Улсын хэмжээнд вакцинжуулалт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны зорилтот бүлгийн хүн амын 50 гаруй хувь нь эхний тунгаа авчээ. Тодруулбал, вакцины нэгдүгээр тунд 1.758.608 хүн хамрагдсан байна. Мөн хоёрдугаар тунд 639.459 хүн вакцинд хамрагджээ.
Вакцинд хамрагдсан иргэдийн хувьд аялал зугаалгаар явах, орон нутагт зорчих зэрэг хөдөлгөөнд оролцох эрх нь үүсэх тул идэвхтэй вакцинд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж буй.
Тус яамны өнөөдрийн мэдээллээр АУ-ны доктор Д.Мандахнаран вакцины талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Синофарм компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байна. Монгол Улсын хувьд уг вакциныг хүлээн зөвшөөрсөн. Тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төв ямар ч вакциныг хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэж зөвлөсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болно гэсэн зөвлөмж байдаг. Судалгааны үр дүнд, вакцины гаж нөлөөгөөр сарын тэмдэг өөрчлөгдөхгүй, ийм зүйл гараагүй. Харин вакцин тариулсан хэсэг газар улайх, хавдах, бага зэрэг халуурах толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа юм. Вакцины дараа бага зэрэг толгой өвдөх шинж тэмдэг 14 хоног илэрч болно. Ер нь архаг суурь өвчнийг сайн эмчлүүлэх хэрэгтэй болов уу. Вакцины хариу урвал гэдэг нь, ерөнхийдөө 7-14 хоног хөнгөн зэрэг үргэлжилнэ. Үүнээс удаан хугацаанд үргэлжилбэл вакцины хүндрэл болно. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой. Зарим харшлын урвал 15 минутад гардаг. Синофарм компанийн “Вероцелл” вакцины тухайд харшлын урвал бүртгэгдээгүй" гэлээ.
Холбоотой мэдээ