Суэцийн сувгийн үлэмж том “Ever Given” хөлөг гуравдугаар сард зургаан хоногийн турш гацсан. Түүний ойролцоо буюу өмнөд хэсгийг хоёр урсгалтай болгохын тулд хоёр дахь эгнээг өргөсгөх ажлыг Египетийн эрх баригчид Суэцийн сувгийн захиргаатай хамтран эхлүүлжээ.
Суэцийн сувгийн захиргаа 2015 онд нээсэн хоёр дахь эгнээгээ 10 км-ээр сунган, нийт 85 км урттай, хоёр дахин өргөн, гүн болгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси “Эл хөгжлийн төлөвлөгөөг даруй хэрэгжүүлж, аль болох богино хугацаанд хуваарь гарган түргэн ажилласугай” хэмээн захирамж гаргаснаар дээрх үйл ажиллагааг яаравчлан эхэлсэн байна.
Эргэн санавал, гуравдугаар сарын 23-наас 29-ний хооронд сувгийн өмнөд хэсэгт 440 метр урттай "Ever Given" ачааны хөлөг онгоц хөндөлдөн гацсанаас болж олон улсын худалдаа, усан замын тээвэр тасалдсан билээ.
Өдгөө дээрхтэй төстэй асуудлаас сэргийлэхийн тулд хоёр дахь эгнээг өргөн, урт, гүн болгохын тулд Ойрхи Дорнодын хамгийн том Мохаб Мамиш эксковаторыг Египетэд авчирсан байна.
"Ever Given" хөлөг хэдийгээр гацаанаас гарсан ч хөлгийг эзэмшигч компани Суэцийн сувгийн захиргааны нэхсэн нөхөн төлбөрийг барагдуулаагүй байгаагаас болж өнөөдрийг хүртэл гацсан газрынхаа ойролцоох зогсоолд хөдлөлгүй зогссоор байгаа билээ.
Суэцийн суваг нь Египет рүү чиглэсэн гадаад валютын гол эх үүсвэр болдог. Дэлхийн нийт худалдааны 10 орчим хувь нь тус сувгаар дамжин өнгөрдөг аж. Тухайлбал, өнгөрсөн жил л гэхэд нийт 19 мянга орчим хөлөг онгоц Суэцийн сувгийг дайран өнгөрчээ.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ