Сонгуулийн талцал Монголын ардчиллыг эрсдэлд оруулж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Сонгуулийн талцал Монголын ардчиллыг эрсдэлд оруулж байна

Сонгуулийн талцал Монголын ардчиллыг эрсдэлд оруулж байна

Уншигч та бүхэнд Зүүн Өмнөд Азийн улс орнуудын улс төр, нийгэм, соёлын талаар мэдээ, нийтлэл бэлтгэдэг “The Diplomat” сэтгүүлд гарсан, удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол Улс зургадугаар сарын 9-нд 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш найм дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Сонгууль дөхсөн эдгээр өдрүүдэд улс төрийн амьдрал эрс хөдөлгөөнд орж эхэлжээ. Улс төрийн туйлшрал, шүүхийн шийдвэрүүд, Ерөнхийлөгчийн зарлигууд, намуудын хуваагдал, нэгдэл гээд Монгол Улсад институцчлэгдсэн намын тогтолцоо урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр тогтворгүй болоод байна. Байдал энэ чигээрээ үргэлжилбэл тус улсад ардчилал гэнэтийн уналтад орох нь.

1990 оны хувьсгалаас өмнө Монгол Улс Ерөнхийлөгчтэй байж үзээгүй. Тухайн үеийн Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга асан Пунсалмаагийн Очирбатыг парламент Ерөнхийлөгчөөр томилж, тэрбээр Монголын анхны Ерөнхийлөгч болсон.

Урт удаан, хатуу хэлэлцээ хийсний эцэст, хоёр жилийн дараа ард түмэн Ерөнхийлөгчөө сонгох боломжтой болов. П.Очирбат нь 1993 оны зургадугаар сарын 6-ны өдөр 60 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм.

Америкт суурьшсан, Испанийн эрдэмтэн Хуан Линц “Ерөнхийлөгчийн засаглалын аюул” (1990) хэмээх маш чухал нийтлэлээ хэвлүүлснээс хойш эрдэмтэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тулгарч болзошгүй асуудлуудад ихээхэн анхаарах болжээ. Саяхан Фридрих Эбертийн сангаас гаргасан бодлогын баримт бичигт Испанийн өөр нэгэн эрдэмтэн (энэ баримт бичгийн зохиогчдын нэг) мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн эрсдэлийн талаар анхааруулжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгууль нь намын тогтолцоог хуваах, туйлшрахад хүргэж болохыг онцлон тэмдэглэв. Эдгээр асуудлууд орчин үеийн Монгол Улсад ажиглагдаж байна.

НАМЫН ТОГТОЛЦООНЫ ХУВААГДМАЛ БАЙДАЛ

Ерөнхийлөгчийн албан тушаал  шууд бодит эрх мэдэлгүй байдаг Монгол шиг улс орнуудад ч гэсэн улстөрчдийн хамгийн дээд хүсэл мөрөөдөл нь Ерөнхийлөгч болох байдаг. Төрийн тэргүүн болох гэсэн санаа нь бүтэлгүйтсэн, нэр дэвшээд ялалт байгуулаагүй улстөрчид дахин өрсөлдөхийн тулд шинэ нам байгуулах тохиолдол байдаг.

Үүний тод жишээ бол 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч, Монгол ардын нам (МАН)-аас нэр дэвшигч Н.Энхбаяр Ардчилсан намын нэр дэвшигчид ялагдсаны дараах үйл явдал юм.

Тэрбээр өөрийн ялагдлаа МАН-ын удирдагчдад тохож, өөрийг нь дагагч хэсэг парламентын гишүүдтэй хамт МАХН-ыг байгуулж, өрх тусгаарласан. Хамгийн сонирхолтой нь, ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ хоёр нам дахин нэгдэх гэж байна.

НАМЫН ИНСТИТУЦЧЛЭЛ: ФРАКЦИОНАЛИЗМ

Ерөнхийлөгчийн сонгууль нь хувь хүний ​​шинж чанарыг илүү харуулах хандлагатай байдаг бөгөөд энэ нь эргээд хуваагдалтай, шинэ, сул дорой улс төрийн намуудыг бий болгодог.

Ялангуяа намууд нь аль хэдийнэ фракцид хуваагдсан Монгол шиг улс орнуудад илүү их тохиолддог үзэгдэл.  Ардчилсан нам (АН) дотор үүсээд байгаа дотоод маргаан нь фракцууд нам доторх тогтворгүй байдлыг бий болгож буйн маш том жишээ юм. Мөн 2010 онд МАН хоёр хуваагдаж, МАХН байгуулагдсан.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших гэсэн оролдлого нь АН-ын өнөөгийн асуудлын гол зангилаа гэж хэлж болно. Түүний талыг баримтлагчид болон АН-ын дарга асан С.Эрдэнийн талыг баримтлагч нарын хооронд хагаралдаан үүсээд байгаа билээ.

Дэлхийн ихэнх хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудаас ялгаатай нь Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай намаас нэр дэвших ёстой байдаг. Үүнээс л асуудал үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болох үедээ намаасаа татгалзахаас аргагүй болоод дахин сонгогдохын тулд эргээд намдаа асуудал үүсгэдэг гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн улс төрийн намуудын “хараал” болж хувирч байгааг АН-ын хуваагдал харуулж байна. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинийн хэлсэнчлэн “Нэр дэшигч нь Ерөнхийлөгчөөр сонгогдоход нам хамгийн их хохирдог” аж.

Монгол Улсын гол сөрөг хүчин болох АН доторх хуваагдмал байдал нь Дээд шүүх хоёр фракцаас сонгогдсон нэр дэвшигчдийн өргөдлийг няцаахад хүргэсэн. Энэ нь МАН-ын хувьд завшаан болсон гэж хэлж болно.

ТУЙЛШРАЛ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн туйлшрал дээд цэгтээ хүрдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг сөрөг пи-ар, хэт популист сурталчилгаагаар тодорхойлж болно.

Х.Баттулгын хувьд 2017 оны сонгуулийн кампанит ажлын гол уриа нь “Монгол ялна” байв. Энэ бол популист пи-арын сонгодог жишээ.

Тэрбээр энэ уриа үгээрээ өөрийн гол өрсөлдөгч, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг “цэвэр” монгол хүн биш гэсэн сөрөг сурталчилгаа хийсэн. 2017 оны сонгуулийн үеэр үзэл баримтлал, бодлого гэдэг зүйл хөсөр хаягдаж, улстөрчдийн хувийн дайралт, сонгогчдын туйлшрал дээд цэгтээ хүрсэн. Одоогийн Ерөнхийлөгч болон МАН-ын хооронд үүсээд буй нөхцөл байдал нь мөн л Ерөнхийлөгчийн сонгууль улс оронд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг харуулж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ

Ерөнхийлөгчийн сонгууль бас Засгийн газрыг тогтворгүй байдалд хүргэж, намын тогтолцоог өөрчилж болзошгүй юм. У.Хүрэлсүхийн огцролт бол үүний хамгийн ойрын жишээ юм. Улс орны эрх мэдлийг бараг бүтнээр нь атгаж, МАН парламентад хэт олонх болсон үед У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох болсон нь “хачирхалтай” шийдвэр байв. Ингэснээр түүний Засгийн газар Монголын ардчиллын түүхэн дэх хамгийн богино хугацаанд оршин тогтносон Засгийн газар болсон юм.

Гэхдээ түүний огцролт зүгээр л нэг шалтаг байсан нь тодорхой болж, гол зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байсан нь удалгүй ойлгомжтой болсон.

Ерөнхийлөгчийн сонгууль, эсвэл эрх баригч намуудын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй Засгийн газрын танхим өөрчлөгдөх тохиолдол өмнө нь ч гарч байсан. Парламентын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгууль ойрхон болдог тогтолцоо нь шинээр байгуулагдсан Засгийн газрууд Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөний золиос болж, улс төрийн үймээн дэгдэх гол хүчин зүйл болдог. Хэрэв У.Хүрэлсүх ялагдвал дээрх жишгийн дагуу одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч мөн удаан оршин тогтнох боломжгүй болно.

ДҮГНЭЛТ

Эрдэмтэд улс орны төрийн тэргүүнийг сонгох сонгууль ардчилалд нь аюул заналхийлдэгийг нотолсоор байна. Тархай бутархай байдал, улс төрийн намуудын сулрал, намын тогтолцооны тогтворгүй байдал, Засгийн газрын тогтворгүй байдал, ард түмний туйлшрал зэрэг нь чухам Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л дээд цэгтээ хүрдэг. Ийм байдал ялангуяа шинэ тутам хөгжиж буй ардчилалтай орнуудад ихээхэн ажиглагддаг. Дээрх бүх жишээнээс дүгнэхэд, Монгол Улсад тэнцвэртэй, хяналттай парламентын засаглалын хэв шинж алдагдсан нь харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж