Хоол идэхийн тулд хэрэг хийсэн хөгшний амьдрал сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Хоол идэхийн тулд хэрэг хийсэн хөгшний амьдрал сайжирчээ

Хоол идэхийн тулд хэрэг хийсэн хөгшний амьдрал сайжирчээ

Одоогоос 13 жилийн өмнө Хунань мужийн 69 настай Фү Дашин хэмээх эр дэндүү ядуу амьдарч байсан тул шоронд ороод ч хамаагүй тогтмол хоолтой байхын тулд гэмт хэрэг үйлдэж байжээ. Тэрбээр Бээжинд очин, галт тэрэгний буудал дээр гартаа хутга барин дээрэм хийсэн байна. Фүгийн санаа төлөвлөсөн ёсоор бүтэж, тэрбээр хорих ял сонсож, хоёр жилийн турш тогтмол хоолтой амьдарчээ.

Түүнээс хойш 13 жилийн дараа Фү Дашин хэзээ ч төсөөлж байгаагүй амьдралаараа сайхан амьдарч байгаа аж. Тэрбээр “Би одоо эрх чөлөөтэйн дээр хүссэн зүйлээ худалдаж авах чадвартай болсон. Би энэ амьдралдаа тун сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ.

Фү Дашин одоо 100 мянган юанийн үнэтэй байшинд загас, будаа, гоймон гээд хүссэн хоолоо авч иддэг болжэ.  Учир нь Фүгийн зээ өөрийн болон нутгийн захиргааны хандивласан мөнгийг нийлүүлэн өвөөдөө шинэхэн байшин барьж өгчээ. Засгийн газраас ажил эрхлэх боломжгүй, үр хүүхэдгүй хөгшчүүлд жил бүр 9360 юань тараадаг болсон байна.

 2008 оны байдлаар дээрх тэтгэмжийн хэмжээ 600 юань байсан нь Фү Дашины хоол унданд яагаад ч хүрдэггүй байв. Тэр тухай Фү “Жилийн 600 юанийг хуваагаад бодвол нэг өдөрт 1.6 юань гэсэн үг. Гэтэл тэр үед аяга будаа гурван юань, гахайн мах кг нь 265 юань байсан шүү дээ” хэмээн дурсчээ.

Ши Жиньпиний санаачилгаар БНХАУ 2015 оноос хойш ядуурлын эсрэг идэвхтэй тэмцэж ирсэн билээ. Тэр цагаас хойш иргэдийн амьжиргааны түвшин эрс дээшилсээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар гэхэд нийт 99 сая хүн ядуурлаас гарсан байна. Өмнө нь Фү Дашин шиг өндөр настай, эсвэл өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маш хүнд нөхцөлд нэн ядуу  амьдардаг байсан бол өдгөө ажил хийх боломжгүй хэдий ч ядуурлын шугамаас дээгүүр түвшинд аж төрөх болжээ.

Фү Дашин хөгшрөхийн хэрээр түүнд ажил олдохоо байж, өөрөө ч ажил хийх тэнхээгүй болсноор халамжаас өөр орлогогүй хоцорсон байна. Тэгэхэд 2003 оноос эхлэн хүүхэдгүй ахмадуудад жил бүр 300 юань тараадаг байсан нь 2007 онд хоёр дахин нэмэгдэж 600 юань болсон аж. Хөршүүд нь Фү Дашинг дан будаа идэж байхыг олон удаа харсан гэдэг.

2008 оны наймдугаар сард Фү Дашин шоронд ороод, өвчнөө эмчлүүлсэн эрийн тухай түүхийг сонсоод, шоронд орохоор шийджээ. Тийнхүү Фү Дашин замдаа хог түүн, үнэ хүрэхүйцийг нь зарж, тасалбар худалдан авсаар галт тэргээр 10 хоног явж, Бээжин хотод хүрсэн аж. Бээжинд хүрмэгцээ тэрбээр хамгийн түрүүнд харсан цагдаагийн офицероо дээрэмдэхээр шийдсэн боловч алхааг нь гүйцэж чадалгүй бүтэлгүйтсэн байна.

Түүний дараа Фү гартаа 300 юань барьсан эмэгтэйг сүрдүүлсэн ч өнөөх нь Фү Дашинг сэтгэцийн өвчтэй гэж бодоод зугтжээ. Дараад нь Фү нэг оюутан охины цүнхийг шүүрэх гэсэн ч тамир нь хүрсэнгүй дахиад л бүтэлгүйтсэн байна. Эцэст нь тэрбээр ногоо арилгадаг хутгаа гартаа барьсанд оюутан охин “Дээрэмчин” хэмээн орилж, ойролцоо явсан цагдаагийн анхаарлыг татжээ. Тийнхүү Фү Дашин дээрэм хийхийг завдсан хэргээр шүүхээс хоёр жил хорих ял сонссон аж.

Шоронд ороход түүнд маш сайхан байсан гэнэ. Учир нь шоронгийн цагийн хуваарийн дагуу Фү өглөө бүр өндөг, өдөр бүр мах идэж, чөлөөт цагаараа ном унших, шатар тоглох, зурагт үзэх зэргээр өөрийгөө зугаацуулах боломжтой болжээ. Түүнчлэн Фү Дашин хэдийнэ 60 илүү насалсан байсан учир шоронд хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй, харин ч тогтмол эрүүл мэндийн үзлэгт оруулдаг байж. Тэрбээр шоронгийн өгдөг талханд маш дуртай байсан бөгөөд өдрийн гурван хоол идсээр эхний гурван сарын дотор таван кг жин нэмжээ.

Фү шоронд маш жаргалтай байсан ч хугацаанаасаа зургаан сарын өмнө суллагдаж, Лингуан тосгоны хөгшчүүлийн хотхонд шилжсэн аж. Гэвч хотхоны хөгшчүүлд өгдөг хоол шоронгийн хоолноос онцгүй санагдсан тул Фү нэг жилийн дараа нүүхээр шийджээ.

Нутагтаа ирэхэд нь Фүгийн зээ нутгийн захиргаанаас гэртээ засвар хийх шаардлагатай болсон хөгшчүүлд өгдөг 26 мянган юанийн тэтгэмжийг авч, өөрөө мөнгө нэмэн шинэ байшин барьж өгсөн аж. Хэдийгээр шинэ байшиндаа дүүрэн тавилгагүй ч Фү одоогийнхоо амьдралд үнэхээр сэтгэл хангалуун байгаа аж.

Өдгөө Фү Дашин улам хөгширч, бие нь муудаж эхэлсэн байна. Тэрбээр оршуулгыг нь энгийн зохион байгуулж, өөрийнх нь амьдралын тухай, ялангуяа Бээжинд очиж шоронд орсон тухай үгтэй дууг ардын дууны хэв маягаар хоёр орой дуулж өгөхийг хүссэн гэрээслэл бичжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж