Дуулиант хэргүүд: Цэргүүд нас барсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.18-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд: Цэргүүд нас барсан хэргийг шалгаж байна

Дуулиант хэргүүд: Цэргүүд нас барсан хэргийг шалгаж байна

Нийгэмд шүүмжлэл дагуулж, олны анхаарлыг татсан зарим хэргүүдийн талаар  цагдаагийн байгууллагаас тодрууллаа.  Тухайн үедээ нийгэмд багагүй шүүмжлэл өрнүүлсэн эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь өдийг хүртэл тодорхойгүй байгаа юм.  Цагдаагийн байгууллагаас зарим хэргүүдийг Нийслэлийн прокурорцын газарт шилжүүлсэн бөгөөд  тус байгууллага нь хэргийн талаарх мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.


САГСАН БӨМБӨГИЙН ХОЁР ТАМИРЧИН НАС БАРСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин хоёрдугаар сарын 7-ны өдөр зуурдаар нас барсан. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "23 Стормс" багийн тоглогч Т.Их-Уул болон “Отгонтэнгэр” их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар  Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Учир нь Т.Их-Уул  нь Х.Цогтсайханыг хутгалж хөнөөснийхөө  дараа өөрөө өндрөөс үсэрч амиа хорлосон учраас хэрэг хариуцах хүнгүй  гэж үзсэн байна.  "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд яллагдагч, шүүгдэгч нь нас барсан тохиолдолд хэргийг  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй" гэж заажээ. 

Тухайн үед дээрх хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлэхдээ "Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага мэдээллийг аван хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай "Ц" гаднын нөлөөтэй амь насаа алдсан бол  20 настай "И" өндрөөс унаж амиа алдсан. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.


ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ, БУСАД НОТЛОХ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ХЭРГИЙГ ХААХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Сүхбаатарын талбайд 34 настай Э гэх залуу өөрийгөө шатаасан хэрэг хоёрдугаар сард 8-ны өдөр гарсан. Энэ хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс харъяалах дүүргийн прокурорын газарт гаргажээ. Шалгалтын явцад ажил хөдөлмөр эрхэлдэггүй халааснаас нь олдсон гэрээслэл гэгдээд байсан бичиг нь түргэн үйлчилгээний цэгийн машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаа байсан гэдгийг эх сурвалжууд өгүүлсэн. Хэд, хэдэн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтад тулгуурлан хэргийг хаах санал гаргасан байна.


СУЛИНХЭЭРИЙН 0168 ДУГААР АНГИД АЛБА ХААГЧ НАС БАРСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч  дөрөвдүгээр сарын 24-ний орой нас барсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас "Цэргийн ангийн холбогдох гэрч нараас тайлбар, мэдүүлэг авсан бөгөөд хэрэг шалгагдаж байгаа учраас илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.  Дээрх хэргийн  талаар Хил хамгаалах ерөнхий газраас "Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч Х нь 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн орчимд амиа егүүтгэжээ. Байлдагч Х нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан юм. Талийгаач “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байдалтай олджээ. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.


ХЭРГИЙГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС ШАЛГАЖ БАЙНА

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор гуравдугаар  сарын 30-ны өдөр нас барсан. Хэрэг гардаг өдөр буюу гуравдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хээрийн бэлтгэлд гарсан байна. Улмаар харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г согтуудаа сэхээнд ортол нь зоджээ. Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогч Г-г цагдан хорьсон бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад талийгаач 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүний алба хаагч болох И.Энхтөгс гэх хүний данс руу удаа дараа мөнгө шилжүүлсэн нь тогтоогджээ.  Үүнтэй холбоотойгоор тус  ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. 


ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫ ЦОЛЫГ БУУРУУЛАН, ӨӨР АНГИ РУУ ШИЛЖҮҮЛСЭН

Дээрх хэрэг гарахаас өмнө буюу хоёрдугаар сарын 25-нд цахим орчинд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Дээрх хэрэг  2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсон бөгөөд бусдыг хүчирхийлж буй тэдгээр цэргүүд албаа хааж дуусаад халагдсан байна. Уг бичлэгийг хийж, бусдыгаа хүчирхийлсэн халагдсан цэргүүдийн хаана байгааг олж тогтоон, хариуцлага ярихаа салбарын яам мэдээлсэн. Тэгвэл тухайн өдөр ажиллаж байсан офицер, ахлагч нарт Цэргийн сахилгын дүрмийн 32-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, зарим албан тушаалтны цолыг бууруулан, өөр анги руу шилжүүлэх арга хэмжээ авсан талаар албаныхан хэлэв.

Дашрамд дурдахад, өчигдөр тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн,

  • Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн,
  • Шүүгдэгч О, Э нарт Эрүүгийн хуулийн 28.4-1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж