Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гадаадын иргэдэд хөдөө аж ахуйн чиглэлээр газар худалдах, түрээслэхийг хориглох хуулийг өнгөрсөн долоо хоногт /2021.05.17/ баталжээ. Сүүлийн үед Хятад иргэд тус улсад хөдөө аж ахуйн зорилгоор газар худалдан авах нь ихэссэн учир үүнийг таслан зогсоох зорилгоор уг хуулийг санаачилсан байна.
Шинэ хуульд, аливаа гадаадын иргэн, компани, хуулийн этгээд болон гадаад эзэнтэй Казахстаны компани, олон улсын байгууллагууд тус улсад хөдөө аж ахуйн чиглэлээр газар худалдан авах, түрээслэхийг хоригложээ.
Казахстан улс нь үр тариа, тослог ургамлын үр, махны томоохон үйлдвэрлэгч бөгөөд 2016 онд тус улсын эрх баригчид тариалангийн талбайн зах зээлээ гадаадынханд нээж, хөдөө аж ахуйдаа гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар шийдэж байв. Гэвч хөрш зэргэлдээ Хятад улс тус улсын бүх тариалангийн газар, бэлчээрийн талбайг эзэмшдэг болох вий гэж эмээсэн иргэд нь энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэн, жагсах болсон юм. Ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан учир Казахстаны Засгийн газар уг төлөвлөгөөг 2021 он хүртэл хүчингүй болгоод байсан бөгөөд одоо ийнхүү албан ёсоор хуульчилж байна.
Эх сурвалж: The Diplomat
Холбоотой мэдээ