Халдварт өвчин судлалын үндэсний төв өнөөдөр/2021.05.14/ төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эмч, сувилагч нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:
-Таван гавьяат төрсөн нь манай байгууллагын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. Манай байгууллагын үйл ажиллагаа дэмжин ажиллаж буй бүх хүмүүстээ талархал илэрхийлье. ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалт судалгаа, лаборатори, сувилахуй дэмжих, вакцинжуулалт гээд чиглэл бүрээс гавьяатууд төрлөө. Саяхан хүчилтөрөгчийн үйлдвэрээ ашиглалтанд оруулж чадлаа. Удахгүй вакцинжуулалт, био бэлдмэлийн маань байгууламж ашиглалтанд орно. Тавдугаар сардаа багтаагаад BCL-3 буюу био аюулгүй ажиллагааны олон улсын III зэрэглэлд нийцсэн лабораториа ашиглалтанд оруулах гэж байна. Мөн илүү цагийн мөнгийг олгох болон бусад зүйлүүд дээр Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар дэмжин ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлэн гавьяат, алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн хүмүүстээ баяр хүргэе. Халдварын тохиолдол, цар хүрээ нь буурч байна. Удахгүй Монгол эх оронд сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна. Гавьяат цол хүртсэн ХӨСҮТ-ийн ахмад эмч А.Амбасэлмаа, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, вирусологийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа, сүрьеэгийн клиникийн эрхлэгч З.Мягмаржав, ХӨСҮТ-ийн сувилагч Б.Хандмаа нарт баяр хүргэе, амжилт хүсье. Мөн алтан гадас одонгоор шагнуулсан их эмч Д.Байгалмаа, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан Д.Наранцэцэг, Д.Отгонсүрэн, М.Соёл-Эрдэнэ гээд та бүгдэдээ баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Эмч, эмнэлгийн ажилтнуудын орчинг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, илүү цагаар ажиллаж буй хүмүүсийн хангамжийг шийдэх байна. Олон дотор сайнтай муутай гэдэг шиг алдаа дутагдал гарч байгаа. Ойрын хугацаанд лабораторио ашиглалтанд оруулах ёстой. Засгийн газар 3.9 тэрбум төгрөгийг ХӨСҮТ-д төсөвлөсөн.
Холбоотой мэдээ