Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.05.17) 21 аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, орон нутгийн иргэдийн вакцинд хамрагдалт, аймаг тус бүрийн онцгой комисст үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн, үүрэг чиглэл өглөө.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Вакцины төрөлжүүлэлт хийх боломжгүй. Алслагдсан аймаг руу вакцин тасралтгүй тээвэрлэх ажил дээр анхаарна. Мөн отор нүүдлээр явж иргэдийг вакцинжуулах ажлыг аймгийн удирдлагууд эрчимжүүлэх шаардлагатай байна. Шаардлагатай гэвэл алслагдсан аймаг руу онгоцоор вакцин тээвэрлэнэ гэж үзэж байгаа. Вакцины ажлын явц муу байгаа аймгууд энэ дээрээ анхаараарай.
УОК-оос тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээхээр шийдвэрлэсэн. Тиймээс аймгууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, ариутгал халдваргүйжүүлэлт зэргийг хийж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ой хээрийн түймэр гарсан үед унтраах ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай тул та бүхэн анхаараарай.
ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд халдварын эрсдэлгүй зохион байгуулна. ЭЕШ өгөх 18-аас дээш насны сурагчдыг вакцинд хамруулах, вакцины ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Мөн танхимаар давтлага өгөх үед хэсэгчилсэн байдлаар халдвар хамгаалалын дэглэмийг чанд сахих хэрэгтэй. PCR болон вакцинжуулалтын цэг болгон ашиглаж буй сургуулиудын аюулгүй байдлыг хангаж, ариутгал хийгээрэй. Тусгаарлах байр, тусгаарлалтын зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон. Тиймээс аймгуудын Эрүүл мэндийн төвүүд ЭМЯ-ны сайдын журмын дагуу үйл ажиллагаагаа явуулаарай. Ингэснээр аймгийн төсвөөс мөнгө гарах шаардлагагүй болсон.
Холбоотой мэдээ