Гангийн үйлдвэрлэлийн өсөлт Монголын боломж

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Гангийн үйлдвэрлэлийн өсөлт Монголын боломж

Гангийн үйлдвэрлэлийн өсөлт Монголын боломж

Дэлхийн ган үйлдвэрлэлийн 50 хувийг Хятад үйлдвэрлэж буй бөгөөд эрэлт нь ч урд хөршид бий. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гангийн үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг бууруулах арга хэмжээ авч буй тус улсад гангийн гарц түүхэн дээд хэмжээнд хүрэв. Хятадад өнгөрсөн дөрөвдүгээр сард түүхий гангийн үйлдвэрлэл 97.9 сая тонн болж өссөн байна. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа гангийн үйлдвэрлэлийг онцоллоо.


Хятадын Засгийн газраас гангийн үйлдвэрлэлд шаардлагатай зарим түүхий эдийн импортын татварыг тэглэхээр болжээ. Тус улс энэ сарын 1-нээс ширэм, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ган төмрийн хаягдлын импортыг татваргүй болгосон байна. Энэ нь Австралиас импортолдог төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулна гэж үзжээ.

Ирэх сараас Хятад улс гангийн 146 төрлийн бүтээгдэхүүний экспортын татвар, НӨАТ-ын буцаан олголтыг зогсоох аж. Энэ нь гангийн нөөцийн импортыг нэмэгдүүлэх, түүхий гангийн дотоодын үйлдвэрлэлийг бууруулахад чиглэж буй юм байна.

Дэлхийн гангийн холбооноос дэлхийн гангийн эрэлт энэ онд цар тахлын өмнөх түвшинг давж, 5.8 хувиар өснө гэж таамаглаж буйгаа мэдээлсэн билээ.

Хятадын Шандун мужийн Засаг захиргаа өнгөрсөн сард 2022 он гэхэд тус мужийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг 21.41 сая тонноор бууруулж, бага хүчин чадалтай зарим үйлдвэрүүдийг хаахаар шийдвэрлэжээ. Мөн мужийн гангийн үйлдвэрлэлийг 2021 онд 4.65 сая, 2022 онд 16.76 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөсөн байна.

 

 

Шанхайн фьючерс биржид ган арматурын ханш өнгөрсөн сард 848 ам.доллар (5487 юань) болж, 2009 оноос тус бүтээгдэхүүнийг арилжаалж эхэлснээс хойших дээд түвшинд хүрсэн байна.

Хятад улсын “Anshan Iron” болон “Benxi Iron” компаниуд нэгдэж, ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох зорилго тавьжээ.

Гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн жишиг ханш сүүлийн өдрүүдэд ялимгүй буурч, тонн нь 189.7 ам.доллар болоод буй юм. Өнгөрсөн сарын сүүлээр төмрийн хүдрийн ханш 10 жилийн дээд цэгт хүрсэн. Үүнтэй холбоотойгоор гангийн үнэ ч өссөн билээ.

Монголын боомтуудад халдварын эрсдэл өндөр, Австралийн коксжих нүүрсний импортод тавьсан хориг үргэлжилж буйтай холбоотойгоор энэ онд Хятад нүүрсний импортын хэмжээнд квот тогтоохгүй юм байна. Улмаар тус улсын зах зээлд 30 сая тонн коксжих нүүрсний хомсдол үүсч болзошгүй бөгөөд түүнийг Монгол, Канад, АНУ, ОХУ-аас бүрдүүлэх төлөвтэй байгаа аж.

Хятад улсаас өнгөрсөн оны аравдугаар сард Австралийн нүүрсний импортод тогтоосон хориг цаашид ч үргэлжлэх магадлалтай байна. Энэ нь Монгол Улсаас Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээ өсөх боломж бийг харуулж буй юм.

Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагын судалгаагаар, энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй байгаа аж. Монгол Улаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортлох таамаг дэвшүүлжээ.

Гэвч Covid-19-ийн улмаас Монголын талын боомтууд хаагдах, экспортын тээврийн хэрэгслийг Хятадын талаас цөөн тоогоор нэвтрүүлэх тохиолдол буураагүй. Мөн Монголын талын дэд бүтцийн хөгжил сул байгаагаас бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа нь гол анхаарах асуудал билээ.

Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, тус улс 2021 оны эхний улиралд нийт 970.5 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16%-иар өсчээ. Хятадын импортын нүүрсний хэмжээ тогтвортой бус, нүүрсний нөөц бага байгаагаас үүдэн жилийн эцэст эрэлт нийлүүлэлтийн зөрүү 10 сая тонныг давах ба энэ нь нүүрсний үнийг дэмжих болно гэж “Today Think Thank” үзжээ.

Хятадын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц гурван долоо хоног дараалан буурсан нь эрэлт их байгаатай холбоотой юм.

Энэ оны нэгдүгээр улиралд Хятад улс 11.25 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 45.9%-иар буурсан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас (2021.04.21) мэдээлсэн.

Оны эхний улиралд Монгол Улс нийт 6.67 сая тонн нүүрс, хоёрдугаар сард 2.02 сая тонн, гуравдугаар сард 2.14 сая тонн нүүрс тус тус экспортолсон. Мөн хугацаанд Орос улс гадаад зах зээлд нийт 42.47 сая тонн нүүрс экспортлосноос нэгдүгээр сард 176.8 мянган тонн коксжих нүүрс, хоёрдугаар сард 2.46 сая тонн нүүрс Хятадын зах зээлд тус тус нийлүүлжээ. Хойд хөршийн хувьд хоёрдугаар сард коксжих нүүрсний экспортоо 91%-иар нэмэгдүүлсэн нь манай улсын нийлүүлэлтээс давсан байна.

Эх сурвалж: MINING, REUTERS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж