
Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн захирагч Г.Мөнхбаярт хандаж зам засварын ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, чанаргүй зам барьсан компанийн нэрийг олон нийтэд ил болгож дахин зам барих ажилд оролцуулахгүй байх, эдэлгээ даалгүй богино хугацаанд эвдрэх чанаргүй зам барьсан компанид тухайн замыг эргэн засварлуулах, хариуцлага тооцох үүрэг өгч байсан. Гэтэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн хойд хэсэгт байх авто замын аюулгүйн тойргоос зуун айл хүртэл замыг барьсан компани нь нэг жилийн насгүй хэврэг зам барьсан нь өнөөг хүртэл бүрэн гүйцэд засвар хийгээгүй энхэл доголтой байсаар байна. Мөн баруун дөрвөн замаас Баянбүрдийн уулзвар хүртэлх замыг засч байгаа "Ялгуусан" зам засварын компанийн ажилчид заасан хугацаанд ажлаа амжуулах боломжгүй тухай ярьж байсан бол, Гурвалжингийн гүүрний засварын ажил гүүрний дам нуруу солиход төмөр замын ажилтай давхцаж ажил удааширч байгаа учир энэ сарын 25 гэхэд амжихгүй байж магадгүй гэж мэдэгдсэн байна. Ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн хичээл эхлэх хугацаа дөхөж байгаатай уялдаатай нийслэлийн хүн амын хөл хөдөлгөөн нэмэгдэх цаг ойрхон байгаа боловч ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар хэрэгжилт хангалтгүй байна.
Б.Алт