Хөл хориог сулруулж, нийслэлийнхэн хэвийн ажил амьдралын горимдоо шилжээд буй. УОК-ын өчигдрийн хуралдаанаар дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэв. Тодруулбал, кофе шоп, танхимын сургалт, фитнесс, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүд өнөөдрөөс хаалгаа нээж байна. Эдгээр газрууд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины 2-р тунгаа хийлгээд 14-өөс дээш хоног болсон, гэрчилгээгээ авсан иргэдэд үйлчлэх юм.
Ингэснээр өнөөдрийн байдлаар дараах салбарууд хязгаарлалтад байгаа юм. Үүнд,
- Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлана. Харин захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах, худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Алжаал тайлах төв
- Саун, бассейн нийтийн халуун ус,
- Зочид буудал,дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
УОК-оос аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаа. Тухайлбал, энэ сарын 22-ноос эхлэн хоол үйлдвэрлэл болон бусад салбарын үйл ажиллагааг нээхээр судалж байгаа аж.