МАХН-ын ээлжит бус их чуулган өнөөдөр/2021.05.16/ хуралдлаа. Энэхүү их чуулганаар МАН болон МАХН-ууд нэг нам болох уриалгыг танилцуулж, нэгдэх асуудлыг хэлэлцжээ.
Чуулганд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцжээ. Тэрбээр МАХН-ын гишүүдэд хандан “ Хэдийгээр МАХН, МАН-ын гишүүд дэмжигчид тухайн үед нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлийн хувьд зарчмын өөр байр суурьтай байж одоогоос 10 жилийн өмнө тус, тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнөөдөр бид нэгдэн нийлж, нэг нам болж, туурга тусгаар Монгол Улсынхаа цаашдын хувь заяаны төлөө хамт зүтгэхээр боллоо. Ардын намынхаа, Ардын хувьсгалынхаа шинэ зууны түүхийн эхлэлийг бид хамтдаа эхлүүлж байгаагаараа гайхалтай сайхан өдөр болж байна" гэжээ.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэг нууцыг задлахад, гуравдугаар сарын 1-ний өдөр би У.Хүрэлсүх даргын гараас МАН-ын 100 жилийн ойн медалийг авсан. Одоо би МАХН-ын 100 жилийн ойн медалийг У.Хүрэлсүх даргадаа гардуулж байна. У.Хүрэлсүх дарга маань том сорилтод орж, сонгуульд нэр дэвшсэн. Тиймээс МАН, МАХН нэг цул болж, улс орныхоо төлөө томоохон үйл хэрэг бүтээнэ гэж дотроо бодож зорьж байгаа. Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгчийн сонгууль та бидний ялалтаар өндөрлөх болтугай” гэв. Ийнхүү Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр нэгдэн нийлсний дурсгал болгож, бие биеэ ойн медалиар шагнасан бололтой.
Холбоотой мэдээ