Хөгжлийн хэмжүүр болсон стандартын шинэчлэлийг эрүүл мэндийн салбараас эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Хөгжлийн хэмжүүр болсон стандартын шинэчлэлийг эрүүл мэндийн салбараас эхлүүлнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.

Монгол Улсад нийт 6540 стандарт мөрдөгдөж буйгаас 38 хувь буюу 2434-ийг нь олон улсын түвшинд хүргэжээ. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон улсын 16 стандартыг үндэснийх болгож, Үндэсний 4 стандартыг шинээр боловсруулж баталсан байна. Өдгөө тэд цахилгаан шатны болон барилгын дотоод хийцлэлд ашиглах материалын чанарын стандартыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд энэхүү баримт бичиг батлагдвал хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.

Цаашид мөнгөн аяга, ноос ноолууран бүтээгдэхүүнээс эхлээд үндэсний брэнд болсон бүтээгдэхүүний жишиг стандартуудыг олон улсын түвшинд нийцүүлж, батлуулах зорилт тавин ажиллаж буй. Үүний тулд эхлээд үндэсний стандартын чанарыг дээшлүүлэх асуудал чухал байгаа учраас нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн техникийн хороо тухайн салбарын стандартыг эцэслэн баталдаг байх зохицуулалтыг хуулийн шинэчлэлээр баталгаажуулж өгчээ.

Хэмжил зүйн чиглэлээр эдийн засгийн ач холбогдолтой, эрэлт хэрэгцээтэй салбарын лабораториудыг Монголд бий болгох шаардлага үүсээд байгаа бөгөөд сүүлд Германы төслийн хүрээнд зайнаас халуун хэмждэг төхөөрөмжийг баталгаажуулах лабораторийг байгуулахад бэлэн болсныг Шадар сайдад танилцуулав. Улс, нийслэл хот болоод нийгмийн хөгжлийн хэмжүүр болсон стандартын шинэчлэл, баталгаажуулалт, хэрэгжилт, хяналт гэдэг шат дамжлага бүртээ маш чухал ажил байдаг. Шадар сайдын хувьд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрыг байгуулж, хэд хэдэн чухал стандартуудыг батлуулж байсан учраас өдгөө өөрийн эрхлэх харьяа агентлагуудын нэг болох Стандарт, хэмжил зүйн газрынхнаас илүү их зүйлийг хүсэн хүлээж, өндөр шаардлага тавьж, шахаж шаардаж ажиллахаа онцолсон юм.

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050”-д тусгагдсан төсөл хөтөлбөрүүд, бодлогын томоохон ажлуудаас танай агентлагийн хэтийн зорилт, төлөвлөгөөнд аль салбарын ямар ажлууд тусгагдаж байгаа вэ. Монгол үндэстний хөгжил дэвшил та бүхнээс ихээхэн шалтгаална. Үндэсний стандарт батлах нэг хэрэг. Баталсан стандартынхаа хэрэгжилтэд үндэсний хэмжээнд хяналт тавьж ажиллах нь чухал. Дан ганц мэргэжлийн хяналтын байцаагчдад найдаад орхиж болохгүй. Стандарт, хэмжил зүйн байгууллагын нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтой байгааг ойлгож байна. Энэ чиглэлээр төр, засаг бодлогоор дэмжиж анхаарна. Харин та бүхний хувьд юуны түрүүнд монгол хүн эрүүл, аюулгүй аж төрөх зэрэг наад захын асуудлыг шийдэхүйц стандартыг батлан, дагаж мөрдүүлэхэд анхаарах учиртай. Стандарт гэж байх ёстой бол нэн тэргүүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношилгоог шинэ шатанд гаргахаас эхлэх ёстой. Цаашлаад үндэснийхээ хөгжлийн түвшинг ахиулахын тулд шаардлагатай стандартуудыг олон улсын түвшинд нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтэд нь бусад газруудтайгаа хамтдаа хяналт тавих хэрэгтэй” хэмээн Шадар сайд хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж