт хийсээр ирсэн. Үүний нэг  жишээ нь Засгийн газраас иргэдэд олгосон 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийг Ebarimt систем дээр тулгуурлаж олгосон. Ebarimt системийн хэрэглэгчдэд танилцуулж буй дараагийн үйлчилгээ бол Онцгой албан татвар ногдуулах барааны QR кодыг уншуулж, тухайн барааны гарал үүслийн мэдээллийг харах боломжтой болсон явдал юм. Ингэснээр хэрэглэгчид хуурамч бараа бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлж чадна. Тодруулбал, “Ebarimt аппликейшнд худалдан авсан автомашины арлын дугаарыг оруулснаар тухайн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл болон гаалиар орж ирэх үеийн зурган мэдээллийг харах боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл, тухайн автомашин нь  аль улсад, хэдэн онд үйлдвэрлэгдсэн, хэзээ монголд орж ирсэн, осол аваарт өртөж байсан эсэх талаарх мэдээллийг авах боломжтой гэсэн үг.

2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс хойш Монгол Улсын хилээр 128885 автомашин нэвтэрсэн байна. Иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс хойш хилээр  нэвтэрсэн  автомашины мэдээллийг авах боломжтой. Иргэд дээрх хоёр үйлчилгээг авахын тулд Ebarimt аппликейшнээ update хийж үйлчилгээ цэсээс “Гаалийн Ерөнхий Газар” төрийн байгууллагыг сонгож, гаалийн лавлагаа авах дэд цэсийг дарж цааш үргэлжлүүлнэ. Тээврийн хэрэгслийн мэдээлэл шалгах үндсэн хэсэг болох “Тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах” товчийг дарснаар мэдээлэл хайх хэсэгт нэвтэрнэ.

Тээврийн хэрэгслийн 17 цифр бүхий арлын дугаарыг оруулан шалгах товч дарснаар тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл харагдана. Манай байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэх боломжийг дэвшилтэт технологи ашиглан системээр хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг. Иргэдэд тулгамдаж буй асуудлын нэг болох хуучин автомашиныг  засч янзлаад зарж борлуулах тохиолдлууд их байдаг  учраас тухайн асуудлыг шийдвэрлэх үүднээс Ebarimt системийнхээ үйлчилгээг сайжрууллаа. Ebarimt систем хэрэглэгчид дээрх үйлчилгээнүүдийг ашиглахад бэлэн болсныг дуулгахад таатай байна” гэлээ.

2019 ОНД  ЭВДРЭЛ, ГЭМТЭЛТЭЙ 4196 АВТОМАШИН ИМПОРТЛОГДСОН

Авто тээврийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар  2019 онд эвдрэл гэмтэлтэй 4196 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тухай тус төвийн мэргэжилтний илтгэлд дурдагджээ.

Зөвхөн 2019 онд импортлогдсон эвдрэл, гэмтэлтэй 4196 тээврийн хэрэгслийн

  • 20 хувь нь хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдалд нөлөөлөх эд ангийн эвдрэл, гэмтэл
  • 67 хувь нь хөдөлгөөний идэвхгүй аюулгүй байдалд нөлөөлөх эд ангийн эвдрэл, гэмтэл
  • 7 хувь нь бусад төрлийн буюу үерийн усанд орсон, асдаггүй, мөргөлдсөн, мөндөрт цохиулсан гэх мэт эвдрэл гэмтэлтэй гэж судалгаанд онцолсон байна.

Үүнээс гадна өндөр насжилттай автомашинаас ялгарах утаа нь агаарын бохирдол ихээр үүсгэдэг. Улс орнууд байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг өндөр насжилттай автомашиныг хэрэглээнээс хасахын тулд импортын өндөр татвар тогтоох зэргээр зохицуулалт хийдэг.

Харин Монголд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ асуудал хөндөгдөж ирсэн ч иргэдийн амьжиргаа сайжраагүй үед өндөр насжилттай автомашины татварыг нэмэх нь зохисгүй гэж үзсээр өнөөдөртэй золгосон байдаг.

Дэлхийн жишгээр автомашины ашиглах дээд хугацааг 15 жил гэж тооцдог байна. Гэтэл Монголд хогийн цэг рүү очихын өмнөх автомашинууд олноороо импортлогдсоор байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэгч орноосоо гологдсон "хөгшин" тээврийн хэрэгслийг хэдэн мянгаар нь зөөвөрлөсөөр байх уу? гэдэг асуулттай бид нүүр тулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж