Сурвалжлага: Хятадууд ноолуур зээлээр авч байна | News.MN

Сурвалжлага: Хятадууд ноолуур зээлээр авч байна

Сурвалжлага: Хятадууд ноолуур зээлээр авч байна

Сурвалжлага: Хятадууд ноолуур зээлээр авч байна

Монгол Улс дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг бэлтгэдэг. Статистик мэдээллээр, манай улс 27 сая тоо толгой ямаатай бөгөөд малчид нийт орлогынхоо 60-70 хувийг ноолуураас бүрдүүлж буй юм. Жил бүр 10 мянган тонн ноолуур гарч байгаа учир үнэ нь өсвөл малчдад эерэг нөлөөтэй билээ.

Цар тахлын энэ хүнд үед ноолуур бэлтгэл, худалдан авалт ямар байгааг сурвалжлахаар "Эмээлт" захыг зорилоо. Тус захын ихэнх хашааны гадна "Ноолуур авна" гэсэн самбар байх ч тоотой хэдхэн газар ноолуур авч байлаа. Ноолуур үнэтэй хэрнээ зах зээлийн эрэлт ховор учраас авах цэг ч бага байгаа аж. Цар тахлын улмаас тээврийн товчоод хяналт шалгалтаа чангатгасан учир малчид ноолуураа шууд орон нутгийн ченжүүдэд өгч байгаа талаар “Эмээлт” захын ченжүүд хэллээ. 

Тэд "Хөл хорио тогтоосноос хойш хэдэн килограмм ноолуураа үнэд хүргэх гээд унаа, түлшнийхээ зардалд өгөөд таарна гэж бодсон малчдад энэ сонголт илүү дээр. Бидний хувьд килограмм ноолуурыг 110-125 мянган төгрөгөөр авч байна. Нэг өдрийн дотор ханш нь унах эрсдэлтэй учир их хэмжээний ноолуур хадгалаад байх боломжгүй. Тиймээс дотоодын үйлдвэрүүд хэзээ авах бол гэж хүлээлгүй Хятад руу хурдан гаргахыг хичээж байна" хэмээн хэлсэн юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөө"-нд тусгаснаар, хаврын ноолуурын бэлтгэлд зориулж, ноолуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Гэвч энэхүү зээлийн санхүүжилт авсан дотоодын үйлдвэрүүд ноолуурын татан авалт огт хийхгүй байгаа ажээ.

"НООЛУУРЫН ҮНЭЭ НЭМЖ, ХЯТАДУУДАД ЗЭЭЛЭЭР ЗАРАХ АШИГТАЙ"

Ноолуурын ченж Д.МӨНХ-АЮУШ:

-Миний хувьд олон жил энд ажиллаж байгаа учраас орон нутгийн ченжүүдийг андахгүй мэднэ. Одоо ер нь таньдаг хүмүүстэйгээ холбогдож байж л ганц, хоёр тонн ноолуурын таталт хийж байна. Ноолуур хэдийгээр энэ жил үнэтэй байгаа ч бидний ашиг өмнө жилийнхтэй ижил байна. Малчдаас нэг килограммыг нь 120 мянган төгрөгөөр аваад, мөнгөөрөө шатахгүйн тулд аль түрүүлж авна гэсэнд нь өгөхгүй бол амаа барина. Уг нь Хятад руу нэг килограмм ноолуур дээр 30-40 мянган төгрөг нэмж зардаг. Гэхдээ тээврийн зардалд ихэнх мөнгө зарцуулагддаг. Одоо цагт бэлэн мөнгөөр наймаа хийдэг хүн бүү хэл компани ч ховор болсон. Хяналт  шалгалт ихсээд, ноолуур буцаагдах, Хятадын хэдэн компаниуд ч зээлээр авах тохиолдол энгийн үзэгдэл болоод байна. Өнөөдөр л гэхэд дөрвөн тонн ноолуур ачиж явуулсан ч бичиг баримт дутуу гэдэг шалтгаанаар буцаагдаж, нэг сая төгрөгөөр шатлаа. Нийслэл рүү ирээд, ноолуур тушаах нь малчдын хувьд үлгэр болсон. Бидний хувьд баялгаа дотооддоо байлгахыг зорьдог ч хэзээ монгол компани ирж авна гэж хүлээх вэ дээ. Өнгөрсөн жилүүдэд дуншиж дуншиж, зургадугаар сараас зарим үйлдвэрүүд ноолуурын таталт хийсэн санагдаж байна.

"Ноолуур өндөр үнээр авна" гэх бичиг хадсан хашаанд зогсож буй иргэнтэй уулзахад “Манайх ноолуур авахгүй байгаа. Дээшээ өгсөөд “Жаргалант”-аас цааш хэдэн газар ноолуур авч байгаа” гэсэн юм. Цааш явж “Булгантамир”, “Их уул“, “Бүрэн Түмэн төв” компанийн хашаанд ороход  ажилчид нь "Ноолуур авахгүй байгаа. Одоо малчид ноолуураа тушаагаад бараг дуусч байна. Зүүн аймгууд л дуусаагүй" гэсээр угтлаа. Тэд "Яриа өгч болохгүй. Компанийн нэр хүндэд халдсан гээд асуудал үүснэ. Дарга нараас л асуухгүй бол болохгүй" гэсэн юм.

"ТӨР ОРОЛЦООД ИРЭХЭЭР НООЛУУРЫН САЛБАР УТГАА АЛДДАГ"

Зарим үйлдвэрүүдтэй холбогдож, ноолуур худалдан авалтын талаар тодруулахад "Малчдынхаа орлогын гол эх үүсвэр болсон ноолуурын ханшийг унагаж, бага үнээр авъя гэсэн бодол байдаггүй. Энэ бол малчин, үйлдвэрлэгч гэсэн харилцан шүтэлцээтэй салбар" гэж онцолж байлаа.

Ноолуурын ченж Н.ААГИЙ:

-Урьд жилүүдэд малчдаас нэг килограмм ноолуурыг 45-65 мянган төгрөгөөр үнэлж авч байсан. Малчид самнасан жаахан ноолуураа үнэд хүргэх гэж хөдөөнөөс, ойрын аймгуудаас бага багаар нь аваад, зорин ирдэг байсан. Энэ жил Төв аймгаас ч зорьж ирэх хүнгүй болсон. Улс орнууд хилээ хааж, экспортын салбар царцсан байдалтай жил гаруй хугацааг өнгөрүүллээ. Харин энэ жил ноолуурын ханш урьд үеийнхтэй харьцуулахад өндөр байна. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр ноолуур авна гэж малчдад хүлээлт үүсгэж, салбарын сайд нь бантан хутгасан. Энэ жил төрөөс ноолуурын салбарынханд 200 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж мөн мэдээлсэн. Улирал нь болоод ирэхээр л нэг зохиол бариад, түүнд малчид итгэж, ноолуураа жилийн хугацаанд дарсан тохиолдол ч байна. Угтаа манай улсын үйлдвэрүүд биднээс хямд үнээр, чанартай ноолуур авч болно. Малчдаа ч дэмжинэ, бизнесээ ч өргөжүүлнэ. Даанч монгол үйлдвэрүүд энэ хавиас ноолуур авах нь ховор. Ядаж жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг цехүүд авдаг бол бид баярлана. Төрөөс татвар авах, үйл ажиллагааны цэгт хяналт тавих ажлаа сайн хийдэг хэрнээ экспортын тухайд дэмжлэг үзүүлэх, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллахад огт анхаарал тавьж оролцдоггүй. Төр ямар нэг мэдэгдэл хийж, малчид түүнд нь итгэдэг ч ноолуурын салбарт бодит дэмжлэг үзүүлэхгүй байна.

Тус захад ноолуур тушаахаар зорин ирсэн малчид харагдсангүй. Ченжүүд "Энэ жил орон нутгийн ченжүүдээс л ноолуур авч байна. Бага хэмжээгээр авч ирж тушааж байгаа хүмүүс нь бүх хашаагаар орж байж хамгийн үнэтэй гэсэн газарт нь л өгч байна. Дотоодын томоохон үйлдвэрүүд маань санхүүжилт байхгүйн улмаас ноолуур авахгүй байна. Арилжааны банкуудын олгож байгаа зээл нь тавигдах шаардлага бага гэсэн атлаа олон зүйл шаардаад, зээл олгохгүй байгааг ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч нар хэлж байна" гэв.

Мөн ченжүүд "Томоохон, бренд болсон үйлдвэрүүд хямд үнэтэй байсан ч ноолуурыг "Эмээлт" захаас авдаггүй. Нэрийг нь хэлэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй гэж гомдоллодог" гэлээ. 

“Эмээлт" захын ченжүүд бүдүүн ширхэгтэй говийн ноолуурыг килограммыг нь 107-115 мянга, нарийн ширхэгтэй зүүн аймгийн килограмм ноолуурыг 117-125 мянган төгрөгөөр тус тус авч байгаа ажээ. Зүүн аймгуудын ноолуур чанартай байдаг учраас ийнхүү илүү үнээр авдаг байна. Гуравдугаар сараас хойш төвийн бүсийн ноолуурын ханш өсөөгүй, харин зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ноолуурын ханш тодорхой хэмжээнд нэмэгджээ.

Дөрөвдүгээр сарын 1-нээс Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээ олгодог болжээ. Уг гэрчилгээг авсан биржийн ноос ноолуур экспортод гарах боломжтой гэсэн үг. Тиймээс ченжүүдэд экспорт хийхэд тодорхой хүндрэлүүд учирч байгаа аж.

"НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД АЖЛЫН БАЙРАА АРАЙХИЙН ХАДГАЛЖ ҮЛДСЭН"

Цар тахлын улмаас ноос, ноолуурын салбар томоохон хүндрэлийг даван туулж байгаа юм. Энэ хавар үйл ажиллагаагаа хэрхэн явуулж буй талаар үндэсний үйлдвэрлэгч нэгэн компанитай холбогдож тодрууллаа.

-Covid-19-ийн үед үйл ажиллагаа явуулахад танай компанид хэр их бэрхшээл тулгарсан бэ?

-Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч бид ажлын байраа аль болох хадгалахыг хичээж ирлээ. Ноолуур улирлын чанартай гардаг. Эргэлтийн хөрөнгө их шаардлагатай. Өнгөрсөн жил Засгийн газраас ноолуурын ханшийг 100 мянган төгрөг гэж тогтоосон. Энэ нь үр дүн багатай байсан. Учир нь тухайн үед зах зээлийн ханш нь 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Энэ жил олон улсын зах зээл дээр ноолуурын ханш харьцангуй өсөлттэй байна. Европ гэхээс илүү Хятадын дотоодын зах зээлийн эрэлт их байгаагаас шалтгаалан ноолуурын ханш өндөр гарах магадлалтай байна. Зах зээлийн зарчмаар үнэ тогтох учиртай.

НООЛУУРЫН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОНОВЧТОЙ ЗОХИЦУУЛАЛТ, ЦОГЦ БОДЛОГО ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Монголын ноос, ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал Д.АЛТАНЦЭЦЭГ:

-Ноолуурын үнэ дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай. Эрэлт, хэрэгцээ их байвал мэдээж үнэ өндөр байна. Энэ жилийн хувьд самнасан ноолуурын үнэ харьцангуй өссөн. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд ноолуурыг зах зээлийн үнээр л авдаг. Харин зах зээлийн үнэтэй уялдахгүй хатуу үнийн босго тавьснаар малчдад ч, үйлдвэрлэгчдэд ч ашиггүй байсныг өнгөрсөн жилийн гашуун туршлага харуулсан. Энэ жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, ноолуурын салбарт эерэг хандлагууд гарна гэдэгт итгэлтэй байна. Бидэнд нэн тэргүүнд ноолуурын салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд хууль, эрхзүйн оновчтой зохицуулалт, цогц бодлого зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, угаасан ноолуурын экспортыг хориглох тарифын болон тарифын бус зохицуулалт хийх хэрэгтэй. Бүтээгдэхүүний 30-аас дээш хувиа экспортлож буй компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, урамшууллын тогтолцоо бий болгох, өндөр технологи бүхий тоног төхөөрөмж импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-17 66.181.161.27

Наад малчид чинь зовож яаваа хүмүүс шүү битгий ноолуурыг нь унагаах гээд бай тэгээ л цөөхөн хүмүүс дундаас нуг хийдэг

Avatar

tumur 2021-05-17 66.181.161.52

1. Эмээлт дээр ноолуураа тушааж байгаа малчин алга гэж бичжээ хөл хорионы үеэр явахгүй нь ойлгомжтой.
2. Ченж нь ярихдаа 1 кг ноолуур дээр 30-40.000 хардаг. Хамаг зардал нь тээвэрт гэсэн байна. Энэ худлаа. Хэдхэн ченж хэдэн аймгаа хуваагаад авчихсан байдаг. Сумдаараа, аймгаараа бөөндөж аваад өөрсдийн том оврийн машинаар зөөдөг. Санхүүгийн тооцоогоор 1 кг ноолуурт 2.000 төгрөгийн түлш ордог.
3. Үндэсний үйлдвэрүүд аваад угаагаад самнаад боловсруулаад утас ээрээд экспортод гаргадаг. Улсдаа татва

Avatar

Зочин 2021-05-17 192.42.116.13

Зуд зурхан болоод мал хүн үхэж байхад нөгөө хэдэн ноос ноолуур авдаг үйлдвэрүүд тусалж байна гэж сонсоогүй хэн хэндээ туслах ёстой юм зах зээлийн хүнд үед тэд нарт туслана гэж малчид ноолуураа үнэгүй шахуу өгч нөгөөдүүл дундаас нугалаа хийж баяжиж зуднаар дуусаж байгаа малчдаа хараад тавлаж суухуу. Монголын үйлдвэрүүдэд хятадаас илүү үнээр авах боломж байгаа тэд хүсэхгүй байна илүү илүү ашиг харж байна.

Avatar

Зочин 2021-05-17 64.119.18.39

Малчид ихэнхи орлогоо ноолуураас олдог. Монголын ноолуурын 80-90 хувийг Хятадууд ченжүүдээр дамжуулж авдаг. Мэдэхгүй юмаа хамаагүй хуцхаа боль малаа. Ядаж тэнэгээ нууна.

Avatar

Зочин 2021-05-17 192.42.116.13

Ноолуураа гадагшаа гаргаж гадаад худалдаагаа дэмжсэн дээр олон мянган малчин өрхийн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй сая зудаар хэдэн малчин алтан амиа өргөв дотоодын хэдэн шулагч үйлдвэрийн хамжлага боол шиг амьдарч болохгүй хэн үнэ авна тэр ноолууртай байна зах зээлийн шалгарал. Манайхан ноолууран цамц хийгээд эсвэл утас ээрээд адилхан үнээр Хятадууд шиг мөн хятадуудад зарж байж Монгол хүнийн хөдөлмөрийг үнэгүй шахуу авч нугалаа үүсгэж Монголчуудаа хохироож болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж