“Инновацийн 7 хоног” арга хэмжээг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн “Инновацийн 7 хоног” арга хэмжээ өнөөдөр (2021.05.17) албан ёсоор эхэлж, тавдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Тус арга хэмжээ нь үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилготой юм.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөгч оролцож байна.
"ЗАЛУУСЫН ӨДӨР ТУТМЫН АЖИЛ, БҮТЭЭЛ, СУДАЛГААНДАА ГАРГАЖ БУЙ ШИНЭ САНАА БҮР ИННОВАЦИ ЮМ"
Өнөөдөр “Үндэсний инновацийн хөгжил” форум зохион байгуулагдаж байна. УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус форумын арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын тэргүүлэх чиглэлүүдийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн, судлаачид чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Инновацийг бид холоос хайх хэрэггүй. Инноваци малчны хотхоноос эхэлнэ. Малчин хүн өөрийн малын үүлдэр угсааг сайжруулах, ноос ноолуураа дэлхийд өрсөлдөх ноолуур болгохоор зорьсон шинэ санаа бүрийг инноваци хэмээн ойлгож болно.
Ийм учраас инновацийг зөвхөн шинжлэх ухааны судлаачид хийдэг гэж ойлгох нь буруу. Харин залуусын өдөр тутмын ажил, бүтээл, судалгаандаа гаргаж буй шинэ санаа бүр инноваци юм. Монгол Улсыг цахим үндэстэн болгох ажлыг инноваци, мэдээлэл технологийн салбарынхан нуруундаа үүрч байна. Ойрын жилүүдэд цахим үндэстэн болоход чиглэсэн томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ. Мөн мэдлэг, инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүд экспортолдог орон болохын төлөө зорьж байна” гэлээ.
СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТ, ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР ТАВАН БАЙРААР УРАГШИЛСАН
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Монгол Улсад шинжлэх ухаан, дээд боловсрол, аж үйлдвэрийн байгууллагууд, шинэ мэдлэг, дэвшилтэт технологийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн өрсөлдөх чадвартай технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, инновацийн хөгжлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш даруй 10 гаруй жил өнгөрчээ.
НҮБ-аас гаргасан улс орнуудыг мэдлэгийн үзүүлэлтээр эрэмбэлэх чансаагаар Монгол Улс 2019 онд 138 орноос 76 байранд бичигдэж байсан бол 2020 онд 72 дугаар байр луу урагшилсан. Судалгаа хөгжүүлэлт, инновацийн индексээр 2018 онд 138 орноос 71 дүгээр байрт орж байсан бол 2020 онд таван байраар урагшилж, 66 дугаар байрт бичигдсэн.
Эдгээр үзүүлэлтүүдээс харахад уул уурхай, ХАА, түүхий эдэд тулгуурласан эдийн засгаас аж үйлдвэржилт, мэдлэг мэдээлэлд түшиглэсэн эдийн засагт шилжих шилжилтийг хэрэгжүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг сайжруулахад технологи, инновацийн үйл ажиллагааг бүхий л салбарт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх нь олон талын ач холбогдолтой юм” гэсэн юм. Мөн тэрбээр үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэн ашиглах замаар эдийн засгийг инновацийн чиг баримжаатай хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн онцлов.
Холбоотой мэдээ