Татварын тухай хуулиар татвар төлөөгүй, өртэй аж ахуй нэгжүүдийн дансыг нь хааж эхэлсэн байна. Хуулийн дагуу аж ахуй нэгжүүд татвараа төлөх, хуулиа биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас дэлхийн бүх л улс оронд хатуу хөл хориог хэсэгчлэн болон бүтэн тогтоож, хилээ хааж, халдварын тоог бууруулахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч санаснаар болохгүй байгааг бүгд харж байна.
Монгол улсын хувьд 1,5 жилийн хугацаанд хэсэгчлэн болон хатуу хөл хорионд байсан аж ахуй нэгжүүдийн орлого тасарч, ажлын байраа хадгалах боломжгүй, хаалгаа хааж эхэлснийг судалгаа харуулж буй.
Ялангуяа хөл хорионы хугацаанд 68,9 мянган хүн ажилгүй болж байгаа нь аж ахуй нэгжүүдийн орлого буурч, үйл ажиллагаа нь зогссонтой холбоотой. Тодруулбал, 2019 онд 54217 аж ахуй нэгжид 808.9 мянган ажилтантай байсан бол 2020 оны III улиралд 740.1 мянга болж буурсан бодит тоон үзүүлэлт байна. МҮХАҮ-ийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн хэлснээр “Нийгмийн даатгалын шимтгэл болон татвар, Зөрчлийн хуулиар тавьсан өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлж хөнгөлөх, Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус эргэлзээтэй, муу зээлдэгч ААН, иргэдийн ангиллыг сайжруулах шаардлагатайг ч сануулсан. Мөн тус газраас гаргасан судалгаагаар 2020 онд нийт 132 мянган ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн ба 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч, үндсэндээ мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж байна.
Зургийн тайлбар: МҮХАҮТ-аас гаргасан судалгаа
Монгол Улсын татварын алба улсын төсөв бүрдүүлэх, аж ахуй нэгжүүд татвараа төлөх үүрэгтэй ч өнөөгийн нөхцөл байдалд арай гэж сэргээх гэж хичээж байгаа аж ахуй нэгжийнхээ дансыг хаах, өр төлбөрөө төлөхийг шаардаж байгаа нь эдийн засаг сөрөг нөлөөлөл авчрах вий гэсэн болгоомжлол байгааг ч аж ахуй нэгжүүд онцолж байна. Цар тахлын үед татварын орлогоо төлж, ажлын байраа хадгалж ирсэн аж ахуй нэгжүүдээ дэмжинэ гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа ч бодит нөхцөл байдал дээр аж ахуй нэгжүүдийнхээ дансыг хааж, татвараа бүрдүүлэхээр улайрч байна уу гэх хардлага ч аж ахуй нэгжүүдэд байгаа аж. Тиймээс дансаа хаалгасан аж ахуй нэгжүүд нэгдэж, төрийн байгууллагуудад данс хаах үйлдлээ зогсоож, аж ахуй нэгжүүдээ дэмжихийг уриалж эхэлжээ. Эдгээр компаниудын хувьд цар тахлын үед ажлын байраа хадгалах, орлогоо бууруулахгүй хаалгаа барихгүйн тулд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн ч өнөөдөр ийн дансаа хаалгаж байгаа нь эдийн засгийг боймолж байна гэж үзэж, дуу хоолойгоо нэгтгэж, шаардлага тавиад эхэлсэн байна.
ДАНСАА ХААЛГАСАН ААН-ҮҮД:
Т.ОД
Холбоотой мэдээ