УОК-ын шийдвэрийн дагуу тавдугаар сарын 15-наас буюу өнгөрөгч Бямба гаригаас сургалтын төв, усан бассейн, кофе шоп, фитнессүүдийн үйл ажиллагааг нээсэн. Тиймээс үүдээ нээсэн дөрвөн салбарын үйл ажиллагаа болон халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгаа талаар сурвалжиллаа.
“ЭЦЭГ, ЭХ НЬ ВАКЦИНЫ ТУНДАА БҮРЭН ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮД УСАН САНГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ”
Үйл ажиллагаагаа эхлүүлсэн салбаруудыг танхимын болон заалны үйлчилгээгээ 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөөд буй. Түүнчлэн Covid-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх журам гаргасан.
Баянзүрх дүүргийн Усан сургалт, спортын төвийг зорилоо. Тэнд 6-10 хүртэлх насны гэмээр дөрвөн хүүхэд усны хувцсаа өмсөж, багшийн хамтаар сургалт руу орохоор зогсож байв. Эцэг, эх, хүүхдүүдийн хамтдаа зорин ирэх газруудын нэг нь усан сургалтын төв болжээ. Усан сургалтын төв үйл ажиллагаандаа ямар дүрэм, журмыг мөрдөн ажиллаж байгаа талаар тус төвийн багш, дасгалжуулагч Н.Эрдэнэбилэгээс тодруулахад “Covid-19-тэй холбоотойгоор халдварын эсрэг вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносон болон эдгэсэн хүмүүст үйлчлэх журам гарсан.
Эцэг, эх нь вакцины хоёр тундаа хамрагдсан айлын хүүхдүүд усан сургалтын төвд ирж үйлчлүүлэх бүрэн боломжтой. Харин насанд хүрсэн суралцагчдын ангид вакцины тундаа бүрэн хамрагдсан иргэд ирж үйлчлүүлнэ.
Долоо хоногт хоёр удаа ариутгалын компани ирж, халдваргүйжүүлэлт хийж байгаа. Түүнчлэн уурын халдваргүйжүүлэлтийн аппаратаар усан сангийн орчинд тогтмол ариутгал хийж байна. Угтагч, дасгалжуулагч, эмч, үйлчлэгчээс бүрдсэн баг ажиллаж байгаа. Цар тахлын үеийн дүрэм журамтай холбоотойгоор богиносгосон цагаар ажиллаж байна” гэв. Усан бассейнээр үйлчлүүлэх иргэд урьдчилж цаг авч байгаа аж. Өмнө нь урьдчилж цаг авалгүйгээр иргэд хүссэн үедээ ирж үйлчлүүлдэг байсныг дасгалжуулагч бүсгүй онцолсон юм.
“ХААЛГАА БАРИХГҮЙ Ч АШИГ ОЛОХГҮЙ БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА”
Бидний дараагийн зорьсон газар бол хүүхэд, залуус гэлтгүй хүн бүрийн үйлчлүүлэх дуртай газруудын нэг болсон кофе шоп. Кофе шопын намуухан орчинд кофе уунгаа элдвийг ярилцан суух хүмүүс. Тэгвэл кофе шопуудад хөл хорионы дараах үеийн ямар зохицуулалт мөрдөгдөж байгаа талаар “Sarang” кофе шопын захирал Ц.Бадамцэцэгээс тодруулахад “Бид мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шийдвэрийг дагаж, сахиж байгаа.
Үйлчлүүлэгч цөөн тоогоор орж ирж байна. Тэгэхээр вакцины хоёр тунд хамрагдсан эсэхт хяналт тавих боломжтой. Харин бага насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй тул сууж үйлчлүүлэх боломжгүй зөвхөн захиалсан бүтээгдэхүүнээ авч явах боломжтой.
Вакцины бүрэн тундаа хамрагдаагүй мөртлөө суугаад кофегоо уучихаад гарья гэх хүмүүс бий. Тэр бүрт холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмж, шийдвэрийг танилцуулж, нөхцөл байдлыг ойлгуулахыг хичээдэг” гэв. Мөн тжижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг ААН, байгууллагууд эдийн засгийн хүндрэлүүдтэй бодитоор нүүр тулж байгааг хэлээд “Үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ашиг олоход хүнд байна” гэсэн юм .
Түүнчлэн “Бид өмнө нь тусгай ариутгалын компанитай гэрээ байгуулж цэвэрлэгээний үйлчилгээ авдаг байсан. Харин одоогоор байрлаж буй оффисоос өдөр бүр ариутгалыг нэгдсэн журмаар хийх болсон” хэмээсэн. Ийнхүү нээгдсэн дөрвөн салбарын үйл ажиллагаа жигдрээгүй байгаа гэдгийг ААН, байгууллагууд хэлж байлаа.
“ХҮҮХДҮҮДИЙН ОНЛАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ХҮСЭЛ СОНИРХОЛ БАГАСАЖ, СУРАЛЦАХ ИДЭВХ Ч БУУРСАН”
УОК-оос 10 хүртэлх хүнтэй танхимын сургалтыг нээхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл “GET” сургалтын төвийн ерөнхий менежер Н.Оюут “Манай сургалтын төв нь тухайн жилийнхээ элсэлтийн төлөвлөгөөг сар сараар гаргачихсан байдаг. Өмнөх сургалтууд бүгд онлайнаар явагдаж байсан. Анги танхимын дотоод зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой бэлтгэл ажлыг хийж байгаа тул танхимын сургалтаа хараахан эхлээгүй байна. Гэхдээ танхимын сургалтад бүрэн хүчин чадлаараа биш цөөн тоогоор элсэлт авахаар төлөвлөж байгаа.
Хүүхдүүдийн онлайн сургалтад хамрагдах хүсэл сонирхол багасаж, суралцах идэвх ч буурсан байна. Хурдхан л танхимаар хичээллэхийг хүсэж байгаагаа тэд илэрхийлж байгаа.
Манайх энгийн үед нэг анги дүүргэлт 16 хүүхэдтэй байдаг байсан. Харин одоогоор шинэ элсэлт авбал нэг ангид суух хүүхдийн тоо 10 байхаар зохицуулна” гэлээ.
“ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДЭЭС ВАКЦИНЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГ ШААРДАЖ БАЙГАА”
Цар тахлын үед удаан хугацаагаар гэртээ суусан хүмүүс фитнессээр хэрхэн үйлчлүүлж буйг сонирхлоо.
“Golden gym” фитнесс клубийн багш, дасгалжуулагч С.Валют “Үйл ажиллагаа жигдрээгүй байна. Нээгдсэн өдөр 10 орчим хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр гэхэд ганцхан хүн л орж ирлээ. Өглөө бүр техник, хэрэгсэл, зааланд ариутгал халдваргүйжүүлэлт, чийгтэй цэвэрлэгээг хийдэг. Түүнчлэн үйлчлүүлж буй иргэдэд вакцины хоёрдугаарт тундаа хамрагдсан байх шаардлага тавьж, гэрчилгээг нь шалгаж байгаа. Хөл хорио тавьснаас хойш фитнесс төвөөр үйлчлүүлэх иргэдийн урсгал эрс багассан. Уг нь зөвхөн хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд үйлчлүүлнэ гэвэл фитнесүүд 100 хувиар ч ажиллах боломжтой” гэлээ.