Одоогоос жил гаруйн өмнө эрх баригч МАН шүүхийн салбарыг шинэчлэхээ амласан. Энэхүү амлалтынхаа дагуу Шүүхийн тухай багц хуулийг УИХ дахь МАН-ын үнэмлэхүй олонх батлаж, 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд шүүхэд бүтцийн өөрчлөлт хийх ажил өнөөдөр ч үргэлжилж буй. Эрх баригчдын зүгээс Шүүхийн тухай багц хуулийг батлахдаа шүүх өөрөө хараат бусаар ажиллах ёстойг сануулж, Төрийн ордны гурван давхраас ирж ялын захиалга авдаг болсон шүүхийн шударга бус шийдвэрт цэг тавих хэрэгтэйг тодотгож байлаа. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэх шаардлага үүссэн юм. Шүүхийн тухай багц хуулийн төсөлд шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог байх заалтад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “харшилж”, эсэргүүцлээ ил, далд илэрхийлж, өөрөө ч Шүүхийн тухай багц хуулийн төслийг өргөн барьж, хориг ч тавьж байсан удаатай.
Тэгвэл шүүхийн хуулийн хэрэгжилттэй зэрэгцэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ял эдэлж байхад нь шүүх нэг өдрийн дотор батлан даалтад гаргаж, хэргийг эхнээс нь шалгах шийдвэр гаргав. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаав. Ийн шүүхийн шийдвэр гарсан учраас өнгөрсөн Баасан гаригт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаж гаргаж, харин Ц.Амгаланбаатарыг үргэлжлүүлэн хорихоор болсон юм. Тэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн III шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор хорих ангид ял эдэлж байсан юм. Ийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг эхнээс нь шалгахаар болсон нь анхаарал татаж байна. Тэднийг батлан даалтад гаргахдаа шүүх хуулиа барьж, ажилласан гэх.
Гэхдээ Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрсөн, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн байхад ийн 20 гаруй жил дуулиан дагуулсан хэргийг үйлдсэн гэж гурван шатны шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй хүмүүсийг батлан даалтад гаргасан нь олон эргэлзээ дагуулж эхлэв. Өмнөх гурван шатны шүүхийн шийдвэрээ эргэж харах, нягтлах, өөрөөр шийдэх боломж байсан эсэх гээд олон эргэлзээ дагуулсан шийдвэрийг ганц өдрийн дотор гаргасанд гайхах хүмүүс ч олон. Үүнтэй зэрэгцээд Шүүхийн багц хуулийн шинэчлэл дээр ажилласан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэлээ.Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж хууль тогтоогч больё гэж шийдсэн. Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ" гэсэн байр суурь илэрхийлсэн нь эргэлзээг улам тодотгов.
Шүүх хараат бус ажиллах, иргэндээ шударга үйлчилдэг байхыг хүн бүр хүсч буй. Гагцхүү хэн нэгний захиалга, нам эвслийн даалгавраар шийдвэр гаргадаг байж болохгүй. Тийм зүйлийг хүсээгүй учраас Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг иргэд анхааралтай ажиглаж байна.
Яг ийм цаг үед нь гурван шатны шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй этгээдүүдийг сулласан нь улс төрийн зорилго байх вий гэсэн хардлагыг ч үлдээлээ. Эрх баригчдын хүссэн шударга шүүх болоод хэн нэгнээс захиалга авдаггүй шүүхийн шударга байх зарчим нь яг энэ мөн үү, эсвэл. Ялангуяа шүүх шударга ажиллах, иргэний эрх ашгийг хамгаалсан, хүний эрхийг зөрчихгүй шийдвэр гаргах эсэхэд иргэд эргэлзэж эхэллээ. С.Зоригийн амь насыг хохироосон этгээдүүдийг батлан даалтад гаргаж, эргэлзээ дагуулсан энэ мэт шийдвэрүүд гарах ёсгүйг ч дахин сануулъя.
Холбоотой мэдээ