Хятад улс анх удаа Ангараг гариг дээр судалгааны станцаа буулгасан байна. 2020 оны долдугаар сард дэлхийгээс хөөрч, энэ оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд орсон Хятадын "Tianwen-1" хөлөг өнөөдөр өглөө /2021.05.15/ анх удаа станцаа Ангарагт амжилттай буулгажээ.
Ингэснээр Хятад нь АНУ, ЗХУ-ын дараа Ангарагт газардаж чадсан дэлхийн гурав дахь улс болж байна. Мөн Хятад нь тойрог замын станц, газардагч станц, өөрөө явагч станц гурвыг нэг аяллаар хамтад нь Ангарагт илгээсэн анхны улс болж байна.
Хятадын “Zhurong” нэртэй станц Ангараг гаригийн эртний галт уулын чулуулгаар дүүрэн тэгш тал болох “Utopia Planitia” гэж нэрлэгддэг газарт буужээ. Энэ газрын хөрсөн доор усны нөөц байх магадлал өндөр гэж үзэж байгаа юм. Хятадын робот станц Ангарагийн усны нөөцийг судлахаас гадна хөрсний дээжийг нь энэ оны сүүлээр дэлхийд авчрахаар төлөвлөжээ.
Дэлхийтэй харьцуулахад маш сийрэг агаар мандалд нь орсон цагаас эхлээд газардах хүртэл долоон минутын хугацаа шаарддаг бөгөөд энэ долоон минутад Цельсийн 1,000 гаруй хэмийн халууныг тэсвэрлэж байж амжилттай газарддаг байна. Мөн газардахдаа уналтыг сааруулахын тулд эхлээд том шүхэр дэлгэж, дараа нь тийрэлтэт хөдөлгүүрүүдийг ажиллуулж байж Ангарагийн хөрсөн дээр аюулгүй газарддаг ажээ.
Ийнхүү амжилттай газардсан тул тус аппаратаар Ангарагийн 90 хоногт судалгаагаа хийж гүйцэтгэх ажил үлдэж байна. Ангарагийн нэг хоног нь дэлхийн 24 цаг 39 минуттай тэнцдэг. Хятадын "Zhurong" робот аппарат нь 2000-аад оны үеийн NASA-ийн "Spirit and Opportunity" роботтой төстэй бөгөөд 240 кг жинтэй аж.
Эх сурвалж: BBC, Space.com
Холбоотой мэдээ