Санкт-Петербургийн Эдийн засгийн форум бол том боломж юм

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Санкт-Петербургийн Эдийн засгийн форум бол том боломж юм

Санкт-Петербургийн Эдийн засгийн форум бол том боломж юм

Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн форум бол дэлхийн эдийн засаг, бизнесийн өвөрмөц үйл явдал мөнөөс мөн. Энэ форумыг 1997 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд харин 2006 оноос Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн оролцоо, ивээл дор болдог болсон юм.

Өнгөрсөн жилүүдэд форум Орос орон, хөгжиж буй зах зээлүүд болон дэлхий нийтийн өмнө тулгарч буй эдийн засгийн гол гол асуудлыг хэлэлцэж, ажил хэрэгч бүлгийн төлөөлөгчдийн санал бодлоо солилцдог дэлхийн тэргүүлэх учир холбогдолтой талбар болсон билээ.

Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн ХХIV форумыг 2021 оны зургадугаар сарын 2-5-нд хийхээр товлоод байна. Форумын ажил хэргийн хөтөлбөр орсон сэдвүүд нь уламжлал ёсоор дэлхийн болон Оросын эдийн засгийн асуудал, нийгмийн асуудал хийгээд технологийнг хөгжилд зориулагдах юм.  Тухайлбал, “Хөгжлийн төлөө хүч чармайлтаа нэгтгэх” гэсэн сэдвийн хүрээнд олон улсын тавцанд хамтран ажиллах ковидын дараахи үед янз бүрийн салбарыг өөрчлөх, түүнчилэн хөрөнгө орхуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх асуудалд зориулагдсан чуулга уулзалт болно.

Форумын хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяковын хэлснийг эш татан чуулга уулзалтыг зохион байгуулагч “Росконгресс” сангийн хэвлэлийн албаны уламжилснаар Орос болон дэлхий ертөнц одоо “цар тахлын дараахи өөрчлөлтийн цэгт” байна гэсэн шинжээчдийн санаа бодлыг харгалзан уг форумыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. “Бүх нийтийг хамарсан вакцинжуулалт явуулж, сүргийн дархлаа бий болж байгаагийн дүнд” цар тахлын байдал тогтворжих боломжтой болсныг бас тэмдэглэж байна. Коронавирусийн шинэ халдвар (COVID-19) тархахаас сэргийлэх үүднээс аюулгүй байдлын арга хэмжээг чанд сахин 2021 оны Санкт-Петербургийн Эдийн засгийн форумыг зохион байгуулах бөгөөд ДЭМБ-ын шаардлагыг харгалзан Зохион байгуулах хороо эдгээр арга хэмжээг нарийн  нягт боловсруулжээ.

Бий болсон нөхцөл байдалд Орос орон цар тахлыг үр дүнтэй давж гарч байгааг дэлхий нийтэд харуулах нь чухал гэдэг нь тодорхой юм. Олон улсын ийм чухал бөгөөд өргөн төлөөлөл бүхий форумыг нээлттэй хэлбэрээр амжилттай зохион байгуулах нь Давосын уулзалтыг онлайн хэлбэрээр явуулсантай харьцуулахад Оросын хувьд олон улсын том амжилт болох билээ. Үүнээс гадна, энэ нь улс төрийн амжилт, Оросын вакцинуудыг сурталчлах арга хэмжээ, түүнчлэн Орос орны шинэ дүр төрхийг төлөвшүүлэх эерэг алхам юм.

Мөн Оросын эрх баригчид хүн амаа вакцинжуулах талаар олж буй амжилтаа илтгэн харуулах нь Санкт-Петербургээс гадна, Европын бас 11 хотод болох Евро-2020-той холбогдох юм.

Оролцогчдын бүтэц бүрэлдэхүүн нь олон улсын тавцанд Орос оронд хандаж буй хандлагыг тодорхой илтгэн харуулж байгаа учир форум юун түрүүн улс төрийн учир холбогдолтой юм гэж Оросын Улс ардын аж ахуйн академийн профессор Инна Ветренко бас тэмдэглэжээ.

Одоо оролцох зочдын жагсаалт нэгэнт гарч эхэлж байна. “Росконгресс” сангийн мэдээлснээр Катар улсын төлөөлөгчид хамгийн олон тоотой нь байх бөгөөд бүрэлдэхүүнд нь 50 байгууллагын төлөөлөгч, тодруулвал бизнес эрхлэгчид, төр, засгийн дээд тушаалын хүмүүс, улс төрийн зүтгэлтэн, төр, олон нийтийн байгууллагын удирдагчид байх ажээ.

Монгол улсаас Төв банк, УБТЗ, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, МИАТ, МАК, “Магнай трейд”, “Ньюком” болон бусад томхон компанийн төлөөлөгчид форумд оролцох мэдүүлгээ урьдчилан өгөөд байна.

Хорин жилийн хугацаанд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь Тавридын ордны даруухан арга хэмжээнээс ажил хэрэгч элит бүлгийнхний өргөн цараатай арга хэмжээ болтол замыг туулсан юм. Форумд дэлхийн тэргүүлэх улсуудын төр, засгийн тэргүүн нар уламжлалт ёсоор хүрэлцэн ирдэг. Өмнөх жилүүдэд Финландын ерөнхийлөгч Тарья Халонен, Францын ерөнхийлөгч Николя Саркози, БНХАУ-ын дарга Ху Жиньтао, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте, Филиппинийн ерөнхийлөгч  Глория Макапагал-Арройо, Австрийн канцлер Кристиан Керн, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Энэтхэгийн ерөнхий сайд  Нарендра Моди нар форумд оролцож байсан юм.

Сүүлийн 10 жилд форум ажил хэрэгч бүлгийн төлөөлөгчдийн уулзаж ярилцах гол талбар болжээ. Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Орос болон гадаадаас 7500 хүн байнга оролцож байгаа бөгөөд тэдний дунд хөгжиж буй орнуудын төр, засгийн тэргүүн нар, томоохон компанийн захирлууд, түүнчлэн шинжлэх ухаан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн төлөөлөгчдийн тэргүүлэх шинжээчид байдаг байна.

Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн форум дээр жил бүр олон арван тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулдаг юм. Уг форумын түүхэн дэх томоохон гэрээний нэгийг 2013 онд байгуулжээ. “Роснефть” компани Хятадын үндэсний нефть-хийн компанитай 25 жилийн турш нефть нийлүүлэхээр тохиролцсон. Энэ хэлцэл 270 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд нийт урьдчилгаа нь 70 тэрбум ам.доллар байжээ.

Форум инновацын төслүүдэд их анхаарал хандуулдаг юм. 2003 оноос форумын хүрээнд “Дэлхийн эрчим хүч” гэдэг олон улсын шагнал бас гардуулж, эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглахад тус дөхөм үзүүлдэг эрчим хүчний салбарын шинжлэх ухаан-техникийн нэн чухал судалгаанд оролоцогчид уг шагналын эзэд болж байна. Оросын болон гадаадын судлаачдын “ирээдүйн төслүүдийг” форумын үеэр тогтмол тагнилцуулдаг юм. Жишээ нь, 2016 онд Шервин Пишевар  форумд хүрэлцэн ирсэн бөгөөд хурдан тээвэрлэх “Hyperloop” төслийг бизнесч, хөрөнгө оруулагч Илон Маскийн хамт танилцуулжээ. Нарны эрчим хүчээр ажилладаг тээврийн шинэ төрөл нь нисэх онгоцоос хоёр дахин, хурдан галт тэргээс 3-43 дахин хурдан байх болно гэж үзэж байна.

Дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гол анхаарал форумын үндсэн хөтөлбөрийн арга хэмжээнд төвлөрдөг ч хэрэг дээрээ Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум бараг жилжингээ ажилладаг юм. Энэ нь давын түрүүнд Оросын бүс нутгуудад хөрөнгө татах ажлыг хөгжүүлэхэд хамаарч байна. Жилийн туршид форум Оросын янз бүрийн хотод явуулын чуулган зохион байгуулдаг бөгөөд Ярославль, Великий Новгород, Уфа хотод чуулган болсон юм. Форум соёлын хөтөлбөрөөрөө бас сонирхол татдаг бөгөөд янз бүрийн үед “Scorpions”, “Duran Duran” хамтлаг, “Pink Floyd” хамтлагийн Рожер Уотерс, Стинг, Дмитрий Хворостовский, Суми Йо болон хөгжмийн бусад одыг урьж  оролцуулж байсан юм.

145 орны 19000 гаруй хүнийг уулзуулсан 2019 оны форум дэлхийн эдийн засгийн салбарт чухал үйл явдал болсон билээ. Нева мөрийн эргийн хотын форумд оролцохоор дэлхийн 110 орны төр, улс төрийн зүтгэлтнүүд иржээ. Форумын хүрээнд Петербургт Гадаад хэргийн 57 сайд, гадаадын дипломат корпусын 79 тэргүүн ирсэн байна. 2019 оны форумын үзэсгэлэнд 122 үзмэр тавигджээ.  Арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээлснээр, гадаадын 1300 компани, оросын 2500 компани оролцсон байна. 4800 сэтгүүлч форумын үйл ажиллагааг мэдээлжээ.  Форумын үйл ажиллагааны төгсгөлд нийтдээ 271 их наяд рублийн 745 гэрээ хэлэлцээр байгуулсан байна.

Монгол улсын төлөөлөгчид Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд удаа дараа оролцож ирсэн билээ. 2018 онд “Роснефть” компани  нийтдээ 2,1 тэрбум ам.долларын өртөг бүхий бензин, дизелийн түлш нийлүүлэх урт хугацааны гэрээг Монголын импортлогч компаниудтай байгуулсан юм. Шадар сайд Ө.Энхтүвшин 2019 оны форум дээр үг хэлэхдээ “Монгол улс “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Евроазийн эдийн засгийн холбоо болон Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгатай холбох замаар Эдийн засгийн коридор байгуулахыг эрмэлзэж байгаа”-г тэмдэглээд, тогтвортой хөгжлийн салбарын зорилгод хүрэхийн тулд бүс нутгийн тулгарч буй эдийн засгийн асуудлуудын талаар байр суурийг илэрхийлсэн юм. Ө.Энхтүвшин форумд оролцох үеэрээ Оросын ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин, ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Антон Силуанов нартай уулзсан юм.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Санкт-Петербургийн Эдийн засгийн форумд оролцож байгаа нь \2019 он\

Оросын Эдийн засгийн форумын үйл ажиллагаанд Монголын төлөөлөгчид оролцож байгааг бүхэлд нь үнэлж цэгнэвэл, хамтран хийсэн ажлын үр нөлөө, үр дүн хангалттай өндөр байсныг тэмдэглэвэл зохино. Юу гэвэл, чухамхүү Эдийн засгийн форум дээр, гэхдээ 2019 онд Владивосток хотод Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросоос Монголын нутаг дэвсгэрээр дайруулан Хятад руу хий дамжуулах хоолой барихад оролоцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Түүнээс хоёр жилийн дараа буюу энэ 2021 онд “Газопровод СоюзВосток” компани байгуулж, Ямалын хойгоос Оросын зүүн өмнөд хил, цаашид Монгол улсыг дайран Хятадад хүрэх “Сила Сибири-2” төсөлд хийсэн техник-эдийн засгийн дүн шинжилгээг батлаад байна. Монголын хэсгийн нэр болох хий дамжуулах ”СоюзВосток” хоолойн технологийн үндсэн үзүүлэлтийг боловсруулжээ. Хамгийн зохистой чиглэл, урт, диаметр, ажлын даралт болон компрессорын станцуудын шаардлагатай тоог тодорхойлсон байна. Хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоо багтсан төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг он дуусахаас наана дуусгахаар төлөвлөж байна. “СоюзВосток”-ийн экспортын хүчин чадал нь “Сила Сибири” төслийн хүчин чадлаас 1,3 гаруй дахин давж болох бөгөөд үнэмлэхүй хэмжээ нь жилд 50 тэрбум шоо метр байхыг “Газпром” компани мэдээлжээ.

Орос, Монгол, Хятадын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гарцаагүй үйлчлэх энэ хий дамжуулах хоолойг барих нь бүх оролцогчид ашигтай байх юм.

Орос улс  Баруун Сибирийн хийн үндсэн нөөцийг борлуулах өөрийн зах зээлийг төрөлжүүлж, баруун төдийгүй зүүн чиглэлээр экспортын хийг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой болсон билээ. Хий дамжуулах хоолой нь одоо магистраль шугамын хий авах боломжгүй байгаа Зүүн Сибирийг хэтдээ хийгээр хангах боломжийг Оросын талд олгож, тус орны  хий дамжуулах баруун болон зүүн системийг холбож, ингэснээр  хэрэглэгчдэд хий нийлүүлэх ажлын аюулгүй, уян хатан байдлыг үлэмж сайжруулах юм.

Монгол улс  эрчим хүчний шинэ эх үүсгэвэртэй болж, улсын төсвийг сэлбэх нэмэлт эх үүсгэвэр, ажлын шинэ байр бий болгож, харин дамжуулах орны статус нь гадаадын хөрөнгө оруулагчдын дунд тус оронд анхаарал хандуулах явдлыг гарцаагүй нэмэгдүүлнэ. Үүнээс гадна, хийн хоолой нь Улаанбаатар хотыг хийгээр хангах боломж олгож, экологийн ужиг асуудлыг шийдвэрлэнэ.

Улс төрийн болон эдийн засгийн шгалтгаанаар Монгол улсаар дамжуулан хий авахыг сонирхож буй Хятадын байр суурийг анхааралдаа авах хэрэгтэй. Хятадын хувьд нь энэ нь Монгол улсад таатай ханддаж байгааг харуулах тод  жишээ мөн.  Үүний дээр ийм чиглэл нь Хятадын төв нутгийн аж үйлдвэр хөгжсөн, хүн ам олонтой нутгуудыг байгалийн шатдаг хийгээр хангах болно.

Тийнхүү Санкт-Петербургийн Эдийн засгийн форум нь зөвхөн хэлэлцээ, уулзалт, гэрээ хэлэлцээр биш юм. Энэ нь том боломж, мэргэжлийн хувьд өсөн дэвжих, хөгжих, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, тавьсан зорилгодоо хүрэх боломж юм.

И.БОРХОНДОЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж