Хятад мотоцикль аюул тээсээр байна

Хуучирсан мэдээ: 2021.05.17-нд нийтлэгдсэн

Хятад мотоцикль аюул тээсээр байна

Хятад мотоцикль аюул тээсээр байна

Эрийн хийморь болсон морьдыг хятад мотоцикль орлоод олон жил өнгөрчээ. Мэдээж хэрэг мотоцикль малчдын ахуй амьдралд тус нэмэр болж байгааг үгүйсгэх аргагүй. Шатахуун бага иддэг, хол газрыг богино хугацаанд туулдаг, мөн үнэ хямд, сэлбэг элбэгтэй гэх мэтчилэн түүнийг сонгох шалтгаан олон. Гэвч хятад мотоцикль хөнөөлт зэвсэг болон хувирсан гэхэд буруудахгүй.

Судалгаанаас харахад, сүүлийн арван жилийн байдлаар мотоцикльтэй холбоотой 4925 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний улмаас 2132 хүн гэмтэж, 698 хүний амь хохирсон байна. Ялангуяа урин дулааны улирал ирж буй энэ үед мотоциклийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсчээ.

2021 он гарснаас хойш тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн 92 осол бүртгэгдэж, 51 хүн гэмтэж, 27 хүн нас барав.

Тодруулбал,

  • Өвөрхангай аймагт 4,
  • Архангай, Баян-Өлгий, Төв аймгуудад тус бүр 3, 
  • Булган, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудад тус бүр 2,
  • Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудад тус бүр 1 хүний амь нас хохирчээ.

Ослын гол шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлж яваад онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, үл хөдлөх зүйл мөргөх гэх зэрэг харамсалтай тохиолдлууд байдаг аж.

"ХЯТАД МОТОЦИКЛЬ БОЛ АСФАЛЬТАН ЗАМД ЗОРИУЛАГДСАН УНАА"

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Шинэбаатар “Энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн осол, хэргийн улмаас нас барсан 27 хүний 26 нь эрэгтэй, 1 эмэгтэй. Хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл жолооч 23, зорчигч 4 бүртгэгдсэн байна. Амь насаа алдсан иргэдийн ихэнх хувь нь онхолдох хэлбэрээр, мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, замгүй газраар буюу гуу, жалганд осолдож, амь насаа алдсан байна.

Орон нутгийн малчдын хэрэглээ болоод байгаа хятад мотоцикль бол асфальтан замд унахад тохиромжтой тээврийн хэрэгсэл юм. Гэтэл орон нутагт мотоциклийг хэн дуртай нь дүрэм журамгүй, батлагдаагүй замаар, хамгаалах хэрэгсэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох нь осол гарах шалтгаан болж байна.

Мөн насанд хүрээгүй хүүхдэдээ багаас нь мотоцикль жолоодохыг сургаж, малдаа байнга мотоциклиор явуулдаг. Энэ нь хүүхэд унахаас гадна тухайн мотоциклийн техникийн бүрэн бүтэн байдал, саадыг хараад зогсоох арга хэмжээг хэрхэн авах гэх мэт наад захын мэдлэггүйгээс шалтгаан хүүхдүүд ихээр бэртэж байна. Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгодог. Өөрөөр хэлбэл А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг зохих курст суралцаж, дүрмийн шалгалт амжилттай өгсөн иргэнд олгодог.

Хятад мотоцикль бол асфальтан замд зориулагдсан унаа гэдгийг дахин онцолъё. Хятад Улсаас импортоор орж ирсэн мотоциклийн дийлэнх нь нэг жил хэрэглээд л ашиглах боломжгүй болдог.

Дээрээс нь манайхан бүх юмыг монголчилдог зантай. Энэ бол техникийн үйлдвэрээс гарч байгаа чанар, аюулгүй байдал, үзүүлэлтэд шууд нөлөөлж, аюулгүй байдалдаа санаатайгаар аюул учруулж байгаа явдал” гэв.

"ЭРХ ЗҮЙН БАТАЛГААТАЙ ОРЧИН БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ"

Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн санд 2020 оны байдлаар 1.137.208 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 67.796 буюу 6.0 хувь нь мотоцикль байна. Үүнээс 9.834 буюу 14.5 хувь нь нийслэлд, 57.962 буюу 85.5 хувь нь орон нутагт бүртгэлтэй. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо нь. Үүний цаана бүртгэлгүй, албан бус хичнээн мянган мотоцикль байгааг хэлж мэдэхгүй. Учир нь хөдөө орон нутгийн иргэд аймгийн аль нэг техникийн захаас мотоцикль худалдаж авахдаа бүртгэлжүүлж, оношилгоо хийлгэдэггүй аж.

Уг нь тээврийн хэрэгслээ Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлж, улсын дугаар авах нь иргэдийн заавал биелүүлэх ёстой үүрэг. Гэвч энэ мэт хайнга зангаасаа болж гэмтэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлд хүрч байна гэхэд буруудахгүй. Үүнээс гадна манай хуульд мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учраас Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломжгүй аж. Түүнчлэн мотоцикль нь хилээр нэвтрүүлэх хориотой бараа биш учраас Гаалийн ерөнхий газраас тусгайлсан шаардлага тавьдаггүй юм байна.

Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд: 

  • Импортлох мотоциклийн квот буюу тоо хэмжээг тогтоох,
  • БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг, АНУ, Герман, БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай мотоцикль оруулж ирэх, 
  • Оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай болгон, улмаар хил, гаалиас аваад мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байх.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хөдөөгийн замд мотоциклийн хурдын дээд хэмжээг тогтоож, аюулгүй ажиллагаа болон хэрэглээнд зориулсан стандарт баталж мөрдүүлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж