Ангараг дээрх судалгаа, шинжилгээний ажил амжилттай үргэлжилж, тэр ч байтугай тэнд амьдрал байдгийн баталгаа байж магадгүй зургуудыг дэлгэсэн билээ. Гэвч зарим эрдэмтэд Ангарагаас олдсон гэх мөөгөнцөр NASA агентлагийн лабораторид үүссэн хэмээн үзэж байгаа аж.
Жишээлбэл, Корнеллийн их сургуулийн профессор Кристофер Мэйсоны үзэж байгаагаар Ангарагаас дээж авчрах хөлөг, лабораторийг хэчнээн тогтмол найдвартай цэвэрлэдэг байлаа ч мөөгөнцөр ургахыг зогсоож чадахгүй гэнэ. Тэрбээр “NASA агентлаг Ангараг дээр буулгасан төхөөрөмжөө маш сайн тусгаарласан орчинд бүтээж, хөөргөхийн өмнө нэг бүрчлэн ариутгаж цэвэрлэсэн. Ангараг дээр дэлхийн ямар нэг нян, вирус, мөөгөнцөр авч очихоос сэргийлж байгаа юм. Яаж ч цэвэрлэсэн огт био материалгүй байна гэдэг бол боломжгүй зүйл. Учир нь дэлхий дээр хэдэн тэрбум жил оршсоор буй нянгууд маш олон бөгөөд хаа сайгүй бий. Тэд бидний бие дотор, арьсан дээр гэх мэтчилэн эргэн тойронд бий. Тиймдээ ч тэд хамгийн хамгийн цэвэрхэн өрөөнд ч ямар нэгэн байдлаар нэвтэрч чадна гэсэн үг” хэмээн ярьжээ.
Тэрбээр өөрийнхөө санааг хоёр ч сонирхолтой туршилтаар баталж байгаа юм. Эхлээд тэрбээр ямар ч сайн ариутгасан лабораторид ямар нэг нян нэвтэрч орох болон сансарт амьд үлдэх чадвартай хэмээн үзсэн байна. Түүний тайлбарласнаар нэгэнт лабораторид амьд үлдэх аргаа олсон нян бол цацраг идэвх, хүйтнийг ажралгүй сансрын хөлөгт амьдарч чадах аж.
Мэйсон "Хэрвээ мөөгөнцөр Ангараг дээр очоод ургасан бол NASA цаашид маш болгоомжтой байх ёстой" хэмээн сануулсан байна. Учир нь энэ бол хүн төрөлхтөн сансрын уудамд аялахдаа нэгээс нөгөөд санаатайгаар болон санамсаргүйгээр нян тээвэрлэх эрсдэл өндөр байгаагийн баталгаа юм. Цаашлаад шинэ орчинд очсон нян хурдтай үржиж, тухайн гаригийн болон сансрын нисэгчийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Эх сурвалж: BUSINESS INSIDER