“10 секундэд халдварыг оношлох төхөөрөмжийг туршиж байна” | News.MN

“10 секундэд халдварыг оношлох төхөөрөмжийг туршиж байна”

“10 секундэд халдварыг оношлох төхөөрөмжийг туршиж байна”

“10 секундэд халдварыг оношлох төхөөрөмжийг туршиж байна”

МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Ө.Батбаяртай судалгааны ажлынх нь талаар ярилцлаа. Тэрбээр Япон улсын Токио метрополитан их сургуульд докторын судалгааны ажлаа хийж байгаа юм.


-Цар тахлын үед таны бүтээсэн уушгины өвчтэй хүмүүсийг 10 секундэд  илрүүлдэг төхөөрөмж цаг үеэ олсон болов уу. Уг төхөөрөмжийн туршилт хэр амжилттай болж байна вэ?

-Уушгины халдварт өвчтэй хүмүүсийг илрүүлэх системийг хөгжүүлэх судалгааны ажил үргэлжилж байна. Энэхүү судалгаа өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд удирдагчаар Токио Метрополитан их сургуулийн профессор Такэми Мацуй, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, профессор Ч.Лодойравсал нар ажиллаж байна. Энэхүү төхөөрөмж маань зах зээлд хэрэглээнд нэвтэрч, албан ёсны патентаа аваагүй ч хэрэглэхэд бэлэн төхөөрөмж юм. Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт туршилтаар ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, манай судалгааны багийн гишүүн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн их эмч А.Гэрэлтуяа, МУИС-ийн Мэдээллийн технологийн газрын электроник, автоматжуулалтын мэргэжилтэн П.Отгонбат нар клиник туршилтуудыг хийж, хүмүүст хэмжилт хийж байна. Одоогоор нэгдсэн үр дүн гараагүй ч  урьдчилсан байдлаар туршилт амжилттай болсон.

-Арван секундэд  уушгины халдвартай гэдгийг хэрхэн тогтоох вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Covid-19 халдварт өртсөн хүмүүсийн дийлэнхид халуурах шинж тэмдэг илрэхгүй байна. Энэ нь халуун хэмжигч багаж, эмчийн үзлэгээр шууд илрүүлэхэд хүндрэл учруулж байна. Гэхдээ хэрэв хүн халдвар авсан байвал тухайн хүний биеийн физиологи нь автоматаар өөрчлөгддөг. Бидний бүтээсэн систем нь энэ үзэгдэлд тулгуурлан ажилладаг бөгөөд хиймэл оюуны тусламжтай хүний нүдээр ажиглах боломжгүй шинж тэмдгүүдийг илрүүлнэ.

Тодруулбал, өнгөт камераар хүний зүрхний лугшилт, гүний камераар амьсгалын тоо, дулааны камераар мэдэрч,  биеийн дулааныг тодорхойлно. Эдгээр амин үзүүлэлтүүдийг үндэслэн хэвийн бус шинж тэмдгүүдийг тодорхойлж, хүнийг уушгины халдвар авсан байх магадлалтай эсэхийг таамаглах юм. Уг хэмжилтүүд дээр үндэслэн тухайн хүнийг уушгины халдвартай эсэхийг илрүүлж болно. Жишээ нь, олон улсын нисэх буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт төхөөрөмжийг хэрэглээд сэжигтэй тохиолдлыг илрүүлж болно.

Бид эхний байдлаар хийсэн туршилтаар 300 орчим хүний /эрүүл хүн 150, Ковид-19 халдвараар өвчилсөн 150 хүн /өгөгдөл дээр манай систем 90-ээс дээш хувиар халдвартай хүмүүсийг зөв илрүүлсэн үр дүн гарсан. Дээр дурдсанчлан эдгээр өвчтөнүүдийн хэм нь бүгд 37 хэмээс  доош байсан буюу халуурах шинж тэмдэггүй байсан. Үүнийг манай систем 90-ээс дээш хувьтай илрүүлж байсан нь бидний гол ололт юм.

 

-Та хэлэхдээ 300 хүний өгөгдөл дээр туршилт явуулсан гэлээ. Системийн туршилтыг Монголд хийсэн үү. Эсвэл Японд уу?

-Энэ туршилтыг Монголд явуулсан гэхэд болно. Нийт хэмжилтээс 40 орчим хүний хэмжилт нь Япон улсад хийсэн хэмжилт байгаа. Ашиглахад бэлэн болсон ганцхан төхөөрөмж байсныг өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол руу явуулж, Улсын нэгдсэн төв эмнэлэгт туршилтаар ашиглаж байна. Одоогоор Японы хөрөнгө оруулагч компаниудад танилцуулах зорилгоо дахин нэгийг бүтээхээр ажиллаж байна. Гэхдээ төхөөрөмж маань бэлэн болсон ч эцсийн бүтээгдэхүүн болоход дахиад хугацаа хэрэгтэй. Патентын тухайд МУИС болон миний сурч буй Токио метрополитан их сургуулийн хооронд оюуны өмчийн асуудал яригдна. Зах зээлд хэрэглээнд нэвтрэх хүртэл дахин нэг жил шаардах болов уу.

-Уг төхөөрөмж нь олон нийтийн дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Гэхдээ Covid-19 халдвартай гэдгийг батлахгүй.Таамаглана гэдэг нь  хэр зэрэг үр дүнтэй вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрийн нөхцөлд  халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд зөвхөн халуун л хэмжиж байна. Олон хүнд үйлчилдэг байгууллагууд хүнийг биеийн дулааны бүртгэх нь одоо бараг стандарт болсон ч энэ аргачлал нь үр дүн багатай гэдгийг зарим судалгаагаар харуулсан. Өөрөөр хэлбэл, халуун хэмжигч багаж нь ердөө л 60 орчим хувийн үр дүнтэй. Гэтэл халдварын нууц үедээ байгаа, халдварт өртсөнөө мэдэхгүй хүмүүст халуурах шинж тэмдэг илрэхгүй байна. Зөвхөн PCR шинжилгээ хийхээс нааш халдварын тархалтыг дэлхий нийтээр барьж чадахгүй байна. Харин хүмүүс өдөр бүр энэхүү шинжилгээг өгөх боломжгүй.

Бид энэхүү бүтээлээрээ дээрхи асуудалд хувь нэмэр оруулах зорилгоор бүтээсэн ба халуун хэмжигчээс ялгаатай нь хүний биеийн амин үзүүлэлт хэвийн бус байгааг тодорхойлж байгаа юм. Ялангуяа уушгинд өөрчлөлт орсныг таамаглаж, илрүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, анхан шатны үзлэгийн төхөөрөмж гэж ойлгож болно.

-Төхөөрөмж бүтээх санааг анх хэзээнээс гаргаж, ажиллаж эхлэв. Хэрэв цар тахал дэгдсэн цагаас эхлэн судалсан бол өдийд хэрэглээнд нэвтрэх байсан уу. Цаг хугацааны хувьд боломж нөхцөл хэр байв?

-Бидний төхөөрөмж хэрэглээнд нэвтэрсэн бол халдварыг эрт илрүүлэх, бууруулах боломжтой гэдэгт итгэж байгаа. Төхөөрөмжийг Японд зохион бүтээсэн ч Монголд эмч хүн ашиглаж, үр дүн гарч байгаа учраас төхөөрөмж үр дүнтэй байна гэж бид үнэлж байгаа. Төхөөрөмжийг бүтээх санааг  өнгөрсөн оны өдийд эхлүүлж, судалгаа явуулсан. Системийн хөгжүүлэлт өнгөрсөн долдугаар сараас эхэлж, энэ оны нэгдүгээр сард эцсийн байдлаар туршихад бэлэн болсон. Төхөөрөмжийг Монгол руу явуулахаас өмнө Японд 40 орчим хүний өгөгдөл дээр туршиж амжилттай болсон. Хэдийгээр аль болох Монголд хугацаа алдахгүй туршилт явуулах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг хугацаа алдсан.

-Уушгины өвчтэй хүмүүсийг 10 секундэд илрүүлдэг системийг хөгжүүлэхэд Японы эрдэмтэдтэй хамтран ажилласан уу. Эсвэл Монгол судлаачид бүтээсэн үү?

– Өмнөх судалгаа нь Японд хийгдсэн байсан. Миний ажиллаж буй лабораторид  энэ төрлийн /уушгины өвчтэй хүмүүсийг илрүүлэх систем/ төхөөрөмж бүтээсэн байсан ч өндөр хүчин чадалтай компьютер ашигладаг, хэрэглээнд нэвтэрч чадаагүй байсан. Үүнээс санаа аван энэхүү төхөөрөмжийг бүтээсэн. Яг одоо хамгийн хэрэглээтэй багаж бол хэт улаантуяаны халуун хэмжигч байна шүү дээ. Монголд төдийгүй Японд ч адил албан байгууллага, үйлчилгээний газар бүхий л газруудад халуун хэмжиж байна. Энэ нь ашиглахад хялбар, хүн гар утас, таблетаа хэрэглэдэг шигээ хэрэглэх боломжтой учраас тэр байх. Тиймээс аль болох хэрэглэхэд хялбар таблет шиг төхөөрөмж бүтээхийг зорьсон нь амжилттай болсон. Шувууны ханиад анх гарснаас хойш төстэй системийг дэлхий дахинд хөгжүүлсээр ирсэн ч яг өнөөдөр хэрэглээнд орсон жишээ байхгүй байна шүү дээ. Харин бидний төхөөрөмж анх удаа хэрэглэхэд хялбар таблет шиг, мөн үр дүнтэй байгаад бид баяртай байгаа.

-Таны судалгааны чиглэл бол хөдөлгөөнт робот, тоон дүрс боловсруулалт. Одоо таны ажиллаж буй уушгины халдварыг илрүүлэх систем нь судалгааны хэд дэх бүтээл болж байна. Өмнө нь жирийн веб камер ашиглан хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон хүмүүсийг оношлох систем дээр ажиллаж байсан. Цаашид ямар судалгаан дээр ажиллах вэ?

-Би электроникийн инженер мэргэжилтэй. Миний судалгааны чиглэл бол хөдөлгөөнт робот, тоон дүрс боловсруулалт юм. Харин докторын судалгаагаараа анагаах ухааны инженерчлэл, тоон дүрс боловсруулалт чиглэлээр ажиллаж байна. Бас эмнэлгийн салбарт туршлага судлахаар суралцаж байна. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар ямар хүнд байдалд орж байгаа бид бүхэн харж, мэдэрч байна шүү дээ. Ялангуяа эрүүл мэндийн салбарын ажилчдын нөөц дэлхий дахинд хүрэлцээгүй болж байна. Тиймээс сувилагч робот бүтээх гэдэг бол миний бас нэг мөрөөдөл юм. Мэдээж энэ бол алсын зорилго бас ирээдүйд  болох асуудал.

Харин сувилагч робот бүтээх судалгааны ажлын үндсэн суурь нь уушгины өвчтэй хүнийг 10 секундэд илрүүлэх төхөөрөмж бас сэтгэл гутралд орсон хүмүүсийг оношлох систем гэж ойлгож болно. Одоогоор дэлхий дээр робот сувилагч ашиглаж эхэлсэн улс орнууд байхгүй ч судалгааны түвшинд байгаа юм.

Хэрэв сувилагчийн оронд роботууд ажиллуулбал эмнэлгийн салбарт хүний нөөцийг орлох, хамгийн чухал нь шөнийн цагаар ажиллаж, хүмүүсийн амин үзүүлэлтүүдийг цаг алдалгүй хянаж байна гэсэн үг. Роботууд зөвхөн эмнэлгийн салбарт, цар тахлын үед ч биш дэлхий нийтээр наслалт урт болж буй энэ үед өндөр настай хүмүүсийг ч асрагч болох юм. Нэг үгээр хэлбэл, миний мөрөөдөл, алсын зорилго бол робот сувилагч бүтээх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-18 202.21.108.245

Convolutional neural network-d suurilsan object detection model lav ashiglasan haragdaj bn. Training data ni heden hvnees yaj tsugluulsan yum boldoo. Unshhad saihan medee bn shu

Avatar

Зочин 2021-05-18 66.181.164.175

Бэлэн болсон эрхээ авсан үр дүнг тооцсоны дараа реклам хий Харин энэ ажил хийхэд тусламж хэрэгтэй төсөлөө дэвшүүл

Avatar

Зочин 2021-05-18 69.253.43.151

Xaxaxax japanuud iim uymand uy gej oroltsokhiin emnelegin khund bol myanguujingiin ulger bna

Avatar

Зочин 2021-05-18 139.5.218.195

Рентген аппарат хийвэл болоо юм биш үү. Х цацраг алдахгүй байх битүүмжлэл хамгаалалт сайтай өрөөг хийх тухай судалсан нь илүү хурдан юм. Рентген аппаратыг ашиглах нь хамаагүй итгэл төгс байна биздээ. Эдийн засгийн үр өгөөжийг бодож зохион бүтээгээч.

Avatar

Баттогтох 2021-05-18 202.55.188.89

Баяр хүргэе. Ажилд нь амжилт хүсье!

Avatar

Зочин 2021-05-18 202.9.46.209

Маш сайн байна. Манай залуу үеийнхэн ийм бүтээлийг хялбархаан хийх чадвартай л байх ёстой. Төрийн зүгээс сайхан дэмжээд өгөөсэй.

Avatar

Зочин 2021-05-18 202.179.26.142

ШҮЛСНЭЭС ИЛРҮҮЛЭХ ЮМ ХИЙЖ БАЙГАА 2025 оноос

Avatar

Зочин 2021-05-18 66.181.189.46

ШҮЛСНЭЭС ИЛРҮҮЛЭХ ЮМ ХИЙЖ БАЙГАА ГЭЭД ОЛОН САР РЕКЛАМДСАН. ОДОО ХААНА БАЙНА. ХУДЛАА БОЛСОН. БОЛОХООР НЬ БОЛЛОО ГЭЖ ЗАРЛАЖ БАЙМААР БАЙНА.

Avatar

Зочин 2021-05-18 202.9.46.49

туршилт амжилттай болж болно алдаж болно хийж байгаа хүмүүсийг дэмжих л хэрэгтэй. Алдаа дутагдал гаралгүй л яахав

Avatar

J. Erka 2021-05-18 66.181.161.48

Зөв зөв бас дахин зөв өө … Манай залуу эрдэмтэн өндөр хөгжилтэй япон эрдэмтэдтэй хамтран маш хэрэгтэй төхөрөөмж хийж байгаа нь магтууштай … Энэ залууд амжилт, ирээдүйд хүн төрлөхтөнд зориулсан шинэ нээлт бүтээгээрэй гэж ерөөе.

Avatar

Зочин 2021-05-18 202.21.108.178

МАНАЙД ОЛОН ГАВЛУУД БИЙ

Avatar

Сүрэн 2021-05-18 202.21.104.2

Ийм мундаг залуучуудыг Монголын төр засаг хугацаа алдахгүйгээр бодлогоор дэмжих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж