Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгч болсноос нь хойш анх удаа Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мүн Жэ Ин дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Тэрбээр АНУ-ын цагаар ирэх Баасан гаригт Цагаан ордонд Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана. Өмнө нь Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анхны гадаадын удирдагчтай уулзсан нь Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ байв.
Жо Байден уулзалтаар Мүн Жэ Интэй Covid-19 цар тахлын эсрэг вакциныг хуваалцах, чип үйлдвэрлэлд хөрөнгө оруулах болон Хойд Солонгосыг яриа хэлэлцээнд дахин оруулах зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөснийг Цагаан ордноос мэдээлжээ.
ӨМНӨД СОЛОНГОСТ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЗИЙН ТӨВ БОЛНО
Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэлд хамтран ажиллах нь хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл байх аж. Өмнөд Солонгос нь вакцин үйлдвэрлэлийн Азийн төв болох боломжтой хэмээн үзэж, гадаадын эмийн үйлдвэрүүдээс хөрөнгө оруулалт татахад анхаарч эхэлжээ. “АНУ нь Covid-19-ийн эсрэг вакцины түүхий эд, технологийн гол цөм нь бол Өмнөд Солонгос нь биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг” гэдгийг Мүн Жэ Иний бодлогын зөвлөх И Хо Сын мэдэгджээ. Вакцин үйлдвэрлэлд хамтран ажиллах яриа хэлэлцээний тухай өмнө нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Өмнөд Солонгосын Засгийн газраас ирэх арваннэгдүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоох зорилго тавьсан боловч хангалттай хэмжээний вакцины тун нөөцөлж чадаагүй байна. Харин АНУ-ын тухайд хүн амаа бүрэн вакцинжуулах хэмжээний вакцины боломж нөөцтэй. Иймээс Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр хоёр талын Халдварт өвчнөөс сэргийлэх төвийн албаныхан вакцин солилцох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд АНУ-аас Сөүлд вакцин болон түүхий эдийн туслалцаа үзүүлэх бол эргээд энэ оны сүүлээс эргээд Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн вакциныг импортлохоор төлөвлөсөн аж. Тухайлбал, АНУ-аас тавдугаар сарын 12-нд Файзер вакцины 438 мянган тунг Өмнөд Солонгост илгээсэн байна. Одоогоор Өмнөд Солонгост “Файзер”, “АстраЗенека”, “Johnson&Johnson” вакцинуудад зөвшөөрөл олгосон байна.
АНУ НЬ ЧИП НИЙЛҮҮЛЭЛТИЙН ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭНД ХЯНАЛТАА ТОГТООНО
Вакцины хамтын ажиллагаанд тулгуурлан Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгчид АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулах боломжийг нээхээр талууд төлөвлөжээ. Ингэснээр АНУ нь чип, хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн олон улсын сүлжээнд хяналтаа тогтоохыг зорьж байна. Улмаар Мүн Жэ Инийг дагалдан Өмнөд Солонгосын “SK” группын захирал, “Samsung Electronics” компанийн дэд захирал, “LG Energy Solution” компанийн ерөнхийлөгч болон баттерей, чип үйлдвэрлэл, биотехнологийн томоохон бизнес эрхлэгчид АНУ-д ирэх гэнэ. “Samsung Electronics” компани нь одоогийн байдлаар Техаст хагаст дамжуулагчийн үйлдвэрээ өргөжүүлэхээр 17.7 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа аж. Энэ чиглэлд Жо Байдены засаг захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайванийн “TSMC” компанитай уулзалт, хэлэлцээ хийсэн юм. Хятадтай худалдааны дайн эхэлснээс хойш АНУ нь чип үйлдвэрлэлд илүүтэй анхаарч эхэлсэн юм.
ХОЙД СОЛОНГОСТОЙ ХИЙХ ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭГ СЭРГЭЭНЭ
Жо Байден Солонгосын хойгийн улс төрийн нөхцөл байдлыг зөөллөж, Пёньяныг дахин хэлэлцээний ширээний ард суулгах асуудлыг Мүн Жэ Интэй хэлэлцэнэ. Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ Байдены засаг захиргааны Хойд Солонгосын талаарх шинэ бодлого нь Пёньянтай яриа хэлэлцээг сэргээх боломж гэж харж буйгаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Хойд Солонгостой яриа хэлэлцээрт хүрэхийн тулд бүх боломжийг эрэлхийлэхээ мэдэгджээ. Тэрбээр АНУ болон Өмнөд Солонгос нь Пёньяны асуудалд ижил байр суурьтай гэдгийг онцолж, Вашингтонд хийх айлчлалдаа ихээхэн найдлага тавьж буйгаа ч нуугаагүй. Өмнө нь АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампын үед Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэд хэдэн удаа уулзаж, цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулахаар хичээсэн боловч үр дүнд хүрээгүй юм.
Жо Байден ирэх зургадугаар сард болох Их-7 бүлгийн уулзалтын үеэр Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Сү Ёшихидэ нартай дахин уулзахаар товложээ. Тэд энэ үеэр Хойд Солонгосын асуудлыг илүү нухацтай, олон талаас нь авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ