Клабхаус өчигдөр 1.8 мянган хүн цугласан томхон хэлэлцүүлэг өрнөв. Өрөөний нэр нь “С.Зоригийн аллага, хэргийн өрнөл. Ц.Нямдорж юу хийгээд байна вэ. Баабарын гаргалгаа”. Сонирхолтой, анхаарал татсан олон асуултад нийтлэлч Б.Баабар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, хуульч Б.Мэргэн, Э.Бат-Үүл баатар зэрэг олон хүн тайлбар, гаргалгаа хэлсэн. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж олон хүн шоронд хийсний нэг нь журмын нөхөр Н.Энхбаяр болох тухай ч тэнд яригдав.
Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр их эртний найзууд. Н.Энхбаярыг урт шар дээлтэй байх үед тэд хамтдаа хаан, заан шиг явж байсан үе бий.
“Ц.Нямдорж над дээр нүдэндээ нулимстай олон удаа орж ирж аврал гуйж байсан” гэж Н.Энхбаяр ярьдаг. Хоёр жилийн өмнө "МАНАН бүлэглэл анх байгуулагдахад Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар орж ажилласан. Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа хууль засч, Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтоосон. Үнэн хэрэгтээ Ц.Нямдорж Татварын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг ч засаж явсан хүн. Сонгуулийн хуулийг засч сонгуулийг будлиантуулж, Татварын хуулийг засч хувийн компаниудтай ямар нэгэн тохиролцоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг одоо шалгах хэрэгтэй. Ц.Нямдорж 1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож байна. Тэр өнөөдөр ЖДҮ-чдийг хамгаалаад сууж байна" гэж шүүмжилж байлаа.
Ц.Нямдорж Н.Энхбаярт дургүйгээ нуудаггүй. “Н.Энхбаяр Монголын төрд 10 жил сууж болохгүй бүтэхгүй юм их хийсэн” гэж Ц.Нямдорж зурагтаар гарах болгондоо муулдаг. Баривчлах үед нь зурагтгүй байснаа гайхуулдаг. Дараа нь “Дургүй хүрээд тэгж хэлсэн” гэж даапаалдаг.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө цагдаа, АТГ-ын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилсан. Оймсыг нь гозолзуулаад шүү. Түүний баривчилгааг тв9 телевиз шууд дамжуулсан бөгөөд сэтгүүлчдийн тавьсан асуултад Ц.Нямдорж хариулахдаа "Би мэдээгүй, манайх зурагтгүй" гэж байв. Түүнээс хойшхи есөн жилийн хугацаанд Ц.Нямдоржийн томорсон, Н.Энхбаярын ядарсан хоёр яг тэнцсэн.
Ийнхүү нэгэн цагт найз нөхөр явсан, дараа нь хонь, чонодоо тулсан Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр одоо нэгэн дээвэр дээр оффислохоор болж байна. Товчхондоо, “Их мөрөн ч шалбааг”-тай эргэж нийлэх цаг ирдгийг Н.Энхбаярын эргэн ирэлт харуулав.
МАН-ын 100, МАХН-ын 10 жилийн ойгоор У.Хүрэлсүхтэй Н.Энхбаяр эвсэж нэгдэх биш бүр дэр нэгтгэж байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр зарласан юм. Н.Энхбаяр МАН-тай нэгдэх болсон шалтгаанаа мянганы төмөр зам тавих гэлээ. Өмнөх мянганы зам нь мянгуужингийн үлгэр болоод дууссан. Тэгэхээр МАН, МАХН-ын хуримын гол сюрпириз нь Н.Энхбаярын хүслээр эрх баригчид эргээд нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс байгуулчих вий гэх болгоомжлол байна. Учир нь, Н.Энхбаяр хоёр нам нэгдсэн хамгийн том шалтгаан нь тав дахь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж тайлбарласан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглалтай болох Н.Энхбаярыг эртний хүслийг биелэх тохиролцоо явагдсан байж мэдэх.
Хоёр нам Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг 10 зорилт бүхий уриалгыг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлээд 90 хувь нь дэмжсэн гэжээ. Н.Энхбаяртай сүй тавихыг Ц.Нямдорж дэмжсэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ түүнд таатай биш байгаа нь нэн тодорхой. Учирахгүй гэсэн хүнтэйгээ гурав учирдаг гэж мэргэн үг бий. Одоо тэд хоёулаа МАН-аар “овоглох” нь туйлын үнэн юм.
Өнгөрөгч Ням гаригт Н.Энхбаяр МАХН-ын даргын хувиар хамгийн сүүлчийн хуралдайгаа хийж, намаа татан буулгалаа. Уг хуралдайд У.Хүрэлсүх очиж, Н.Энхбаярын гараас 100 жилийн ойн медаль гардав.
Хүүгээ гишүүн болгоод Н.Энхбаярын хүсэл ханахгүй. МАН-ын Удирдах зөвлөлд орох сонирхол, шаардлага Н.Энхбаярт бий. Үүнийг У.Хүрэлсүх зөвшөөрлөө гэхэд Ц.Нямдорж зөвшөөрөх нь юу бол.
У.Хүрэлсүхийн урилга, заллагаар төрхөмдөө эргэн ирж, 10 жил ашигласан намынхаа тамгын чамгүй өндөр үнээр зарсан, Ц.Нямдоржийн хонгилоор ороод гарсан Н.Энхбаяр нэгэнтээ “Өшөөгөө авч, улсаа хөгжүүлнэ” гэж байлаа. Н.Энхбаярын өшөөгөө авах эхний хүн нь Ц.Нямдорж байж магадгүй. Түүний оймсыг гозолзуулсан хүн шүү дээ.
Ц.Нямдорж сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдлэж байсан Т.Чимгээгээс өөр хүнээс уучлал гуйж огт үзээгүй. “Би хэнээс ч уучлал гуйж байгаагүй шүү” гэж ил тод зарладаг хүн. Авчиг Ц.Нямдоржийн хүсээгүй хуримд Ардын намынхан уригдахаар боллоо. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-д, Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын дунд Тусгаар тогтнолын ордонд хэн үлдэж, хэн нь явах вэ гэсэн дажин гарцаагүй өрнөнө, бооцоо тавьсан ч бараг болно.
Холбоотой мэдээ