Ерөнхийлөгч эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ | News.MN

Ерөнхийлөгч эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Ерөнхийлөгч эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:

“Эрдэмтэн судлаачид аа,

Академич цол хүртэгсэд ээ,

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрлөө.

Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлье.

2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.

Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:

  • Физикч, математикч Жавын Даваасамбуу
  • Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
  • Биологич Жадамбаагийн Норовсүрэн
  • Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
  • Түүхч Цэдэндамбын Батбаяр

нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.

Судалгаа шинжилгээ, бүтээлээрээ шалгаран, эрдэмтдийн дундаас сонгогдон “Академич” хэргэмийг хүртэж байгаа эрдэмтдэдээ баяр хүргэж, үйлс бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм.

Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна.

Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын эрдэм судлал цэгцтэй хөгжиж, өргөжин дэлгэрэх болтугай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-05-17 43.228.129.119

Академич цол хүртсэн Ж.Даваасамбууд ажлын амжилт хүсэж баяр хүргье. Увсын цэнхэр хязгаар нутаг чинь ухаантай хүүгээ өндөлзөн мишээж баярлаж байгаа гэдэгт гүнээ итгээрээ.

Avatar

зочин 2021-05-17 59.153.113.158

Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга гуай сүүлийн үед уг нь их зөв салбарын зөв хүмүүст цол шагнал олгоод сүрхий байгаа шүү. Монгол Улсын Төр Засаг эдгээр академич эрдэмтэн судлаачдаа маш сайн дэмжих хэрэгтэй шүү.

Avatar

Судлаач 2021-05-17 103.212.118.25

Эдгээр Академич нар харъяа хүрээлэнгүүд дээрээ зөвлөх, тэргүүлэх зэрэгтэйгээр ажиллаад явах нь чухал. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрыг татан буулгаад хүрээлэнгүүдийг БШУЯ-нд шууд харъяалагддаг болгох нь зүйтэй. Энэ Академич цолыг олгохдоо математикч хүн малын эмчид санал өгч, түүхч хүн физикч хүнд санал өгч Академич цолыг олгодог буруу журамтай. Гадаадад маш олон чадварлаг залуучууд судалгааны ажил хийж байна. Тэднээс энэ Академич нар айдаг, академийн гишүүдээр сонгодоггүй, хазаж, хайрдаг.

Avatar

Зочин 2021-05-17 192.82.83.41

Сүүлийн 3 ерөнхийлөгч Цол тэмдэг түгээх ажлаа голоод элдэв юмруу ордог жишиг тогтлоо!

Avatar

Иргэн 2021-05-17 202.21.113.146

Сүүлийн арваад жил цэргийн цол , гавьяат , академич цол хэргэмийг хэт хавтгйруулж үнэ цэнийг алдуулж байна . Энэ цол хэргэмүүд бол бэлэг биш гэдгийг ерөнхийдүүлэгч нар хойшид бодох хэрэгтэй бол уу .

Avatar

Зочин 2021-05-17 64.119.23.151

Ekiin hiisen ajil baahan shagnal garduulaad duuslaa daa

Avatar

Зочин 2021-05-17 66.181.190.239

Batlaga buuhaasaa umnuhun uurtuu akademich tsol olgoj medne shvv, taminee!

Avatar

Зочин 2021-05-17 66.181.179.224

гадаадад бол ерөнхийлөгч хийх ажил биш дээ.

Avatar

Зочин 2021-05-17 64.119.24.69

Хүний гараар могой бариулна гэж МАН тооцжээ.

Avatar

Tr 2021-05-17 192.82.80.192

Улсаар нь дүүрэн академич, эрдэмтэнгүүд. Тэгсэн хэрнээ шинжлэх ухаан нь ч тэр, улс нь ч тэр хөгждөггүй ээ. Монголын бас нэг гайхамшиг.

Avatar

Зочин 2021-05-17 202.21.115.82

манай эрдэмтэн судлаачид үнхээр сайн гэхдээ санхүүжилтийн асуудалыг шийдэж чадаагүй өдийг хүрсэн.

Avatar

Tr 2021-05-17 192.82.80.192

Наад яриаг чинь олон жил сонсож байна. Мөнгө, тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл алаад өгнө ч гэх шиг. Худлаа шүү дээ. Чухал царайлсан, том юм ярьсан, сул цалин авсан, хор найруулж, хов базсан баахан юмнууд л байдаг. Үнэхээр номтой нэгнээ хавчиж ад үзсээр байгаад явуулчихдаг. “Эрдэмтэн” нэртэй хоосон толгойтнууд.

Avatar

Иргэн 2021-05-17 202.21.113.146

Монгол улс хүн амын тоотойгоо харьцуулж үзвэл : эрдэмтэн , доктор , гавьяат цолтонгууд , генералууд , академичдын улс болсон байна ….Энэ бол ерөнхийдүүлэгч анх монголд ирхэд дагаж гарсан тоон үзүүлэлт

Avatar

Зочин 2021-05-17 64.119.24.69

Физик, математикийн цоо шинэ бодолт нээлт хийгээгүй хүн Монголын академич боллоо гээд гадаадын эрдэмтэд ярилцаж байна. Цол хэргэм, тусгай хангамжинд донтож мансуурсан Монголын академич нараас юу ч гараагүй. Юуч нээж нээлт хийгээгүй академич нарыг цол хэргэмийг хурааж ав. Өгч болсон юм хурааж авч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж