Соёлын өвөө хав дарах бус эдийн засгийн эргэлтэд оруулъя

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Соёлын өвөө хав дарах бус эдийн засгийн эргэлтэд оруулъя

Соёлын өвөө хав дарах бус эдийн засгийн эргэлтэд оруулъя

Үүх түүхийн гэрч болсон монголчуудын ахуй соёл, үнэт өв цөөрч, зарим нь устаж үгүй болсоор байгаа нь анхаарал татсан асуудлуудын нэг болж байна. Олон жил “мартагдсан” соёлын салбарыг Засгийн газар анхаарч эхэлсний тод жишээ нь Соёлын яам. Ийнхүү 30 жилийн дараа салбарын яамтай болсноор өнөөдөр  кино урлаг, музей, хөгжим, урлаг соёлын салбарынхан нэгдэх боломж гарч байгаа юм. Тэдний төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.05.18/уулзаж, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон соёл урлагаар дамжуулж эх орноо дэлхийд сурталчлах боломжийн талаар хэлэлцэв. Хэдийгээр соёлын салбарт шийдэгдээгүй олон асуудал бий  ч ойрын хугацаанд үндэсний өв соёл, үүх түүхээ  хөгжим, кино урлагаар дамжуулан сурталчлахад боломж, гарц байгааг салбарын төлөөллүүд онцолж, байр сууриа илэрхийлсэн юм.

КИНО УРЛАГИЙН САЛБАРЫГ ДАГААД ХӨГЖМИЙН САЛБАР ХӨГЖИНӨ

Хөгжмийн зохиолч Ж.ДАШДОНДОГ: 

-Одоо л бид зөв ярьж эхэлж байна. “The Hu” бол органикаар дэлхийд нэрээ гаргасан хамтлаг. Харин "BTS" бол улсаас тодорхой хэмжээний дэмжлэгтэй, багууд гаргаж шинэ клипээ цацахад нэг цагийн дотор 200 гаруй сая үзэгчтэй байна. Энэ бол багуудын хамтын ажил маш сайн байгаа юм. Энэ хэрээр жуулчдын тоо их байгаа юм. Хэрэв “The Hu” хамтлагт төрөөс дэмжлэг үзүүлж компьтер графикийн хүчтэй баг гаргаж ажиллавал уран бүтээлүүдийн хандалтыг өсгөх. Энэ хэрээр жуулчдыг Монголдоо татах, улсын эдийн засагт үр өгөөжөө өгөхөд бодлого баримталж ажиллавал зүгээр болов уу. Хоёрдугаарт, кино урлаг дэлхийд монголчууд нэрээ гаргахад үүрэг гүйцэтгэх ганцхан салбар. Энэ салбарыг дэмжиж ажиллаж чадвал Монгол Улсад ажилгүй хүн байхгүй болохоор салбар гэж харж байгаа юм. Дэлхийн томоохон продюссер “Дэлхийн шилдэг зуун  компани зуун жил танай түүхээр кино хийгээд ч барахгүй шүү” гэж хэлсэн удаа бий. Бид үүх түүхийн их соёлоо түүх судлаач, компаниуд нь судалж гаргах, кино зохиол бэлдэх хэрэгтэй. Кино павилон байгуулж, гаднын боловсон хүчинтэй туршлага солилцох, мэргэжилтэй боловсон хүчнээ бэлдэхэд анхаарах хэрэгтэй. Үүнийг дагаад хөгжмийн салбар ч илүү хөгжинө.

"Циркус Монголиа Хадгаа" циркийн захирал Ч:ХАТАНБААТАР:

-Гэр бүлээрээ үзэх ганц урлаг бол цирк. Жүжигчид уран бүтээлчид нь хүртэл гэр бүлээрээ ажиллаж, аялдаг өвөрмөц онцлогтой урлаг. Соёлын яамтай болсноор циркийн урлаг Монголдоо тоогдож эхэллээ. Бид бас өвтэй, хөрөнгөтэй. Анх 1940 онд байгуулсан циркийн байгууламжийг бидэнд өгөх бололцоо байдаг байдаг болов уу. Энэ бол хүүхэд багачуудад ихээхэн итгэл өгөх юм. Эдүгээ 80 жилийн ойтойгоо золгож буй Монголын циркийн урлаг сүүлийн 30 жил дэлхийн дөрвөн тивд ажиллаж амьдарч, эх орноо сурталчилж байна. Циркийн 1500 гаруй уран бүтээлч дөрвөн тивд эх орныхоо нэрийг гаргаж ажиллаж байна. Өнөөдөр уран нугаралтын урлагаар 300 гаруй хүүхэд хичээллэж байна. Ийм тоон баримт дурдаж байгаа нь цирк хаачив?, Монголын циркийн урлаг байна уу гэх манан дунд төөрсөн иргэддээ циркийн урлаг мөхөөгүй гэдгийг харуулах болов уу. Аялал жуулчлалын салбарт ч  бас циркийн нөлөө чухал байдаг. Тиймээс соёлын салбарыг хөгжүүлэхэд циркийн урлагаа ашиглаарай.

Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.НАРАНЗУН: 

-Соёл урлагийн салбарт Засгийн газраас анхаарч байгаа нь маш чухал. Соёл урлагийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бүгд тодорхой зэрэг түвшинд хүрч байж бид хөгжих ёстой. Соёлын өв, урлаг соёл хосолж байж соёлын аж үйлдвэрлэл хөгжинө. Соёлын өв бол хадгалах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй, өвлүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Бааз бүрдүүлэх тухайд анхаарах ёстой. Соёлын өв алдагдаж, үгүй болж байгаад анхаарах нь чухал. Үүнийг салбарынхан онцолж байна. Гэхдээ соёлын үнэт өвөө хэрэглээнд оруулах нь чухал. Хэрэглээг бий болгоход баазаа хөгжүүлэхэд анхаарахгүй бол өнөөдөр хэлэлцэж буй асуудлууд бол ердөө ганц хоёр жишээ. Тиймээс дотоодын платформыг хөгжүүлэх урт хугацааны бодлого хэрэгтэй. Үүнд Соёлын яам анхаарч ажиллах ёстой байна. Хэрэглээг бий болгоход эрхзүйн хэрэглээг бий болгох хэрэгтэй. Эрхзүйн асуудлаа цэгцэлж байж бид соёлын өвөө хамгаалах, дэлхийн зах зээлд нэвтрэх боломжтой. Соёлын салбарт  үгүйлэгдэж буй асуудал эдийн засагч, судлаачтай болох шаардлагатай байна.

Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн, архитектур БАТЖАВ:

-Өнөөдөр соёлын салбарт яригдаж бу чухал асуудал бол тодорхой барилгын салбарт яригддаг. Соёлын биет өвөө авч үлдэхгүй бол бидний яриа хийсвэр хоосон зүйл болох гээд байна. Биет өв бол соёлын хүмүүжлийн амьдралын тохь тухыг бий болгох суурь. Тэгэхээр бид хотынхоо өнцөг булан бүрт байгуулж буй барилга, баримал бүх зүйлийг мэргэжлийн түвшинд соёл гэдэг шаардлагыг хангах хэрэгтэй. Мэргэжлийнхний саналыг сонсч, анхаарах хэрэгтэй.

      2024 ОНД ХОЛЛИВУУДЫН КИНО ХИЙНЭ

Даяарчлагдаж буй энэ цаг үед үүх түүх, өв соёл, түүхийн үнэт дурсгалаа хадгалж хамгаалах нь чухал ч “хав дарах” бус эдийн засгийн эргэлтэд оруулж хөгжүүлэх, дэлхий дахинд таниулах нь чухал гэдэгт салбарын төлөөллүүд санал нэг байлаа. Уулзалтын үеэр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрөөс хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллахад төрийн бүх л яамд хамтран ажиллаж дэмжинэ гэдгийг илэрхийлсэн юм. Энэ талаар тэрбээр “2024 онд Холливуудын нэг кино хийхээр зорьё. Зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой. Галзуу хурд киноны нэг хэсгийг  гэр хорооллын гудамжаар хийе. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлцгээе. Татвар, давхар даатгал гэх мэт асуудлуудаа Хууль зүйн яамтай ярилцаад шийдэх боломжтой. Ажлын хэсгийг Соёлын сайд ахалж, салбарын төлөөллөө багтаан ажиллах хэрэгтэй. Би Соёлын сайдыг Монгол-Америкийн Засгийн газрын комиссын даргаар томилох гэж байгаа. Удахгүй албажих болно. Энэ нь Холливуд гэх зэрэг олон талтай харилцах гол цонх нь болох юм. Бидний тавих дараагийн зорилго нь 2024 он хүртэл Netflix дээр таваас доошгүй контент хийе” гэсэн юм.

Сангийн яамнаас урлаг соёлын салбарыг хөгжүүлснээр далд эдийн засгийг ил гаргаж үр өгөөжөө өгнө гэдгийг онцолсон. Урлаг соёлын салбарын маш цөөн хувь нь татвар төлдөг болохыг салбарын сайд Б.Жавхлан уулзалтын үеэр онцолж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж