УИХ, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн багц хуулиудад олон нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Үүний үр дүнд өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулжээ гэсэн сайхан таатай мэдээлэл гарсан.
Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл” уулзалт өнгөрсөн баасан гарагт ЭМДЕГ-т зохион байгуулагдсан билээ.
Уулзалт тус газрын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон сэтгүүлчид оролцож Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн талаар харилцан нээлттэй ярилцлаа.
Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрхзүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон сайхан хууль, тогтоомжийг батлаж хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйчилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах зохицуулалтыг хийж, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь “Стратегийн худалдан авагч” болох эрхзүйн орчин бүрдсэн.
Ингэснээр эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг ЭМДС-аас санхүүжүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчлэлтээс өмнө улсын эмнэлэг зарим санхүүжилтээ нэг хэсгийг нь улсын төсвөөс нөгөө хэсгийг нь даатгалын сангаас авч, харин хувийн эмнэлэг төр хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлсний төлөө санхүүжилт авалгүй, иргэн төлбөрийг нь бүрэн хариуцдаг байсан. Харин хуулийн шинэчлэл хийснээр улсын хувийн ялгаагүй бүх эмнэлэг иргэдэд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор ЭМДС-аас санхүүжилт авах боломж бүрэн нээгдсэн гэсэн үг юм.
Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлан гаргаж хэрэгжилтийг мөн оны гуравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн дээрх тогтоолоор даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөр, ЭМДС болон иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн бөгөөд бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал, хавдрын дараах хими болон химийн бай эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ, хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна. Үүний үр дүнд зөвхөн энэ оны 3 сард гэхэд 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум, 5035 иргэний мэс заслын тусламж үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөгийг ЭМД-сангаас олгожээ.
Түүнчлэн энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 188221 зорилтод бүлгийн иргэдэд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМДС-аас санхүүжүүлсэн. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд эрүүл мэндээс үүдэх санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Л.Бямбасүрэн:Хуулийн шинэчлэл хийснээр хувийн болон улсын эмнэлэг адилхан санхүүжилт авдаг болсон
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Хорт хавдрын туяа эмчилгээний ганц эмчилгээний тарианы үнэ 4.5 сая төгрөг байсан. Ийм хэмжээний мөнгийг иргэн халааснаас гаргана гэдэг хэцүү. Санхүүгийн эрсдэлд орно. Харин 03 дугаар тогтоолоор энэ маань шууд даатгалын сангаас санхүүжихээр болсон. Мэс заслын болон бусад тусламж үйлчилгээг ЭМДС-аас хариуцахаар болсон. Нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдэд эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн бодит дарамтыг учруулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нээгдсэн.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт манай иргэдийн дунд их учир дутагдалтай байна. Тухайлбал, ажил хийж байгаа хүмүүс цалингаасаа 2 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчин, оюутнууд жилдээ 50400 төгрөг төлөх ёстой. Гэтэл эдгээр хүмүүсийн буюу төлөх ёстой хүмүүсийн 46 хувь нь шимтгэл төлж байна. Цаана нь 54 хувь нь төлөхгүй байна. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйчилгээг үнэгүй болорн хөнгөлттэй авах нь хязгаарлагдаж байна. Мөн манай сангийн боломж маань хязгаарлагдмал байгаа юм.
Ананд хүү ард түмний дэмжлэгтэйгээр мөнгө цуглуулж Солонгос улс руу эмчилгээнд явлаа. Олон нийтийн сүлжээнд “ЭМДС юугаа хийж байдаг юм бэ. Ийм хүүхдүүдэд мөнгөө зориулах хэрэгтэй” гэж шүүмжилж бичиж байгаа харагдсан. Гэтэл хоёр учир шалтгаан бий. Энэ хүүгийн өвчний хувьд Монголд эмчлэгдэх боломжгүй юм.
Эрүүл мэндийн салбар хөгжиж, техник технологи хөгжиж сайжирч байгаа нь үнэн. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монголд 26 өвчнийг эмчлэх боломжгүй байгаа. Тэр хүүгийн өвчин Монголд эмчлэгдэх боломжтой байсан бол ЭМДС-аас төлбөрийг нь гаргаад эмчлэгдэх боломжтой байсан юм шүү.
Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл бол хуулиараа Эв санааны зарчим дээр тулгуурладаг. Иргэд “Манайх ам бүл гурвуулаа, хоёр нь өвддөггүй. Нэг нь өвдөөд байна. Тиймээс би эрүүл мэндийн даатгалаа энэ хүн рүүгээ шилжүүлье” гэж ярьж асуудаг. Тэртээ тэргүй энэ хүний даатгал нөгөө хүндээ зарцуулагдаад явж байгаа. Эрүүл нь өвчтэйгээ, залуу үе нь настнуудадаа зарцуулаад явж байх эв санааны зарчим дээр тулгуурласан байдаг гэдгийг ойлгоорой. Мөн нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд шинэчлэл хийгдсэнээр улсын болон хувийн эмнэлэг яг адилхан санхүүжилтийг даатгалын сангаас авдаг болсон. Хуучин бол эмчилгээний төлбөр болох 75 хувийг нь ЭМДС-аас төлөөд 25 хувийг нь хувь хүнээс төлбөр нь гардаг байсан бол энэ гуравдугаар сараас эхлээд үнэ төлбөргүй болсон. Хувийн эмнэлгүүд бол санхүүжилт авдаггүй, тухайн өвчтнөөс эмчилгээний зардлыг нь гаргуулдаг байсан” гэв.
Иргэн эмнэлэг дээр очоод даатгалаараа тусламж, үйлчилгээ авах уу, улсын төсвөөс авах уу гэдгийг тодорхой болгож өгсөн
Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг “Улсын төсвийн хэсгийг Даатгалын сан руу нэмж оруулж ирээд ЭМДС-аар дамжуулан санхүүжүүлэхээр болсон. Хуучин бол Эрүүл мэндийн яам, Сангийн яамнаас гардаг нөгөө хэсэгтээ ЭМДС-аасаа явчихдаг байсан. Тэгвэл энэ хоёр тогтолцоог нэгтгэсэн. Иргэн эмнэлэг дээр оччихоод даатгалаараа тусламж авах гээд байгаа юмуу эсвэл улсын төсвөөсөө тусламж авах гээд байгаа юмуу гэдэг нь ойлгомжгүй тодорхойгүй байсан. Иргэнийхээ хувьд ч эмнэлэг дээр очихоор тодорхойгүй байдал үүсгэдэг. Тиймээс энэ хуваагдмал тогтолцоог цэгцлэх асуудал орж ирсэн.
Оношилгоо шинжилгээний хэсэг дээр хуучин бол улиралд 165 мянга, сар болгон 55 мянган төгрөг төлж, энэ мөнгөнөөсөө илүү гарсныг тухайн иргэн өөрөө төлдөг байсныг байхгүй болгосон. Олон төрлийн оношилгоо шинжилгээг жил болгон ЭМДС-аас гаргах санхүүжилтийг нь өсгөөд, харин шаардлагагүй оношилгоо шинжилгээг хийх асуудлыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл шинжилгээ хийлгэчихээд хариугаа авалгүй иргэд орхиод явдаг. Энэ нь сангийн үр ашиггүй байдлыг бий болгосон учир нөгөө талаар амбулторийн шинжилгээ рүү оношилгоо шинжилгээг цогцоор оруулж, оношилгооны зардлыг авахаа больж, байхгүй болгосон. Харин өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний зардлыг ялгаж гаргаж ирсэн. Үүнд 70 хувийг нь даатгалаас гаргаж, 30 хувийг нь иргэн гаргах зохицуулалттай” гэв.
Хөнгөлөлттэй эмийн нэр төрөл сайжирсан, оочер дараалал байхгүй болсон
Дэд дарга Г.Гийхнаран “Хөнгөлттэй эмийг авахад нэлээд хүндрэл гардаг байсныг та бүхэн мэдэж байгаа. Төсөв буурчихдаг, төсөвтэй эмийн санд яваад очихоор тухайн иргэний авах гэсэн эм байхгүй гэх мэт. Өмнө нь зөвхөн өрхийн эмнэлэг дээр хөнгөлттэй эм бичдэг байсан бол одоо бүх шатны эмнэлэг дээр бичиж байна. Өрхийн эмнэлэг дээр оочерлож оочерлож эмээ бичүүлэхээр хүчинтэй хугацаа нь дуусчихдаг. Хэдэн ч төгрөгийн төсөвтэй эмийн сан байлаа гэхэд эхний гурав хоногт эм нь дуусчихдаг.
Харин энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд бүх шатны эмнэлгүүд хөнгөлөлттэй эмийг бичдэг эрхийг нээж өгсөн. Дээрээс нь төсөв авах асуудал дээр хууль бус хуурамч зүйл гарах тохиолдол байдаг байсан. Эмч нартайгаа ямар нэгэн сүлжээнд орчихсон эмийн сан ч байсан.
Одоо бол эмийн нэр төрөл сайжирсан, оочер дараалал байхгүй болсон. Эмийн сонголт ч арвин болсон байгаа. Хуучин бид нар жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлттэй эмэнд төсөвлөөд эхний 4 хоногийн эмийн үнийг даадаг байсан бол одоо сарын 5 тэрбум төгрөг төсөвлөдөг болсон. Төсөв дууссан байна, эм олдохгүй байна гэсэн асуудал байхгүй болсон” гэв.
Эрүүл мэндийн байгууллагын бүх үйлчилгээ хурууны хээгээр явна
ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор эрүүл мэндийн байгууллагын бүх үйчилгээ хурууны хээгээр явахаар болжээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, тусламж үйлчилгээ дээр ЭМДЕГ-аас хяналт тавих аж. Тиймээс албаныхан хурууны хээ маш их ач холбогдолтой гэдгийг хэлж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд иргэн тэнд хурууны хээгээ уншуулаад эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Харин дараа нь шаардлага гараад хотод ирж Улсын төв нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхдээ хурууны хээгээ уншуулахад Сагсай суманд эмнэлгийн ямар тусламж үйлчилгээ авч байсан мэдээлэл, өвчний түүх нь бүгд дурайгаад гараад ирнэ гэсэн үг.
Өнгөрсөн жил ЭМДЕГ-аас судалгаа хийхэд ЭМДС-аас гарч байгаа мөнгөний 40 хувь нь шаардлагагүй хэвтэлт рүү явсан байна. Иргэд намар, хавартаа эмнэлэгт хэвтэж ядаргаандаа эм тариа хийлгүүлдэг. Үүнийг бол шаардлагагүй хэвтэлт гэж үзнэ. Учир нь эмнэлэг сувиллын үйлчилгээг иргэдэд үзүүлээд байгаа гэсэн үг юм. Олон улсад бол эмнэлэг яаралтай тусламж үйчилгээ, амь тэнсэн буюу өвчний хурц үед хүлээж авах ёстой. Гэтэл манайд бол сувиллын үүрэг гүйцэтгээд байгаа юм.
Эх сурвалж: ЭМДЕГ
Холбоотой мэдээ