Б.Дэлгэрсайхан: Эдийн засаг 1990 оны өмнөхөөсөө ч дордсон

Хуучирсан мэдээ: 2021.05.15-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан: Эдийн засаг 1990 оны өмнөхөөсөө ч дордсон

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


С.ГАНБАЯР: 32 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН 10 ХУВЬ НЬ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ

Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяртай ярилцлаа


-Зээлийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэлтэй байна вэ. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өссөн үү?

-Монголбанкны Зээлийн мэдээллийн санд 2021 оны гуравдугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгжийн 32 их наяд төгрөгийн нийт 2.1 сая ширхэг зээл, төлбөрийн мэдээлэл цугларсан байна. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өөрчлөлт бараг ороогүй гэж хэлэхэд болно.

-Жилд дунджаар хэчнээн хүний мэдээлэл “хар жагсаалт”-д ордог вэ?

-Банк, санхүүгийн салбараас иргэд, аж ахуйн нэгжүүд нийт 2.1 сая ширхэг зээл болон зээлтэй адилтган тооцох үйлчилгээ авсан байх бөгөөд үүний 10 гаруй хувь нь чанаргүй зээлийн түүхийг бий болгож байна. Зээлийн мэдээллийн сангийн нийт мэдээллийн 90 орчим хувь нь эерэг мэдээлэл байгаа тул “хар жагсаалт” гэж нэрлэх нь оновчгүй юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ 1990 ОНЫ ӨМНӨХӨӨСӨӨ Ч ДОРДСОН

Эдийн засагч Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


28 хоногийн хөл хорио дөнгөж тавигдлаа. Бүтээн байгуулалтгазар тариалангийн ажил ид эхэлдэг улиралд сар шахам хөл хорио тогтоосон нь эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Монголын эдийн засаг үндсэндээ хавар, намар гэсэн хоёр улиралд хамгийн идэвхтэй байдаг. Энэ нь манай орны эдийн засагт улирлын нөлөөлөл өндөр байдагтай холбоотой. Өвлийн улиралд барилга, уул уурхай зэрэг гол бүтээн байгуулалтын салбарууд зогсдог. Хаврын улиралд тухайн жилийн үйл ажиллагааны сууриа тавьж, намар нь түүнийхээ үр дүнг хүртдэг олон бизнес бий. Хамгийн өндөр идэвхжилтэй саруудын нэг болох дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон нь энэ оны эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой.

Уг нь 2020 оны дөрөвдүгээр улирлаас дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлсний үр дүнд 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн сэргэж, өсөлт өндөр гарах хүлээлттэй байна. Харин хөл хорио, цар тахлын тархалтаас шалтгаалсан өмнөд хилийн боомтуудын үйл ажиллагааны хязгаарлагдмал байдал нь үүнд сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаар бид дотооддоо цар тахлаа бууруулж чадахгүй, нөхцөл байдал хэвээр удаан хугацаанд үргэлжлэх юм бол дахиад л Монгол Улсын эдийн засаг болон төсөвт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнийг 2020 оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас хилийн хорио тогтоосны улмаас эдийн засаг хүчтэй агшсантай адилтгаж болох юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"АНХ АЖИЛЛАХДАА САНДРААД ШҮҮГЭЭНИЙ АРААР НУУГДЧИХСАН"

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Р.Солонготой ярилцлаа.


Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч гэхээр бусад тасгийн сувилагчаас ур чадвар болоод сэтгэлзүй шаарддаг байх?

-Тэгэлгүй яахав. Сувилагчаас мэргэжлийн ур чадвар, өргөн мэдлэгийг шаарддаг. Олон төрлийн оноштой, хүнд өвчинтэй хүмүүст тусламж үзүүлдэг учраас тэр болгоныг мэддэг байх ёстой. Ажлын ачаалал даах чадвартайгаас гадна сэтгэлзүй маш чухал. Эрчимт эмчилгээний тасагт хүнд хүн нас барна. Тэр болгонд хямрахгүйг хичээнэ.

Ажилд ороод удаагүй байхад нэг сувилагч эгчтэй ээлжинд гарсан. Тухайн үед эгч нар маань "Шинэ охин хүнд хоёр хүн авах ёстой" гээд хоёр хүн өгсөн. Нэг хүнийх нь бүх юм нь ойлгомжтой болсон байсан. Тэгээд ар гэрийнхний зөвшөөрлөөр нас баруулах төлөвлөгөөнд орчихсон байсан. Тухайн үед би эмээсэндээ хамт ажиллаж буй эгчдээ “Та миний нэг хүнийг авчих, би таны бүх хүнийг авъя” гэж гуйж байсан юм. Нөгөө хүн маань нас бараад, ар гэрийнхэн орж ирэхэд би дагаад л уйлж, ажлаа хийгээд явж байсан. Иймэрхүү асуудал шинээр орж байгаа залуу сувилагч нарт тохиолддог. Тэр болгонд туршлагатай сувилагч нар маань хэлж, сургаж, сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ХҮННҮГИЙН БУЛШНЫ ДУРСГАЛУУД ОЛОН АЙЛЫН ХАШААНД ОРСОН"

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.


-Археологийн үнэт олдворыг алт, мөнгөөр хэмждэг үе өнгөрсөн гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Гэвч, энэ үзэл амь бөхтэй байгаа. Түүхийн үнэт олдворууд сүйдэж байна. Археологичид өөрсдөө булш тоногчид болсон тухай  мэдээлэл цацагдсан?

-Археологичид өөрсдөө булш тоногчид байх боломжгүй. Мэргэжлийн хүнд тонуул хийх ёс зүй байхгүй болов уу. Цагдаагийн байгууллагын 2015 оны судалгаагаар улсын хэмжээнд соёлын өвийн эсрэг 26 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт орон нутгийн иргэд ямар нэгэн байдлаар оролцсон байгаа юм. Зарим нь хотоос ирсэн хүмүүс. Харин мэргэжлийн хүн нэг ч холбогдоогүй. Хүмүүсийн хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ археологич болох замналд түүхийн үнэт олдвороо хайрлах, хүндлэх үзэл суухаас биш, хувийн ашиг сонирхол хайх сэдэл гардаггүй.

Би энэ салбарт 20 гаруй жил ажиллахдаа түүхийн үнэт олдвороо шинжлэх ухааны ач холбогдол, үнэ цэнийг нь харснаас биш ашиг хонжоо хайсан нэг ч эрдэмтэн, судлаач, ажилтан харж байгаагүй. Тиймээс энэ асуудал зарим хүмүүсийн ойлгодгоос өөр болов уу.

Энэ талаар баттай нотолгоотой зүйл ярихгүй бол бүтэн салбарыг харлуулж, нийгэмд буруу ойлголт өгөх хор нөлөөтэй. Хүмүүс археологичдыг судалгааны ажлаар биш, хулгайч гэж харж эхэлбэл сөрөг үр дагавар нь их. Ийм асуудал гарсан байлаа гэхэд нийт олныг хамааруулж, харлуулж болохгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


МОНГОЛЫН АНХНЫ ЭРЧҮҮДИЙН САЛОН ЭРЭЛТТЭЙ БАЙНА

“Goo Park beauty” салоны захирал Д.Мөнхтуяатай ярилцлаа.


-Монголын анхны эрэгтэй хумсны арчилгаа, чимэглэл хийдэг салон нээгдээд удаагүй хэдий ч үйлчлүүлэгч ихтэй байгаа гэж дуулсан. Хэзээнээс үйл ажиллагаагаа нээсэн бэ?

– “Goo Park beauty” салон үйл ажиллагаагаа нээгээд нэг сар өнгөрч байна. Гэвч дөрөвдүгээр сарын 8-нд хатуу хөл хорио тогтоогоод, энэ сарын 8-нд сулруулах хүртэл нэг сарын хугацаанд завсарласан. Ингээд бодохоор нэг сар 10-аад хоногийн турш үйл ажиллагаа явуулж байна.

-Хатуу хөл хорионы улмаас үйлчилгээний газрууд, тэр дундаа гоо сайхны салонууд ажиллах боломжгүй байлаа. Энэ амаргүй цаг үед бизнес эхлүүлэхэд ямар байв?

-Covid-19 цар тахал гэдэг аймшигт өвчин Монголыг төдийгүй дэлхийг сорьж байгаа энэ хэцүү үед зөвхөн гоо сайхан гэлтгүй бүх л бизнесүүд тодорхой хэмжээнд хумигдлаа.  Энэ үед шинэ бизнес эхлүүлж таарсан нь их хүнд туссан. Гэхдээ ерөнхийдөө цар тахлын тухай мэдэж байсан учраас урьдчилан эрсдэлүүдээ тооцоолж, бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө гаргасан байсан учир саадыг амжилттай давж байна. Гэхдээ үйл ажиллагаагаа эхлээд дөнгөж нэг сар болж байхдаа хатуу хөл хорионы улмаас завсарласан нь зөвхөн манай байгууллага гэлтгүй олон бизнест их төвөгтэй байлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ ИРГЭДИЙН САНАЛЫГ СОНГУУЛИЙН ӨДӨР ТООЛНО

Сонгуулийн ерөнхий хорооны Сонгогчийн боловсрол сургалтын төвийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.


-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн саналыг авахаар болсон. Тиймээс гадаадад байгаа иргэдийн саналыг авах бэлтгэл хэр хангагдаж байна. Гадаадад байгаа иргэд сонгуулиа яаж өгөх вэ?

-Гадаадад амьдарч буй иргэд санал хураалт өгөхөөс өмнө бүртгүүлдэг. Бүртгэл 20 хоногийн /2021.04.20-05.09/ хугацаанд үргэлжилнэ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтаар  иргэд заавал биечлэн саналаа өгнө. Энэ жил бүртгэлийг уян хатан нөхцөл байдлаар зохион байгуулж байна.  Иргэд биечлэн очих болон цахим шуудан, шуудан, факс гэсэн дөрвөн төрлөөс сонгож хэрхэн санал өгөхөө бүртгүүлэх ёстой. Ер нь гадаадад амьдарч буй  иргэдээс цахимаар бүртгэлээ өгөх боломжтой юу гэсэн санал их ирж байна. Одоогоор  гадаад дахь иргэдийн нэрийн жагсаалтыг баталгаажуулж эргүүлэн салбар комиссууд руу хүргүүлэх ажил үргэлжилж байгаа. Санал авах байрыг салбар комиссууд бэлдэж зохион байгуулна. Санал авах байрны бэлтгэл ажил хангагдаж дуусч байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж