АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Бямба гариг (2021.05.15)-т мөргөлдөөн хурцдаж буй Израил, Палестины удирдагч нартай утсаар ярьжээ.
Тэрбээр эхлээд Израилын Ерөнхийлөгч Беньямин Нетаньяхутай утсаар ярьж, Хамас болон бусад террорист байгууллагаас явуулж буй пуужингийн довтолгооноос Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэйг онцолсон байна. Гэхдээ талуудын сөргөлдөөнөөс үүдэн хүний амь ихээр эрсдэж, олон улсын томоохон мэдээллийн агентлагуудын байруудыг бөмбөгдөж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн маргааныг эцэслэх хамгийн сайн арга бол хоёр тусгаар улс байгуулах гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Жо Байден Палестины өөртөө засах засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай ярихдаа Израил руу пуужин харваж байгаа Хамас бүлэглэл галаа нэн даруй зогсоох шаардлагатайг анхааруулжээ.
Сүүлийн долоо хоногийн турш үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Газын зурваст 200 орчим хүн алагдсаны 58 нь хүүхэд, 34 нь эмэгтэй хүн байна. Палестины засаг захиргаанд байдаг Газын зурвасаас Хамас бүлэглэл олон тооны пуужинг Израилын тал руу харвасан бол Израил хариуд нь Газын зурваст агаарын цохилт өгсөөр байгаа юм.
Палестины мэдлийн Йерусалем хотоос арабуудыг албадан нүүлгэж, жүүдүүдийг суурьшуулах болсноос энэхүү мөргөлдөөн эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Араб-Израилын зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжиж байна.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ