ОХУ-ын Засгийн газар өчигдөр /2021.05.14/ АНУ болон Чех улсыг “найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтад оруулснаа албан ёсоор зарлаж, дипломат үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоосон байна.
“Найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтыг бий болгож, тэдгээрийн эсрэг хориг арга хэмжээ авах хуулийг өнгөрсөн 2020 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баталж байв.
Москва дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт Оросын иргэдийг ажиллуулахыг хориглож, Чехийн элчин сайдын яаманд ажиллах хүний тоог 19-өөр хязгаарлажээ. Ингэхдээ АНУ-ын талд наймдугаар сарын 1-нээс өмнө амжиж хоригийн шаардлагыг биелүүлэх хугацаа өгсөн байна.
АНУ-ын хувьд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа явуулсан, “SolarWind” компанийн системээр дамжин тус улсын төрийн болон хувийн байгууллагуудын сүлжээнд кибер халдлага зохион байгуулсан гэсэн шалтгаанаар ОХУ-ын эсрэг хэд хэдэн эдийн засгийн хориг тавьсан юм.
Харин Чех улс нь 2014 онд тус улс дахь зэвсгийн агуулах дэлбэрэхэд Оросын тагнуулын алба оролцсон гэж үзээд ОХУ-ын дипломатчдыг нутаг дэвсгэрээсээ хөөсөн билээ. ОХУ-ын зүгээс дээрх үйл явдлуудад ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдэж, хариу арга хэмжээ авахаа илэрхийлээд байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ