Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 1-р сард баталж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан билээ. ХААН Банк энэхүү хуулийн зохицуулалтыг дэмжин хөрөнгийн зах зээлд анх удаа хувьцаа гаргах бэлтгэл ажлыг энэ оны 2-р сараас эхлүүлээд буй.
Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд ХААН Банк хамтран ажиллах хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагууд болох андеррайтерийн болон хууль, үнэлгээний компаниудыг тус тус сонгон шалгаруулсан бөгөөд эдгээр байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр ХААН Банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх, олон нийтэд хувьцаа гаргах төслийн ажил албан ёсоор эхэлж байна.
ХААН Банкны хувьцааг олон нийтэд танилцуулж, Хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек” ХК нь үндсэн андеррайтераар, “ХаанЛекс Партнерс” ХХН нь хууль зүйн зөвлөхөөр, “БДО аудит” ХХК нь бизнесийн үнэлгээний чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Банкны зүгээс холбогдох хууль журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж, эдгээр компанийг тодруулсан бөгөөд салбартаа тэргүүлэгч, нэр хүндтэй мэргэжлийн байгууллагууд гэдгээрээ онцлог юм.
ХААН Банк нь Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 550 гаруй салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан нийт айл өрхийн 70 гаруй хувьд хүрч үйлчилдэг үндэсний томоохон арилжааны банк төдийгүй нийт активын хэмжээгээр банкны системийн гуравны нэг хувийг эзэлж, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, найдвартай байдал, Монгол Улсын тэргүүлэгч банкны байр сууриа тогтвортой, тууштай хадгалж ирсэн билээ.
Монгол Улсын хамгийн том, нөлөө бүхий, хамгийн олон харилцагчтай ХААН Банк ийнхүү хөрөнгийн зах зээлд хөл тавьж, хувьцаат компани болон бүртгэгдсэнээр нэг талаас ХААН Банкны хувьцааг худалдан авахаар төлөвлөж буй хэн бүхэнд үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж, нөгөө талаас хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж байна.
Хамтран ажиллах мэргэжлийн байгууллагуудын тухай:
Андеррайтер “БиДиСек” үнэт цаасны компанийн хувьд 30 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй анхдагч, мэргэжлийн, туршлагатай компани бөгөөд олон улсын санхүүгийн сэтгүүлээс 2021 оны Монгол Улсын “Шилдэг брокер”, “Шилдэг хөрөнгө оруулалтын банк” –аар шалгарч байсан.
“ХаанЛекс Партнерс” ХХН нь банк санхүү, хөрөнгийн зах зээл, дэд бүтэц, эрчим хүч, бизнесийн болон компанийн эрх зүйн салбарт голчлон хууль зүйн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг юм.
“БДО аудит” ХХК-ийн хувьд аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний дэлхийн тав дахь том сүлжээ BDO-гийн салбар бөгөөд 2012 оноос хойш Монголд Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ