Хуучирсан мэдээ: 2021.05.16-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Мэнгэ голлов

Хуанлийн хуудас зуны эхэн сарыг заах болсон ч хаврын тэнгэр халтай хэвээр байна.  Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахалтай зэрэгцээд Монголын улс төрийн халуурал дээд цэгтээ тулж, монголчууд урагшаа хөгжихгүй ч уйдах завгүй амьдарсаар. Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг товчхон дүгнэвэл Монголын мэнгэ голложээ.

Л.Оюун-Эрдэнийн зуу хоногийн тайлангаар эхэлсэн  долоо хоногт олон үйл явдал өрнөсөн ч онцлох нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон мэдэгдэл, эсэргүүцэл, шийдвэр, шүүмжлэл байлаа. Товчхондоо, С.Зориг гэж хүний ясыг нь өндөлзүүлсэн улс төр 23 жил үргэлжилж байна. Цаашид ч үргэлжлэх биз, Ц.Нямдорж Төрийн ордонд байгаа цагт.

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуч гаруй сэтгүүлчдийн асуултад гурван цаг хариулахдаа өгсөн гол мессежүүдийн нэг нь намын даргын тамгаа авах бодолтой яваагаа шуудхан зарласан явдал. Мэдээж, энэ бол Монголын ард түмэнд гэхээсээ МАН-ын ах, дүү, найз нартаа хаягласан үг байлаа.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Монгол Улс Covid-19-ийн эсрэг вакцины татан авалтыг сайжруулж, нийт насанд хүргэгчдийн 82 хувь нь нэгдүгээр тунд, 42 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан нь түүний Засгийн газрын гол амжилт байв. Эдийн засгийн сайжруулах 10 их наядынхаа бодлогоо тайлбарлаж, цаашлаад ашиглалтад оруулах төмөр замын бүтээн байгуулалтаа онцолсон сайн мэдээллийн хажуугаар Засгийн газрын сайдууд саар улс төрөө ч хийлээ.  ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танхимынхаа зуу хоногийн тайлангийн үеэр “С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэж ялтан Ц.Амгаланбаатар хэлсэн” тухай ярьсан нь санамсаргүй үг биш болох нь дөрөв хоногийн дараа тодорхой болсон юм.

Ц.Нямдоржийн мэдэгдлийн эсрэг мэдэгдлийг Э.Бат-Үүл хийж, захиалагч нь Ц.Нямдорж өөрөө байж болзошгүй гэх гурван үндэслэл дурдлаа. Түүний мэдэгдлээс анхаарал татсан нь Ц.Нямдорж нь КГБ болон Хятадын тагнуулын аль нэг байж болзошгүй гэх хардлага.  Э.Бат-Үүлийн хэлснээр өнгөрсөн 23 жил МАН-ынхан С.Зоригийн үхлээр новшийн улс төр хийж байгаа нь үнэн. Нэн ялангуяа энэ хэргийн алуурчид, захиалагчид Ц.Нямдоржийг  тэтгэвэртээ гараагүй цагт илрэхгүй нь ойлгомжтой болов.

 С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагчийг олж, шийтгэх  нь бүү хэл гүйцэтгэгчдийг нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр тавиад явуулчихлаа.  Баасан гаригт Улсын дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэгт улсын прокурохын бичсэн дүгнэлтийг хаалттай хэлэлцээд тэднийг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн юм.

Шүүх алх цохихтой зэрэгцээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан зураг, бичлэг сошиалд хөврөв. Угаасаа ийм шийдвэр гаргах нь тодорхой, сэжигтнүүдийн гэр бүл үүнийг мэдэж байсан гэмээр үйл явдал нүд ирмэхийн зуурт  болж өнгөрлөө. Ингэлээ гээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар алуурчин биш болохгүй. Эсрэгээрээ  Ц.Нямдорж энэ хэрэгт холбоотой гэсэн ойлголт олон нийтэд төрүүлэв. Энэ шийдвэр, үйл явдал гэрч, сэжигтэн, тэднийг баривчилж, мөрдсөн хууль шүүхийнхний аюулгүй байдлыг хэн хамгаалах вэ гэсэн асуулттай үлдээлээ. 

Н.Алтанхуягийг нэр дэвшихийг бүртгэж авсангүй гэж анхлан зарласан өлсгөлөнгөө АН-ын бүлгийн гишүүд Мягмар гаригт гэнэт зогсоосон нь Ц.Нямдоржтой тохиролцсон байж мэдэх эргэлзээ үүсгэв. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдлэж байсан алуурчдыг суллахад Ерөнхийлөгч Ц.Нямдоржид туслах, эсрэгээрээ Ц.Нямдорж АН-ын тамганы маргааныг О.Цогтгэрэлийн талд шийдэж өгөх тохиролцоо явчихсан юм биш байгаа гэх хардлага С.Зоригийн хэргийг  тойрсон үйл явдлаас уншигдаж байна.

 УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжийн дагуу зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан тул өлсгөлөнгөө зогсоосон гэж өлсгөлөн зарлагчид мэдээлсэн.  Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг эсэргүүцэж, УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд долоо хоноод гэр, гэртээ харив.

Ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг гэх асуудалд нэр холбогдсон Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээсээ түдгэлзүүлэх шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос гаргасан нь долоо хоногийн дуулиануудын нэг байлаа. УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж шалгуулах боломж байтал намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн нь МАН-ынхны түр гал намжаах арга заль байж болох юм. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зуун хоногийнхоо мэдээллийн үеэр Ц.Анандбазар гэм буруугүйгээ шалгуулаад ирэхийг зөвлөсөн.  МАН-ын дарга У.Хүрэлсүх ч телевизийн ярилцлага орохдоо түүнд намын зүгээс хариуцлага ярих ёстой гэв. Маргааш нь Ц.Анандбазар МАН-ын бүлгээс хасагдав.

   Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус сурталчилгаа хэдийнэ эхлэж, гурван сая монголчууд гурван нэр дэвшигчийн төлөө олон нийтийн сүлжээнд "уралцаж" байна. Хар, цагаан пиарууд ч хөвөрсөөр. Олзуурхууштай нь цус судалдаг, эрлийз хурлийзаар нь дууддаг хар технологит иргэд автахаа больж, ийм пиар энэ удаагийн сонгуульд хол явахгүй шинжтэй.

МАН-ын дарга У.Хүрэлсүх  удтал нам гүм байсны эцэст камерын өмнө ил гарч, “Датаком”-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат амаа нээж, С.Эрдэнэ ардчилал, АН-ынхаа төлөө Х.Баттулгатайгаа байлдсаар. Ерөнхийлөгчийн сонгууль болтол дахиад дөрвөн долоо хоног байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж