Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.14) нэгдсэн хуралдаан 10.00 цагт 47 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зарим зохицуулалтад хийсэн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тодорхойлсон хэрэгцээ шаардлагад үндэслэсэн төслийг боловсруулсан байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Улсын хэмжээнд 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс 3311 нь нийслэлд, 3375 нь орон нутагт байдаг байна. Тодруулбал, камерын хяналт шаардлагатай цэгүүдээс нийслэл 17.8 хувь, аймгуудын төвүүд 16.1 хувьд нь хяналтын камер суурилуулсан байдаг аж. Камерын хяналттай орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үр дүн байдаг ч теле хяналтын тасралтгүй тогтмол хяналт байхгүй, теле хяналтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий цогц систем бүрдээгүй, теле хяналтын дүрс бичлэгийн техник, хэрэгсэл ашиглалтын шаардлага, стандарт хангахгүй, бүрэн ажиллахгүй зэргээр гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа асуудлууд гардаг болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан ч 4216 нь ажиллаж байгаа, үүний 1251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 нь огт ажиллахгүй байгааг төслийн танилцуулгад дурдав.
Хяналтын камер, техник, хэрэгсэлд арчлалт хамгаалалт хийдэггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүй зэрэг асуудлуудаас үүдэн нөхцөл байдал ийм байгааг төслийн танилцуулгад дурджээ. Камерын хяналтгүй орчинд гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлээд “Нийслэлд 5008 цэгт 20.032 камер, аймгуудын төвийн 3339 цэгт 13.356 камер нэмж суурилуулах шаардлагатай” гэсэн тооцоог танилцуулав. Иймд, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгохоор торгох ял, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлснээр төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар, түүнчлэн энэхүү хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.
Мөн нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх агуулга бүхий зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна.
Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын статус болон санхүүжилтийг тодорхой болгосон эрх зүйн орчинг бүрдүүлэх нэмэлтийг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулав. Зохицуулах зөвлөлийн ажлын албаны 15 албан хаагчийн цалин хөлс болон бусад урсгал зардлын тооцоог Зөвлөлийн ажлын албанаас өгсөн мэдээлэлд үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зардал тооцох аргачлалын дагуу хийж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгосон хэмээн танилцууллаа.
Төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй юм.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Булгантуяа, Ш.Адьшаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь камерын хяналт хэдий ч үүнийг нөгөө талд нь эл системийг ашиглан, хүний эрхийн зөрчих асуудлууд гарсаар байгааг тодотгоод, төсөл санаачлагчид үүн дээр ямар шийдэл, зохицуулалт тусгасныг гишүүд асууж байв. Монгол Улсын цахим харилцааны эрх зүйн суурь зохицуулалт болох Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд, ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг Х.Нямбаатар сайд хэлж байв. Эдгээр төслүүдээр аливаа төрлийн камерын системийн хяналтаар хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгасан болохыг тайлбарласан. Тухайлбал, тухайн иргэний хувийн мэдээлэлд хөндлөнгөөс хандах, халдах, хэн нэг нь мэдээллийг нь авах тохиолдолд иргэний цахим шууданд анхааруулга, сэрэмжлүүлэг зурвас ирэх юм байна. Хууль бус хандалт, халдлага байгаа тохиолдолд иргэн эрхээ хамгаалуулахаар хууль хяналтын байгууллагад ханддаг болно гэв. Үүний зэрэгцээ хууль бус бичлэг хийдэг, мөрддөг, тагнаж, чагнадаг асуудлыг цэгцлэхээр хариуцлагыг чангатган, Эрүүгийн хуульд холбогдох зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгаагаа хэлсэн. Янз бүрийн дүрс бичлэг, гэрэл зураг, дуу бичлэг нь хууль хяналтын байгууллагын нотлох баримт болох эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа “Хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулсан баримт, сэлтийг л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтаар ашиглах хуулийн зохицуулалттай, хууль бусаар тагнаж, чагнасан тохиолдолд тэдгээр баримтууд нь нотлох баримтын түвшинд үнэлэгдэхгүй” гэлээ.
Цагдаагийн ажилтнуудын энгэрийн камерын бичлэгтэй холбоотой асуултуудад тэрбээр хариулт, тайлбар өгөв. Манай улсын цагдаагийн байгууллага 2010 оноос хойш цагдаагийн ажилтнуудад энгэрийн камер зүүж, ашиглаж эхэлсэн байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ гав, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар чийдэн, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хэрэгсэл зэрэг иж бүрдэл бүхий агсамжаар хангагдах бөгөөд тэдгээрийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ” хэмээн заасан байдаг. Харин Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журмыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлан, мөрддөг, өнөөдрийн байдлаар 3600 камер орчим энгэрийн камер ашиглаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн.
Хэлэлцэж буй төслийн зардлын тооцооны талаар тодруулахад, улсын хэмжээнд нийтдээ 60.000 камер шаардлагатай гэдэг мэдээллийг өгөв. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ шаардлагыг үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжинд нийслэл дэх нийтийн эзэмшлийн 5008 цэгт 20032 камер, орон нутагт буюу аймгуудын хувьд мөн нийтийн эзэмшлийн 3339 цэгт 13.356 камер байршуулах шаардлагатай юм байна. Эхний ээлжний эдгээр 33.000 камерыг хувь хүний нууцад илтэд халдах байршлаас бусад нийтийн эзэмшлийн орчинд суурилуулахаар төлөвлөсөн гэлээ. Түүнчлэн төсөл батлагдаад, хууль хэрэгжих тохиолдолд дээрх тооны камеруудыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хяналтын камер стандарт (MNS 6423:2019)-д нийцсэн байхаар төлөвлөөд байгааг танилцуулж байв. Холбогдох судалгаа, мэдээллээр камертай орчинд гэмт хэрэг үйлдэгддэггүй хамаарал байгааг хэлж, “Теле эргүүл” хэмээн нэрлэж буй энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчил буурах, түүнчлэн цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний ажил, үүргийн хуваарьт өөрчлөлт орох, эргүүлийн цагдаагийн орон тоо буурах зэрэг ач холбогдол гарна хэмээн тооцсон гэв.
Улсын хэмжээний камерын хяналтын нэгдсэн теле системтэй болоход 300 гаруй сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн үндсэн зардал, үүн дээр урсгал зардал нэмэгдэнэ. Одоогоор аймаг, дүүргийн ИТХ-ууд торгуулийн орлогын 40 хувийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарцуулдаг бөгөөд үүний 20 хувийг камерын хяналтын теле системийн шинэ суурилуулалт, ашиглалт, арчлалтад зарцуулахаар төсөлд тусгасан гэлээ. Камержуулалтыг хийхэд дэд бүтцийн асуудлыг давхар шийдэх шаардлагатай гэдэг саналыг Х.Булгантуяа гишүүн хэлж байв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “…Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн байдгийг Ш.Адьшаа гишүүн хэлж, улсын хэмжээний камерын хяналтын нэгдсэн теле систем нь иргэний энэ эрхийг зөрчих эрсдэлтэйг онцолж хэлж байлаа. Торгуулийн орлогоос гэж тодотгож буй нь оновчтой эсэхийг Ж.Ганбаатар гишүүн тодруулаад “Төр буюу цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, бууруулах зорилготой ажиллах, ингэснээр иргэдэд оногдуулах торгуулийн шийтгэл жил бүр буурч байх ёстой” гэдгийг хэлж байлаа. Улсын хэмжээний камерын хяналтын нэгдсэн теле системийг хийх санхүүжилтийн эх үүсвэрийг олон талаас нь судалж, гарц шийдлийг эрэлхийлж байгаагаа Х.Нямбаатар сайд хэлээд “Цагдаагийг байгууллагын үндсэн зорилго бол гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх юм” гэдгийг онцлон тайлбарлаж байв.
Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Булгантуяа, Н.Алтанхуяг, Ц.Цэрэнпунцаг нар илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж, үг хэлсэн. Ингээд гишүүд үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүйг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 64 гишүүний олонх нь дэмжээгүй юм. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжлүүллээ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Дараа нь Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, тандан судалгаанд тусгагдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, төслийг боловсруулсан байна.
MNS 52742017 стандартын дагуу ломбардын үйл ажиллагааг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй тул барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарсныг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав.
Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг төдийгүй үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхойгүй, орлого нь холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагтай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Эдгээр нь иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрснийг Х.Нямбаатар сайд төслийн танилцуулгын үеэр мэдээллээ.
Төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлтэй хамт Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түхай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд Иргэний хууль нь хувийн эрх зүйн харилцааны суурь хууль болохын хувьд тус хүульд өөрчлөлт оруулснаар хувийн эрх зүйн харилцааны бусад хуульд хэрхэн нөлөөлөх, түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороонд шинэ чиг үүрэг бий болж байгаатай холбогдуулан орон тоо нэмэгдэх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтооход баримтлах шалгуур үзүүлэлт, одоогийн нөхцөл байдлын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нэг эзэнтэй хэд хэдэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь сүлжээ болсон, хүлгайн эд зүйлийг барьцаалах асуудал болон барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр борлуулдаг зэрэг асуудлуудыг хэрхэн зохицуулах, түүнчлэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны хүүгийн дээд хэмжээг хэд байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулсан талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг мөнгөн зээлийн үйл ажиллагаанд оролцогч болох зээлдэгч, зээлдүүлэгч нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулалгүй хуулийн төслийг боловсруулсан нь учир дутагдалтай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяатай хамтран боловсруулж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байхаар зохицуулсан нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг цэгцлэх эхний алхам байсан талаар онцолж, төрийн өндөр албан тушаалтан банк бус, санхүүгийн байгууллага, мөнгөн зээлийн аливаа үйл ажиллагаа явуулах, үунтэй холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшихийг хориглох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай талаар санал хэлсэн байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 73.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Х.Булгантуяа нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан. Харин төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь хүн төрөлхтний санхүүгийн харилцааны түүхэнд байсаар ирсэн, манай тохиолдолд одоогоор ямар нэг зохицуулалтгүй, нэг талын буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлчлүүлэгч иргэний эрх ашгийг зөрчсөн хэлбэрээр явагдаж байгааг хэлээд “Энэ төрлийн харилцааг зохицуулах, талуудын эрх, үүргийг тэнцвэржүүлэх гэж байгаа гэдэг үүднээс төслийн зохицуулалтыг харах ёстой” хэмээлээ.
Төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн, гишүүн үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 65.6 хувь нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ